
Сангийн сайд Ч.Улааныг АН-д дагаар орж, Д.Арвины жимээр айлд урвах гэж байгаа мэдээ чих дэлсэв. Ойрд Улаан сайд маань урвайгаад яваа хэд хэдэн шалтгаан бий гэнэ. Саяхан эхэлсэн УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлж байхад УИХ-ын дэд дарга Л.Цог толгойлж, МАН болон МАХН-ын гишүүдийг уруу татан танхимаас гаргаж чадсан. Л. Цог дарга зоригтой ч дуугарсан, цохож хэлсэн үг нь цогийн дөл шиг хайраад авсан. Харин чуулганын танхимаас харъяалагдах намынхан нь бүлгээрээ төрийн тэргүүний хэлсэн үгийг сөрөн, тэрслэн гараад явсан байхад хамтдаа гарахгүйгээр гэдийгээд үлдсэн хэмээн Ч.Улаан сайдыг намынх нь нөхөд баахан баалсан сураг байдаг. Тухайлбал өнгөрсөн даваа гарагт болсон бүлгийн хурал дээр О.Баасанхүү гишүүн түүнийг хатуу үгээр зэмэлсэн гэнэ. Гэтэл урдаас нь архаг сайд мөчөөгөө өгөлгүй, би өөрийгээ чамаар заалгахгүй, цаашид ч заалгахгүй гэдгээ тас түс хэлжээ.
Түүний дараахан Ч. Улаан сайд Өдрийн сонинд томоохон ярилцлага өгч, би өөрийн ажил амьдралаа хэрхэн авч явахаа хэнээр ч заалгахгүй гэдгээ хэнд юм бэ хандан давхар нухацтай мэдэгдээд авсан. Уг нь Улаан сайдыг улсын эзнээр заларахад нэг их гайхаад байх лидер биш. Харин ч түүний нэр хүнд, туршлага, тулх, сүр хүч нь МАХН-ыг чимж байдаг хэмээн ойлгодог. Дээр нь намынх нь хэсэг залуус түүнийг салбартаа хууль бус томилгоо хийлээ, шалгаж өгнө үү хэмээн АТГ хандсан гэсэн чимэггүй мэдээ чимээлээд буй. Магадгүй энэ нь эрхэм сайдыг чуулганы хуралдааны танхимаас гарахгүй гэдийхэд хүргэсэн ч байж мэдэх. Эрх баригч нам ч энэ эгзэгийг алдахыг үл хүснэ. Түүний гомдсон сэтгэл дээр цүү хаяж мэдэх юм. Тэд Итгэлт баян Долгорыг тэвэрч аваад шиг ‘’аятайхан биетэй дамшиг вэ’’ гэдэг шиг дуран дээрээ байгааг эх сурвалж хэлж байгаа юм. Бас аливаа сонгуулийг алгаараа хараад, тарнидан шившин хэлж , таавар нь биелэлээ олсоор байгаа Баабар хүртэл ээлжит хөлсний нийтлэлдээ Улааныг хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлбэл хатуу самар хэмээсэн нь сайдыг намдаа татах урхи ч юмуу, эсвэл уутлаад тохироход тохиромжтой хүн гэж тоочиклосон юм уу, хэн мэдлээ. Баабар ‘’зайрантан’’гийн буулт нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэв Ч.Улаан дэвшвэл урдуураа улаан хөлтөнг гаргахгүй ухааны юм бичсэн. Харин МАХН-ын дээд түвшинд үүнийг өөрөөр тайлж байгаа юм. Тэдний орчуулгаар бол АН бол Ерөнхийлөгчийн сонгуульд Улааныг ‘’захиалж’’ байгаа юм байна гэж тайлж байгаа. 2012 оны сонгуулийн санал хураалтын өмнөхөн буюу 6 дугаар сарын 26-ны хавьцаа дугаарт зайран Баабар сонгуулийн дүнг бас далдын шидээр яг онож бичсэн байдаг. Далан зургаан хүн дээр байтугай нэг хүн дээр мэргэн бөөгийн буулт хүртэл зөрдөг, үүнээс хойш улс төрөөр буулт хийхгүй ээ гэж ухарч байсан хэд хэдэн зайран, удгантай тааралдаж байв. Учир нь тэнгэрийн буултыг увайгүй улс төрчид өөрсдийнхөөрөө өөрчилж, булхайтай сонгууль хийдэг болохоор бөө хүртэл баабаа хэмээн барайж, зайгаа барьдаг нь нууц биш ээ. Зуун хувийн магадлал юунд байдаг вэ гэвэл урьдчилсан дүнг угтан багцалсан өнөөх хар машины ид шидийг л харин иргэн Баабар ижил буулгаж бичсэн тэр биз ээ. Энэ удаа ч Баавар ёрлож л байгаа. Баабар бусад сэтгүүлч уран бүтээлчдийнхээ нэгэн адил тэнгэрээс антени барьж бичдэггүй болоод удаж байгаа. Харамсалтай нь түүний заль мэх нь задраад байдаг болсон байна билээ. Үүнийг нуршихын учир өнөөх Баабар яагаад Ч.Улаан сайдыг урамдуулах болов гэдэгт л хамаг учир байх шиг. Улаан сайдаа МАХН алдах дургүй байдаг, АН болохоор өөртөө татах сонирхолтой байдаг. Аль нь дийлэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Улаан сайд ч уг нь ханатай л хүн дээ.
Эх сурвалж: www.aravt.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна