
Хөөрхий дөө, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын зам мөр эхнээсээ шулуудаж байгаа бололтой. Учир нь өөрийгөө хэчнээн “Би буруугуй” гээд ч түүнд холбогдох хэргүүд өдөр ирэх тусам улам нэмэгдсээр байна.
Дээрх хэргээс болж УИХ-ын дарга З.Энхболд түүн¬тэй ганцаарчлан уулзаж “Гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн саналаараа татгалз” гэх санал тавьсан тухай эх сурвалжууд мэдээлж байсан.
Мэдээж сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүд янз бүрийн хэрэгт орооцолдсоноос болж З.Энхболдыг ийм санал тавихад хүргэсэн байх гэж зарим гишүүд хүртэл ярьцгааж байв.
Энэ бүхнээс харахад Ё.Отгонбаяр өөрийн саналаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад хүрвэл түүнийг шууд цагдан хорих нь ойлгомжтой. Тэгэхээр гишүүн буруугаа хүлээн зөвшөөрч чадах эсэх, огцрох өргөдлөө өгөх үү гэдэг нь анхаарал татаж эхлээд байна.
О.Эрдэнэсолонгыг их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн 461 дүгээр хорих ангид саатуулсан ч Ё.Отгонбаяртай холбоотой нотой, ноцтой мэдээллүүд хууль хяналтынхны гарт баримттайгаар орж ирж байгаа учраас гишүүнийг хааш нь ч хөдөлгөхгүйгээр барьж байна гэж хэлэхэд болно.
Түүний мөнгө угаасан гэх эл хэрэгт олон хүн чирэгдэх болоод байна. Тодруулбал өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагт УМБГ-ын мөрдөн байцаагчид БШУЯ-нд нэгжлэг хийж архивт нь шалгалт хийжээ.
Тэдний хийсэн шалгалт нь Ё.Отгонбаярын сайд байх үеийн хуучин нэрээр нэрлэгдэж байсан яамны тендерийн холбоотой бүхий л бичиг баримтыг нэг бүрчлэн гаргуулж авч явжээ.
Тэгэхээр тухайн үед хийгдэж байсан тендерийн маш олон булхай илчлэгдэх нь гарцаагүй гэж олон хүн үзэж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт цагдаа, прокурорынхон гишүүний эхнэр О.Эрдэнэсолонготой холбоотой мэдээллийг хийсэн бол өчигдөр УМБГ-аас Ё.Отгонбаяртай холбоотой нэлээд хэдэн ноцтой шинэ хэргийн талаар УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хууль бус үйлдлүүд шалгалтын явцад илэрсэн. Шалгалтын явцад иргэн Ч-г Энхтайвны гүүрэн дээр бүлэг этгээдээр зодуулаад машиныг нь авсан гэх баримт илэрсэн.
Хамгийн ноцтой нь Ё.Отгонбаярыг бусдаас авлига авсныг гэрчлэх хэд хэдэн ноцтой баримт гарч ирсэн байна. Тиймээс дээрх баримтуудыг үндэслэн түүнийг цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авах гэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь бидэнд саад болж байна.
Мөн шалгалтын явцад эхнэр О.Эрдэнэсолонго нь 21 биш 26 данстай байсан нь тогтоогдсон” гэв. Түүнчлэн албаныхны мэдээлж буйгаар зарим намын зүгээс янз бүрийн дарамт шахалт их ирж байгаа учраас мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэх үүднээс дээрх мэдээллийг олон нийтэд албан ёсоор мэдээлэхээс өөр аргагүйд хүрлээ гэж ярьсан.
Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд иргэн Ч-гийн өгсөн гомдлын дагуу гишүүнийг шалгахад түүний өгсөн мэдүүлэг нь үнэн зөв байсан аж. Тухайлбал Ч-г зодсон, түүнд бусдаар дамжуулан 230 сая төгрөгийн хахууль өгөхийг санал болгож зуучилсан хүмүүс нь бүгд энэ хэргийг гэрчилж байгаа гэнэ.
Энэ бүх ажиллагаа мөрдөн байцаалтын шалгалтын явцад илэрсэн учраас Ё.Отгонбаярыг шалгах шаардлагатай болсон. Тэгэхээр цагдаагийн байгууллага УИХ-ын гишүүнийг хүн захиалгаар зодож, авлига өгөхийг завдсан гэх мэдээллийн дагуу шалгаж байсан байна.
Гэтэл эхнэрийнх нь данснаас их хэмжээний мөнгө илэрсэн учир эхнэрийг нь баривчилсан бололтой. Үүнээс харахад мөнгө угаасан, хүн зодсон, авлига өгөхийг завдсан авах гэж оролдсон гэх зэрэг олон асуудлууд гарч ирж байна.
Мөн түүнийг шалгахын тулд Монголбанкны Санхүү¬гийн мэдээллийн албанаас тодорхой мэдээлэл авч, мөрдөн байцаалтын явцад нотлох баримт цуглуулсан юм билээ.
Анх уг хэргийг шалгах явцад Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын дөрвөн банкин дахь 26 дансаар их хэмжээний гүйлгээ орж, гарсан нь тогтоогдсон юм билээ.
Тодруулбал 2010 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 300 сая, 420 сая, 338 сая, 80 сая төгрөг дараалан О.Эрдэнэсолонгын дансанд орж, дахин хоёр дансаар дамжин өөр банкны нэг дансанд төвлөрч, улмаар төвлөрсөн мөнгийг хэн авсан нь мэдэгдэхгүй бэлнээр гаргасан байдаг.
Яг ийм байдлаар их хэмжээний мөнгө орж, гарсан нь хөдлөшгүй баримтаар тогтоогдоод байгаа юм билээ. Одоогоор О.Эрдэнэсолонгын мөнгө байршуулсан гэх дөрвөн банкны хоёр нь дампуурсан банкны тоонд ороод байгаа.
Гэхдээ хэдийгээр “Зоос”, “Анод” банк дампуурсан ч нөгөө хоёр банкны санхүүгийн мэдээлэл нь дансанд хоёр талаас орж гарсан мөнгөний хэмжээг шалгаж байгаа. Тиймээс мөнгөний хэмжээ хэд ч байж болно гэсэн хөдөлбөргүй баримтуудыг дэлгэж байсан.
Энэ бүхнээс харахад гишүүний эхнэрийн нэр дээр байгаа 26 дансаар орж гарсан ийм хэмжээний мөнгөн гүйлгээнүүдийг ямар учиртай, угсаа гарвал нь хаанаас үүдэлтэйг О.Эрдэнэсолонго өөрөө л тайлбарлаж чадна.
Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлснээр дээрх Монголын гэгдэх дөрвөн банкнаас гадна гадаадын 16 банканд мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээллийг ч өгч байсан.
Гэхдээ гадаадын 16 банкны талаар албаныхан юу ч хэлээгүй учраас үнэний магадлалтай гэж хэлэхэд бас хэцүү. Ямартай ч өдөр хоногоор Ё.Отгонбаяртай холбоотой шинэ хэргүүд ар араасаа нэмэгдсээр байна.
Гэхдээ нэгэн цагт хэдий хэрийн мөнгийг зөвхөн монголдоо угаасан уу, гадаадын аль нэгэн банкинд угаасан уу гэдэг нь л тодорхой болох нь дамжиггүй. Эхнэрийнх нь нэр дээр 26 данс буй хэрнээ Ё.Отгонбаярын гэх нэг ч данс үгүй байгаа нь яах аргагүй сонирхол татах л асуудал.
Р.Саруул
Эх сурвалж:
Эх сурвалж: ugluuniisonin.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна