
УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргоос гишүүний түр үнэмлэхээ гардан аваад буй Д.Сумъяабазар, авахыг шахсан Л.Эрхэмбаяр нар сүүлийн үед тун ч найрсаг болоод буй. Найрсаг ч гэж дээ дахин сонгуулийн ач буянаар нэг нэгнийгээ магтан дуулах болсон. Уг нь хэдхэн сарын өмнө “хуц, уль”-даа хүрэн шүүхдэлцэж явсан тэднийг ийн өөр хоорондоо хайр зарласанд гайхах хүн олон бий. Заавал хэрэлдэж байх ёстой биш, талархах хүн ч зөндөөн. Юутай ч баяр нь баадайндаа багтаж ядан яваа УИХ-ын ээлжит нэгэн хүчтэй, бяртай, бие хаатай бөх түшээ маань өрсөлдөгч нөхрөө үнэн тасархай хэмээн хэд хэдэн хэвлэлд яриа өгсөн байна лээ. Тэрээр 2008 оноос хойш Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хамт сууж ирсэн Л.Эрхэмбаяр нь санал хураах явцад өөрөө албан ёсоор мэдэгдэл хийж, сонгуулиа өндөрлүүлсэнд ихэд талархангуй байгаа аж. Бүр үүнийг улс төрийн өндөр боловсролтой, соёлтой, эр хүний жудаг гаргасан сонголт гэж тэрээр дүгнэсэн байх юм. Харин Ардчилсан намын нөхөд аваргад тахимаа өгөхийг хүсэхгүй байгаа ч Л.Эрхэмбаяр өрсөлдөгчөө ялсан хэмээн зарлан тунхаглаж, өөрийн хүсэлтээр дахин санал хураалт болсон ч оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа. Тэрээр хэлэхдээ, “2012 оны сонгууль миний хувьд дууссан. Дахин санал хураалт хураах талаар хүмүүс надаас асуугаад байх юм. Д.Сумъяабазар тангаргаа хурдан өргөөсэй” гэжээ. Ямартаа ч дахин сонгуулийн ачаар АН, МАН-ын хоёр ч болтугай эрхэм хоорондоо ойлголцож, андын ёсоор ажиллах бололтой. Аваргадаа бас аваргад тахим өгсөн анд нөхөр Л.Эрхэмбаярт нь ажлын амжилт хүсье.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна