
Монгол Улсын Ерөнхий¬лөгч Ц.Элбэгдорж одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2009 оны зургаадугаар сарын 18-нд тангаргаа өргөсөн. Ингэснээр Монголын ард түмэн дөрөв дэх тэргүүн хатагтайн нүүрийг үзсэн билээ. Хажидсүрэнгийн Болормаа гэх энэ эмэгтэйн хувьд Ш.Цэвэлмаа, А.Оюунбилэг, О.Цолмон нараас ялгарах өөрийн гэсэн онцлогтой.
Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн гэргий Хажидсүрэнгийн Болормаа. Тэ¬гүүн хатагтайн аав Ж.Сүхбаатар гэж геологич хүн байсан юм билээ. Гэвч яагаад ч юм ээжээрээ овоглодог. Харин Х.Болормаа хатагтай өөрөө инженер, гео¬химич мэргэжилтэй. Товчхондоо удам дамжсан геологигийнхон. Ялангуяа “чулууны үнийг мэддэг хүмүүс” гэдгээрээ онцлогтой. Тиймээс ч эгэл боргил гэр бүлд өссөн энгийнээс энгийн гэж тодорхойлж болох төлөв даруу Х.Болормаа бүсгүй ямархан “чулуу” олж атгасныг эргэн харахад сонирхолтой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгогчид “Манай Эби” гэж өөриймсдөг. Нээрээ ч “манай Эби” тусгаар тогтнолын өдөрт зориулсан нэгэн үдэшлэгт ганцхан сайхан шүлэг уншаад л Х.Болормаа бүсгүйн “зүрхэнд” онож дөрвөн сайхан хүү “хүзүүнээс нь сондор” болгон зүүж өгч дархан бэр болгон аргамжаад авахаа эс андах. Гэвч хань нь түүнийг дандаа л баярлуулаад байсангүй. Хүний амьдрал л болсон хойно жаргал, зовлонгоос нь хамт үүрэлцэж ямар сайндаа л хань нь “Олуулаа болоод эргэж ирнэ” гээд Ерөнхий сайдын албаа өгсөн даруйд ажлаасаа халагдаж байх вэ.
“Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр нөхрөө АНУ-д суралцаж байх үеэр сувилахуйн чиглэлээр суралцаж байсан. Нийтлэл хүртэл бичиж “үзгийг нь булаалдаж” явсан овтой энэ хатагтай УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунтай нэг өдөр төрсөн юм билээ. Харин түүнийг АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обаматай мөн нэг өдөр төрсөн гэдэг ч ганцхан хоногийн зөрүү гараад байдаг юм.
Тэрбээр Монгол Улсын Тэргүүн хатагтай болсныхоо дараа “Болор сан” ТББ-аа байгуулж 2010 оноос хойш 22 хүүхдийг асран хүмүүжүүлж буй. Мөн. “Итгэл-хавдаргүй Монгол” үндэсний тэргүүнээр ажиллаж байна.
Х.Болормаа хатагтайн зургийн цомгийг үзэхэд тухайн үеийн залуусын хэв маягийг илтгэсэн ажил хэрэгч хэрнээ дэгжин загварууд ноёрхож буйг харж болно. Тэгээд ч тэр үеийн Х.Болормаа бүсгүйд донжтой нь аргагүй зохисноос харахад тэргүүн хатагтай маань тун чиг гоолиг, аятайхан эмэгтэй байж. Харин одоогийн Тэргүүн хатагтай монгол үндэсний хувцсаа өнгө солин өмсөж, намба заан дэгжирхэж буй нь сэтгэлд дулаан санагддаг.
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн гэргий Бандихүүгийн Болормаа. Түүнийг волейболын спортын олон улсын хэмжээний мастер гэдгээр нь сонгогчид андахгүй. Тэгээд ч наадмаар голдуу олны нүдэнд өртдөг болоод ч тэр үү монгол дээлтэй, эсвэл спорт хувцастай байгаагаар л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс харж байв. Харин тэрбээр Монгол Улсын Тэргүүн хатагтайд “нэр дэвшиж” эхэлснээсээ хойш анхаарал татахуйц шинэ дүр төрхтэйгээр үзэгдэх болоод байна. Тансаг материалтай, дэгжин даашинз, эсвэл урьд хожид харагдаагүй өвөрмөц загварын дээлтэйгээр намирсан, гоёсон түүний шинэ дүр төрх олон нийтийн харааг булааж эхлээд байгаа.
Б.Болормаа хатагтайн хувьд айлын өргөмөл охин бөгөөд 120 мянгатад төржээ. Түүнийг өргөж авсан аав Б.Бандихүү нь “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн бригадын дарга, цэрэг саравчтай малгайтай хүн. Төрсөн аав нь улсын заан Д.Барамсай гэж бөхийн шүүгч байсан аж. Харин Б.Болормаагийн ээж нь Ц.Бадамсэрээжид арслангийн дүү гэдгээ бүр хожуу мэдсэн гэдэг . Мөн Б.Болормаа хатагтай ч өргөмөл гэдгээ аравдугаар анги төгстлөө мэдээгүй аж. Тэрбээр нэгэнтээ “Аав минь заан цолтой ч би бөх хүнтэй сууна гэж зүүдлээ ч үгүй” гэж ярьсан байдаг. Ер нь “зүүдлээгүй явсан” үйл явдал ойрд олон болоод байгаа нь сонин юм шүү. Харин одоо тэрбээр Тэргүүн хатагтай болно гэж зүүдэлж эхэлсэн болов уу, яасан бол. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ гурван охинтой. Эхнэртэйгээ нийлээд дөрвөн “маа”-тай амьдарч яваа. Б.Болормаа “Ээжийн хувьд охидоо алдар нэртэй хүний хүүхдүүд гэхээс илүү өөр өөрсдийнх нь тавилан, хүсэл зоргоор өсгөхсөн гэж хүсдэг” гэсэн байдаг.
