МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гишүүд тодорлоо
2013/03/01
МАХН-ын 8-р Бага хурал өчигдөр шөнийн 03:00 цаг хүртэл хуралдсан байна.  Энэ хурлаар  намын дотоод зохион байгуулалт, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрийг тодруулах талаар хэлэлцжээ. Харин гишүүдийн зүгээс  Шадар сайд Д.Тэрбишдавгыг намын дарга Н.Энхбаярыгаа суллуулж чадаагүй   хэмээн нэлээд шүүмжилсэн байна. Намын даргаа суллуулж чадаагүйн дээр намаасаа удирдах албан тушаалд хүмүүсээ томилуулаагүй  Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бөөрөнд  очиж наалдсан хэмээн ширүүхэн үг чулууджээ.
Энэ хурлаар намын дарга Н.Энхбаярыг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийх боломжгүй учир намын даргаа солино гэх мэдээлэл явж байсныг албаны эх сурвалж үгүйсгэсэн бөгөөд намын дарга, дэд дарга нарын асуудлыг биш МАХН-ын төв аппаратын бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцсэн байна.  Шадар сайдын зүгээс намд хэтэрхий олон нарийн бичгийн дарга байх шаардлагагүй хэмээн санал гаргасныг гишүүд дэмжжээ.  Энэ дагуу  21   нарийн бичгийн дарга нарыг 7 болгон цөөрүүлсэн байна. Тухайлбал, Санхүү хариуцсан нарийн бичгийн даргаар П.Хангал, Хүний нөөцийн асуудал хариуцсан даргаар О.Лхагвацэдэн, Гадаад харилцааны асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар У.Барсболд нарыг сонгосон аж.
Өчигдрийн хурлаар шийдвэрлэгдсэн хамгийн чухал асуудал нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвших гишүүдийг тодруулсан байна. Ерөнхийлөгчийн сунгаанд  Н.Энхбаярын өмгөөлөгч, гавьяат хуульч  С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн,  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын дэд дарга Л.Цог нарийг нэр дэвшүүлсэн байна.
Дээрх зургаан хүнийг нэр дэвшүүлсэн ч  С.Нарангэрэл болон Ц.Цолмон нар өөрсдийн нэрийг татаж авсан гэнэ. Тиймээс МАХН-аас ирэх зургаан сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд  Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Н.Удвал, Л.Цог нарын нэг  нь дэвжих нь.  Энэ хугацаанд сунгаа явуулж, намын гишүүд, дэмжигчид, ард түмнээс хамгийн их дэмжлэг авсан нь МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр тогтжээ.
Э.Хулан
Эх сурвалж: www.times.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин