“СОХОР” ЗУРААЧ

“Сэдэв бол миний хувьд хоёрдугаар зэргийн ач холбогдолтой бөгөөд юмс бид хоёрын хооронд оршин тогтнож байгаа зүйлийг би зурахыг хүсч байна”. КЛОД МОНЭ
    Хүний хийж буй үйлдлийн 70 хувийг далд ухамсар буюу бид өөрсдөө ч мэддэггүй тэр дотоод ертөнц, харин ердөө 30 хувийг оюун ухаан удирддаг гэсэн судалгаа нэгэнт гарчээ. Импрессионист зураачид чухамдаа оюун ухаанаар хүлээн авч буй байгаа байдал бус харин төсөөлөл, сэтгэгдлээ бийр будгаар илэрхийлдэгээрээ далд ухамсартай ямар нэг сэжмээр холбоотой.
    Өөрийгөө сохор төрөөд гэнэт нэг агшинд хараа орж, юу харж буйгаа мэдэлгүй зурсан мэтээр төсөөлдөг байсан тул аливааг олж харсан анхны мөч, анхны сэтгэгдлийг хамгийн үнэн зөв гэж тооцдог байсан Клод Моне Франц улсад 19-р зууны сүүлээр бий болж, дэлхийн урлагийн түүхэнд том тэсрэлт, том дуулиан дэгдээсэн импрессионист уран зургийг үндэслэгчдийн нэг юм. Чухам Монэгийн “Сэтгэгдэл: Нар мандалт” уран зургаас импрессионизм хэмээх нэр томъёо бий болсон түүхтэй.
1840 оны 11-р сарын 14-нд төрж, 1926 оны 12-р сарын 5-нд таалал төгссөн Клод Монэ байгаль гэхээс илүү ухамсраа илэрхийлдэг философийн хөдөлгөөний хамгийн тууштай, хамгийн бүтээлч төлөөлөгч байв. Ялангуяа дүрслэх урлагийн plain air буюу байгалийн байдлыг задгай агаарт нь зурдаг төрөлд ихээхэн амжилт гаргасан юм. Уран зургаар сэтгэгдлийг гайхамшигтайгаар дүрслэн үзүүлдэг Монэ улс төр, шашин, шүтлэгийн аль алинаас нь ангид эрх чөлөөт уран бүтээлч байсныхаа хувьд тухайн үеийн нэр хүндтэй шагнал болох “Хүндэт легионы загалмайт одон”-гоос татгалзаж байсан суут бодгаль.


ТӨСӨӨЛӨЛД МАНДСАН НАР
Импрессионист зураачдын анхны үзэсгэлэнг нээгдэхээс 2 жилийн өмнө Клод Монэ нэгэн удаа зочид буудалд байрлаж байхдаа цонхоороо харжээ. Тэгээд Гаврын усан боомтын байдлыг хараад сэтгэл нь хөдөлж, нэгэн амьсгаагаар зурсан нь өөрийнх нь нэрлэсэнчлэн “Impression” буюу “Сэтгэгдэл” хэмээх бүтээл.
Усан онгоцуудын шургаагны модон шонгууд, өндөр крануудын бүүдийсэн дүрсүүд, алгуур өөд хөөрөн замхарч байгаа будан, харлах завиуд.. Тэнгэрийн хаяаны зүгээс мандаж буй нарны улаавтар бөмбөлөг цагаан утаанд тогтож тэнгисийн мандал дээгүүр улаан туяа татна. Зураач төрсөн сэтгэгдлээ алдахгүйн тулд маш түргэн зурж, түүнийгээ “Сэтгэгдэл” гэж нэрлэжээ. Харин зураач Огюст Ренуарын ах Эдмон Ренуар “Sunrise” гэсэн үг нэмж бичив.
1874 онд анх гарсан Импрессионист уран зургийн үзэсгэлэнд Монэгийн дээрх зургаас гадна зураачийн дотны анд гэрэл зурагчин Надарын 35 тоот өрөөний цонхоор харж зурсан “Капуциний өргөн чөлөө” зэрэг бүтээлүүд нь тавигдаж, тухайн үеийн Парижынхан эгэл байдлаас огт өөр реалист биш зургуудыг харахдаа жигтэй будалт, солиорол хэмээн шуугиж байлаа. Харин урлаг судлаачид тухайн үеийн тогтсон ёс горимд нийцэхгүй, дутуу дулимаг зурагдсан хэмээн шүүмжилж байв. Ер нь энэ чиглэлийг баримтлагчид уран бүтээлдээ бодит ертөнцийг хөдөлгөөнд нь, өөрчлөлттэй нь чөлөөтэй илэрхийлэхдээ сэтгэлд нь буусан мэдрэмжээ анхны сэтгэгдлээр дүрслэхийг эрмэлздэгээрээ реалист зураачдаас ялгаатай. Тийм учраас тэдний зургуудад өнгөний санаанд оромгүй гялбаа, мөнгөрөх тэнгэр ямагт байдаг.
МОНЭГИЙН НОГООН ДААШИНЗТАЙ БҮСГҮЙ
15 настайдаа амьдарч байсан тосгондоо зураг бүтээлээрээ танигдаж алдарших эхлэлээ тавьсан Моне Камилла буюу “Ногоон даашинзтай эмэгтэй” зургаа 1866 онд туурвиснаар олон нийтэд танигдсан юм. Зурагт дүрслэгдсэн бүсгүй ирээдүйд зураачийн гэргий болох Камилла Донсьё бөгөөд дараа жил нь “Цэцэрлэгт байгаа бүсгүй” зурагных нь модель болов. Энэ мэт Монэгийн олон бүтээлүүдийн модель болсон бүсгүй зураачид Жан, Мишель хэмээх 2 хүү төрүүлж өгсөн бөгөөд 1879 онд ердөө 32 настайдаа сүрьеэ авчний улмаас ногоон даашинзтай бүсгүй хорвоог орхижээ. Энэ нь бага хүүгээ төрүүлсний дараах жил бөгөөд бие сул, эрүүл мэнд муу бүсгүй 2 дахь удаагаа нярайлсан нь Камиллагийн аминд хүрсэн гэдэг. Зураач гэргийгээ орондоо нүд анисан байдлаар хүртэл уран зурагт буулгасан нь бий.
МОНЭГИЙН ЦЭЦЭРЛЭГ
Нэг хэсэг зураг бүтээлүүд нь олигтой зарагдахгүйгээс Аржантей, Ветей зэрэг амьдралын өртөг бага хотуудаар амьдарсан зураачийн гэр бүл 1883 онд Живернид суурьшсан нь Монэгийн бүтээлүүд овоо зарагдаж, үнэлэгдэж эхэлсэнтэй холбоотой. Зураачийн бүтээлүүд олон нийт төдийгүй судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг татаж эхэлсэн төдийгүй зургууд нь тогтмол зарагдаж, санхүүгийн байдал нь сайжирч эхэлсэн нь зураачийг гэрийнхээ хажууд урлангаа барьж, мөн багахан газар дээр гэр бүлээрээ уйгагүй хөдөлмөрлөсний дүнд түүхэнд нэрээ үлдээсэн алдарт Монэгийн цэцэрлэгээ барьж байгуулж эхэлсэн түүхтэй. Тэрээр цэцэрлэгтээ жил ирэх бүр хөрөнгө мөнгө зарцуулсаар өөрийн диваажинг бий болголоо. Чухам энэ цэцэрлэгтээ л зураач алдартай бүтээлүүдийнхээ санааг олж, зурж туурвиж байсан юм. Тухайн цагт зөвхөн түүхэн сэдвээр зурах үед л том хэмжээтэй зурдаг байсан бол энэ дэг жаягийг Монэ өөрчилсөн юм. Тэрээр цэцэрлэгтээ маш том хэмжээтэй зурахдаа өөрийн гэсэн арга техникийг бий болгож амжсан бөгөөд том хэмжээтэй зураг зурах болсон нь онцгой шалтгаантай. Уудам цэлгэр газар нутаг, мөн тэр орон зайд баатруудаа дүрслэхийн зэрэгцээ хүмүүсийг гэрэл, агаар тойрон хүрээлж байгаа сэтгэгдэл төрүүлж, эдгээрийг нэг зурагт багтаахын тулд томоор зурах болсон байна. Түүний энэхүү хоёр дахь сорилтыг шийдэхээр бодож олсон арга нь их сонин. Моне сүүдэр, олон өнгийн гэрлийг тодотгон зурж, нарны гэрлийг мод, цэцэгсийн навчийг зүсэн цацарч байгаагаар, гэрлийн бүдэг ойлтыг харанхуй, бүүдгэр гадаргуу дээр гялбаж байгаагаар дүрслэх тухай бодож олжээ. Энэ техник нь “Цэцэрлэг дэхь бүсгүйчүүд” цуврал бүтээлүүдэд нь тун тодорхой, яруу сайхан харагддаг.  
ЦЭЦЭРЛЭГ ДЭХЬ БҮСГҮЙЧҮҮД
Магадгүй Монэгийн хамгийн сайхан зургууд нь цэцэрлэг дэхь бүсгүйчүүдийг дүрсэлсэн цуврал бүтээлүүд байж болох юм. Олон ч найраг, шүлгийн сэдэв болсон түүхтэй.
“Цэцэрлэг дэхь бүсгүйчүүд” хэмээх энэ бүтээл дэхь хүмүүсийн царай бүдэг учир хөрөг зураг гэхэд хэцүү. Монегийн эхнэр Камилла зүүн тал дахь гурван хүний нэг нь. Моне даашинзнуудын цагаан өнгийг маш чадварлагаар хослуулаад зогсохгүй зургийн гол дахь мод, явган замын ногоон, бор өнгийн хоршил, зургийн байгуулалтад яв цав нийцүүлсэн юм. Зургийн гэрэл сүүдрийн харьцааг магтахгүй өнгөрч болохгүй.
Эмиль Золя энэхүү бүтээлүүдийнх нь тухай бичихдээ “Нар цасан цагаан боошинз дээр шууд тусч байгаа, модны сүүдэр явган замын аварга саарал хэсгийг зүсэн гарч ирж байгаа, нар туссан даашинз. Хүний төсөөлж болох хамгийн хачин эффект. Зураачийг ийм зүйлд хамаг цагаа зарцуулж, даавууг сүүдрээр эн тэнцүү хоёр хэсэгт хуваан, нараар тоглосных нь төлөө онцгойлон хүндэтгэх шаардлагатай” гэжээ.  
“Цэцэрлэг дэхь бүсгүйчүүд” хэмээх энэ бүтээлээ туурвихдаа Монэ 26 настай байв. 1867 он. Энэ онд уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулах шүүгчдийн багийнхан Монегийн эл зургийг үзэсгэлэнд оруулахаас татгалзжээ. Учир нь сэдэв, өгүүлэмж дутагдалтайн дээр бийрэн татлагууд нь нүдэнд ил үзэгдэж байгааг хайхрамжгүй, зураг гүйцэд дуусайгүйн шинж гэж үзсэн байна. Зөвлөлийн гишүүдийн нэг нь  “Залуучууд олноороо энэ олиггүй чиглэлээр зурах боллоо. Одоо л тэднийг хамгаалж, уран зургийг энэ хэвээр нь хадгалж үлдэх цаг!" гэж байж.
    Моне зургаа урландаа дуусгасан бөгөөд бүсгүйчүүдийн хувцасыг загварлаг байлгахын тулд тухайн үеийн сэтгүүлүүдээс харж санаа авсан гэдэг. Зураач Монегийн намтарыг бичсэн зохиолч Кристоп Хейнрих дараа дараагийн үеийн зураачид энэ зургийн ямар нэг зүйл нь дутуу гэж үзсэн байдгийг номондоо цохон тэмдэглэсэн байдаг. Энэ өнцгөөс нь авч үзвэл зураг дээрх хүмүүс дэвсгэр зурагтайгаа нэг бүхэл болж чадаагүй мэт. Тухайлбал баруун талд байгаа эмэгтэй хормой дотроо түрдэг тэрэг нуугаад, тэрнээсээ хальтирч байгаа юм шиг л харагддаг гэжээ. Гэсэн хэдий боловч энэхүү зураг нь Монегийн уран бүтээлчийн замыг зассан зураг гэдгийг тооцох нь зүйтэй юм хэмээн онцолсон байдаг.
Зураач энэ үед санхүүгийн бэрхшээлтэй байсан учир түүний найзуудын нэг зураач Базилле “Цэцэрлэгт байгаа бүсгүйчүүд” зургийг нь худалдаж авсан байдаг.
Моне ба Цэцэрлэг дэхь Хатагтай
“Орост байхдаа нөхөр бид хоёр нэг өдрийн үдээс хойш ойролцоох цэцэрлэгт очсон юм. Антонионий Blow-Up кинонд гардаг шиг л үлгэрийн гэмээр орчин угтлаа. Тэр киноны гол дүр нь цэцэрлэгийн салхинд найгасан навчны дууг сонсдогсон. Би газарт туссан модны сүүдэр дээр очиж зогсоод цайвар саруул цэцэрлэгийг ажиглаж жаахан зогссон. Усан оргилуур, хөөрхөн хувцастай хүүхдүүд, хаа сайгүй л ногоорох гялалзсан өвс. Нүдээ нээгээд би модны орой нарны гэрэлд хучигдсан байхыг харлаа. Яг л анхны импрессионист зураач Клод Монегийн “Цэцэрлэг дэх хатагтай” зурагт дүрслэгдсэн дүр төрх мөн байлаа. Энэ цэцэрлэгт би зураг дээрхтэй адилхан гэрэл навчин дээр тоглож байхыг хараад Парисын цэцэрлэгт 1867 онд очсон мэт санагдаж билээ. Ингэхэд л би импрессионист зураачид  уран зургийн хэлбэрийг яаж өөрчилж, нарны гэрлийг оруулсныг ойлгосон юм. Хуучин сургуулийн уран зурагт нарийн нягт зураглал, нийгмийн цензурыг эрхэмлэдэг ч анх харсан даруйд хүний сэтгэлд хүрэхээр өнгө будаг байдаггүй. Импрессионист зураачид бодит дүрслэлийг барьж аваад зогсоогүй харж байгаа хүнд бодит газарт очсон мэт сэтгэгдэл төрүүлдэг ажээ”. Нэр нь үл мэдэгдэх нэгэн хатагтай өөрт төрсөн сэтгэгдлээ ингэж тэрлэжээ.
“МОРЬ”
Клод Моне ууган хүү Жан Монегоо хайртай морио унаж байгаагаар нь 1872 онд ингэж зуржээ. Бяцхан хүү Монегийн гэр бүл Аржантейд амьдарч байх үеийн хэд хэдэн зурган дээр дүрслэгдсан байдаг. Моне хүүгийнхээ балчир үеийг хөрөг зураг гэсэн албан хэлбэрээр буулгахаас илүүтэйгээр хамгийн дуртай тоглоомоороо гэрийнхээ арын цэцэрлэгт тоглож буйгаар буулгасан нь бидний үеийг хүртэл хадгалагдан иржээ.
Монэгийн цэцэрлэг уран зургийн түүхэнд хамгийн их модель болсон газар байж болох юм. Мөн ч олон цэцэрлэг дэхь бүсгүйчүүд Монэгийн бүтээлд дүрслэгдсэнээс гадна зураачийн дотны анд Эдуард Манэ “Монэгийнхан цэцэрлэгтээ” хэмээх зураг бүтээсэн нь энэ үед үлдэж иржээ.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • О.Оюунням
    зургийг нь татаж авах гэсэн болохгүй юм
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025