Тэргүүн хатагтай Х.Болормаа дасал болсон үсний богино засалтынхаа тухай ярьж байгаагүй. Харин тамирчин хатагтай Б.Болормаа “Бусад хүн зохиж байна гэдэг ч өөрт амар байдаг болохоор богино үсэндээ дасчихсан” гэсэн удаатай. Мөн гоо сайхны мэс заслыг буруутгахгүй ч охид эртнээс будаг шунх хэтрүүлэн хэрэглэх болсонд таагүй ханддагаа нуугаагүй. Овортой үнэт эдлэлд дургүй. Гэр бүлээрээ биерхүү учраас “ТБД андууд” дэлгүүрээс сонголтоо хийхээс татгалздаггүй гэхчлэн илэн далангүй яриа дэлгэжээ.
Ямартай ч халхын их аваргаас тэгтлээ намхан харагддаггүй тамирчин бүсгүйд “Тэргүүн хатагтайн алдар хямдхан олдохгүй” нь лавтай.
Нэр дэвшигч Н.Удвалын нөхөр Нууцлагдсан “н.Даваа хурандаа”. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн нэр дэвшигчдийн “арын фронт”-ынхныг танилцуулж буй энэ дугаартаа анх удаа эр хүн танилцуулахаар боллоо. Үүнийг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгэн онцлог ч гэж хэлж болох юм. Хэвлэлийнхэн МАХН-аас Н.Удвал сайдыг нэр дэвшүүлэх тухай мэдээлэл гармагц “Хэрэв эмэгтэй Ерөнхийлөгчтэй болбол нөхрийг нь хэн гэх вэ. Тэргүүн ноён гэх үү” хэмээн шуугиж эхэлсэн. Гэвч эхлээд нэр дэвшигч сонгуульд ялах хэрэгтэй. Ялалтын дараа ханьд нь өгөх хүндэтгэлийн цол хэргэм олдох биз. Тэгээд ч ялуулахын тулд сонгогчид нэр дэвшигчийн хувь, хувьсгалын цадиг түүхийг дэлгэрэнгүй мэдэх эрхтэй.
Нэр дэвшигч Н.Удвал энэ талаар үг унагах тун дургүй. Үнэн хэрэгтээ хүний хувийн амьдрал бол хамгийн нандин орон зай, үнэт зүйл. Гэвч бүх ард түмэн сонголтоо мэдэж байж хийх эрхтэй учраас яах аргагүй дэлгэх л болдог билээ. Н.Удвал сайдын хэлснээр бол “Нөхөртэйгээ ханилаад хоёр хүүгийн ээж аав болсон. Тэд маань үр хүүхэдтэй болж бид хоёр эмээ өвөө болсон” гэжээ. Хүүхдүүдээ нас, биед хүргэж тусад нь гаргасан хоёр эдүгээ залуу хосууд шиг л чөлөөт цагаа байнга хамт өнгөрүүлдэг баймаар. Гэтэл улстөрчийн гэр бүл гэдэг өөр аж.
Дашрамд дурьдахад Н.Удвал хатагтайн нөхөр н.Даваа хурандаа нэгэнтээ эхнэрээ улс төрд “улайран” Төрийн тэргүүний эрх мэдлийн төлөө, шударга ёсны тэмцлийн төлөө зүтгэж буйд их л санаа зовж дургүйцдэг тухайгаа үг унагасан байдаг. Бас нөхөр нь бизнес эрхэлдэг учраас намаа “хөл” дээрээ тогттол цалин авахгүй гэсэн бодолтой байдаг хэмээсэн нь анхаарал татсан. Үүнээс өөр мэдээлэл одоохондоо төдийлөн олдохгүй байгаа. Тэр ч байтугай сонгогчид нэр дэвшигч Н.Удвалын ханийнх нь нэрийг ч тэр бүр мэдэхгүй. Эсвээс хоёр өрсөлдөгчийнх нь “ар тал”-ууд алган дээр тавьсан мэт илхэн болохоор ийнхүү ханиа “нууцлах” нь түүний хувьд олны анхаарлыг өөртөө татах нэг тактик ч байж болох юм. Эх сурвалжуудын хэлж буйгаар “Армийн хурандаа Даваа” гэдэг нэр л дуулдаад байгаа. Ямартай ч хань нь намын дарга, үе тэнгийн насны Н.Энхбаяр гэгч “тэнгэрийн амьтан” байсан хүний төлөө амиа золихоос буцахгүй тэмцээд яваагийн учрыг олж чадаад, тэр ч байтугай шаардлагатай үед жолоочийг нь хүртэл хийгээд байгаагаас харахад нэлээд дөнгүүр эр болов уу гэж бодоод байгаа юм.
Хачирхалтай нь Н.Удвал сайдын хүү нь нэгэн цагт С.Баяр даргын туслахаар ажиллаж байсан гэдэг. Нэг удаа хүүгээ ороод ирэхэд тэрбээр “С.Баярын тагнуул ирж байна” гэхэд инээсэн гэж байгаа юм. Эмзэг танхил “амьтан” бол гомдмоор ч юм шиг. Улстөрчийн гэр бүл ээ гэж...
Эх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна