
Өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй ч энэ тухай байнга ярьдаг сайдуудтай Засгийн газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчээ. “Шинэчлэлийн” хэмээх томдсон хийгээд хэтэрхий гоёдсон малгай дор сайд нэртэй компанийн захирлууд цуглаж суугаад хувийнхаа бизнесийг өөд нь татаж сууна. Бэлээрээ буюу хэдэн компанитайгаар гайхуулцгаах сайдуудын тэргүүн эгнээнд МоАХ фракцын тэргүүн Х.Баттулга бий. Тэрбээр дөрвөн компани эзэмшиж, найман компанийн 25-100 хувийг эзэмшдэгээрээ аргагүй л түрүү магнайгаар тодорно. Аман хүзүүнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг 10 компанийн 90 хүртэл хувийг эзэмшдэгээрээ эрэмбэлэгдэж байна. Харин Шадар сайд Д.Тэрбишдагва есөн компанид 100 хүртэл хувь эзэмшдэгээрээ айргийн гуравт бичигдэж байна. Харин “Фортуна” хэмээгч Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр томоохон дөрвөн компанид 30-100 хувь эзэмшдэгээрээ айргийн дөрөвт багтаж буй. Түүний араас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “Байгаль бьюти”-г 100 хувь эзэмшдэг бол хоёр ч компанийн 12.5-50 хувийг эзэмшдэгээрээ айргийн тавд багтаж буй. Бэл нимгэнээрээ дуудуулж суудаг ИЗНН-аас Аялал жуулчлалын сайд болсон С.Оюун хүртэл хоёр ч компанид 30-33 хувь эзэмшдэгээрээ эхний 10-т бичигдэж байх жишээтэй. Уг нь бол архи үйлдвэрлэгч Г.Батхүү эхний 10-т бүү хэл айргийн тавд өлхөн хурдлах ёстой ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өгүүлснээр бол “Шунхлай” группын 50 хувийг эзэмшдэг, өөр юу ч үгүй аж. Үүн шиг худлаа зүйл байхгүй. “АПУ”- гаа хаашаа хийх гэсэн юм. Тэрбээр Засгийн газарт багтдаггүй ч алсын санаархал нь сайдын суудал учраас энд зориуд дурдсан юм. Тэгээд ч дурдах ёстой ганц хүн бол Г.Батхүү мөн учраас тэр. Мөн Гадаад хэргийн сайд Л.Болд “Бодь интернэшнл” ХХК-ийн 33.34 хувийг эзэмшдэг хэмээн даруухан загнасан байна. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуяг дөрвөн компанийн 33- 50 хувь эзэмшдэг. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хувийн компанигүй ч хэтэвчээ зузаалж, “сааж” амьдардаг компанитай гэдгийг нь хэвлэлүүд дэлгэж л байдаг. Тэгэхээр УИХ, Засгийн газарт бэл бэнчингээ зузаалдаг компанийнхаа эрх ашгийг хамгаалж ажиллаж байгаа гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Батлан хамгаалахын сайд “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ Монголын хамгийн баялагтай аймгийг бараг бүхэлд нь эзэмшсэн бол Сангийн сайд Ч.Улаан гэхэд л дөрвөн компанийн алтан хувьцаа эзэмшинэ. Ингээд Засгийн газарт ажиллаж байгаа сайдуудын эзэмшдэг компаниудыг жагсаагаад үзье. Энд зөвхөн албан ёсны болон бидний мэдэж байгааг л дурдсан хэрэг. Түүнээс биш далд хэдэн компани байдгийг хэн мэдлээ. Юутай ч бид эхний удаад албан ёсны болон мэдэж байгаа компаниудыг танилцууллаа. Тиймээс дараагийн удаад энэ танилцуулга үргэлжлэх болно.
1.Ерөнхий сайд Н.Алтанхуяг

-"Хаан жимс" ХК-50%
-"Эмнэлгийн техник" ХХК 33%
-"Мах экспорт" ХХК-50%
-"Увс байгаль" ХХК-50%
2.Шадар сайд Д.Тэрбишдагва

-“ТБД Андууд”-100 хувь
-“Эрдэнэт прогрес” ХХК-100хувь
-“Алсын төв” ХХК-10хувь
-“Эсон дата” ХХК-50хувь
-“Лайф стойл андууд” ХХК-100хувь
-“Капитал менежмент Монголия” ХХК-100хувь
-“Кайзерф лашерай” ХХК-49хувь
-“Эмээлт прогрес” ХХК-49хувь
-“Одбилэг” ХХК-100хувь
3.“АПУ” ХХК-ийн Г.Батхүү

-“Шунхлай групп”-50хувь
4.ЗГХЭГ-ын дарга-Ч.Сайханбилэг

-“И Энд Ти” ХХК 50хувь
-“АСУ” ХХК-12.5хувь
-“Байгаль бьюти” ХХК-100хувь
5.Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр

-“Монгол түлхүүр” ХХК-100хувь
-“Жаргалан сэрвис” ХХК-50хувь
-“Эм Си Ди Си” ХХК-40хувь
-“Эм Ай Си Пи” ХХК-30хувь
6.Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга

-“Мах импекс” ХК
-“Женко тур бурю” ХК
-“Талх чихэр” ХК
-“Баянгол” зочид буудал ХК
-“ХИД” ХХК-46хувь
-“Налайх” ХХК-100хувь
-“Вебсофт Монгол” ХХК-100хувь
-“Эмээлт зах” ХХК-100хувь
-“Нүүдэл трейд” ХХК-100хувь
-“МИК Эмээлт” ХХК-100хувь
7.Байгаль орчин ногоон хөгжлийн сайд-С.Оюун

-“Амира” ХХК-30хувь
-“Мөнгөн-Агт” ХХК-33хувь
8.Уул уурхайн сайд Д.Ганхуяг

-“Бридж” ХХК-25.29хувь
-“Бридж” констракшн-25.90хувь
-“Бэт” ХХК-25.90хувь
-“МШТ” ХХК-25.90хувь
-“Жигүүр” ХХК-25.90хувь
-“Эвридей” Интернэшнл” ХХК-25.90хувь
-“Наран Эвридей” ХХК-25.90хувь
-“АХИ” ХХК-25.90хувь
-“Эми Жи Ти” ХХК-25.90хувь
-“Жаг Дело” ХХК-25.90 хувь
9.Гадаад хэргийн сайд-Лу.Болд

-“Бодь интернэшнл” ХХК-33.34хувь
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна