
МҮАН-ын Бүгд хурал дээр тус намын дарга М.Энхсайхан үг хэлэхдээ “Өнгөрснөө эргэцүүлэн бодох аваас Монголын ардчиллын түүхэнд төрийн дээд өндөрлөгүүд нэгэн улс төрийн хүчний гарт төвлөрч байсан удаа байгаагүй. АН-аас Ерөнхийлөгч сонгогдсон бол МАН-ын Засгийн газартай, МАН-аас Ерөнхийлөгч сонгогдсон бол АН-ын засгийн газартай ийм л байж. Энэ нь Засгийн газраа эсвэл огцруулдаг, эсвэл хийх ажлыг нь гацаадаг, Монголын төрийн салаа мөчир болгон өөр хоорондоо тэмцэлддэг, нэгэн гадаад эрдэмтний хэлснээр Монголчууд “төрөө шатаадаг” тоглоомоор тоглож ирсэн байдаг. 2012 оны УИХ-ын сонгууль Монголын ардчиллын түүхэнд анх удаагаа АН-д төрөө мэдэж, эдийн засгаа засах эрхийг нэгэн гарт төвлөрүүлж өгчээ. Ховорхон энэ боломжийг үр дүнтэй ашиглах явдал ганц АН-ын хэрэг биш нийт монголчуудын эрх ашиг гэж бодож байна. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг дэвшүүлэхдээ өнөөдрийн Монголд бий болсон гадаад болон дотоод нөхцөл байдлыг бодолцон байж шийдвэрлэсэн гэж бодож байна. Цагаан морин жилийн ардчиллын галыг хамтран асаалцаж явсан Ц.Элбэгдорж алдаа оноогоо мэднэ, хийх ажлаа мэднэ, түүнд улс төрийн эрмэлзлэл байгаа. Тэгээд ч Ерөнхийлөгч гэдэг хүнийг ард түмэн өөрсдөө сонгож бойжуулдаг, асар үнэ цэнээр бий болдог хүмүүн биет их хөрөнгө. Түүнийг Монголын төрд, олон түмний эрх ашигт ахин ашиглах нь зүйтэй хэмээн бодож байна” хэмээн илтгэлдээ өгүүлжээ.
Ийнхүү Монголын Үндэсний Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцохоор шийдвэрлэсэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна