Авлигачдаас ангижрахгүй бол нам эрүүлжихгүй
2013/01/30
Т.Аюурсайхан: Авлигачдаас ангижрахгүй бол нам эрүүлжихгүй
МАН-ын залуу гишүүд намаа шинэчлэх асуудалд анхаарал хандуулах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд намынхаа одоогийн удирдлагуудад шүүмжлэлтэй хандаж буй маш олон хөдөлгөөн, жигүүр, фракц, клубууд байгуулагдаж  нэгдсэн зохион байгуулалтад орон ажиллаж эхэлжээ. Үүний эхлэл болгон тэд энэ сарын 20-нд намынхаа даргад хэд хэдэн зүйл бүхий асуулгыг тавиад байгаа юм.

Энэ талаар болон цаг үеийн бусад асуудлаар МАН-ын гишүүн, намаа шинэчилж, эрүүлжүүлэх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулагчдын нэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Т.Аюурсайхантай ярилцлаа.

-МАН-ын залуус намынхаа удирдлагуудын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. Бүр тэднийг солих асуудал яригдсан гэх мэдээллүүд ч гарсан. Мөн хэд хоногийн өмнө  та бүхэн намынхаа даргад асуулга тавьсан байсан. Эндээс яриагаа эхлэх үү?
-Намын удирдлагыг солье гэсэндээ биш л дээ. Үндсэндээ МАН-ын бодлого, үйл ажиллагаа, ард иргэдэд төдийгүй намын гишүүддээ хүрэхгүй болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараагаас намын гишүүд намаа “шинэчилье, эрүүлжүүлье” гэсэн санал, санаачилгыг гаргаж эхэлсэн.
Гэвч Орон нутгийн сонгуулийн өмнө намын эв нэгдлийн асуудал яригдахад хүргэнэ гэсэн үүднээс бид хүчээ нэгтгэн сонгуульд бэлтгэж оролцсон.  Гэлээ ч гэсэн нам дотор шинэчлэлийн  санал, санаачилгууд явсаар байсан. Сонгууль өнгөрсний дараа илүү эрчимжсэн. Та бүхэн мэдэж байгаа байх. Янз бүрийн жигүүр, хөдөлгөөн клуб, холбоод гарч ирж байна.  Энэ бол санамсаргүй зүйл биш, намын өнөөгийн нөхцөл байдал хүндхэн байгаагийн илрэл.  Бүгд л намынхаа хувь заяанд сэтгэл зовниж байна. Цаашид энэ байдлаараа байвал нам байх уу, үгүй юү гэдэг асуудал яригдахаар хэмжээнд хүрчихсэн байна л даа. Тухайлбал, нам ээлж дараалан байрнуудаа, УИХ-д өсгөх боломжтой суудлуудаа алдаж байна.
Дээрээс нь УИХ дахь намын бүлгийн асуудал байгаа. Бид намын бүлгээрээ дамжуулж нийт сонгогчдын 40 гаруй хувийн итгэлийг олсон. Энэ олон хүний төлөө нам ажиллах ёстой. Яаж ажиллах вэ гэхээр тэдний үзэл бодол, хүсэл эрмэлзлэл, тулгамдсан асуудлыг нь төрийн бодлогоор дамжуулж боломжтой бүхий л түвшинд шийдэж  ажиллах ёстой. Товчоор хэлбэл, төрийн эрх бариагүй ч хүчтэй сөрөг хүчин байх шаардлагатай байгаа. Гэвч  МАН сөрөг хүчний хувьд  бодлого чиглэлийнхээ дагуу хамтын шийдвэр гаргахад учир дутагдалтай болсон. Мөн ирцтэй холбоотой асуудал байгаа. Намын бүлэг ирцээ 50-иас дээш хувьтай байлгаж чадахгүй бол бүлгийг татан буулгах тухай хуулийн төсөл орж ирээд хэлэлцэгдэхээр болоод явж байна. Энэ бүхний цаана намд итгэж, намынхаа төлөө ажиллаж байгаа маш олон гишүүд, саналд өгсөн сонгогчид байгаа гэдгийг мартаж болохгүй. Энэ мэтчилэнгээр маш олон бугшсан асуудал байгаа учраас намаа эрүүлжүүлье, шинэчилье гэсэн хөдөлгөөн, холбоод, жигүүр,  клубууд олноороо байгуулагдаад  байгаа юм. Үнэндээ манай намын бодлого, үйл ажиллагаа сул байгаа нь тодорхой асуудлууд дээр дуу хоолойгоо гаргаж чадахгүй байгаагаас ажиглагдаж байгаад шүүмжлэлтэй хандахаасаа илүү санаа зовниж байна л даа.
-Намынхаа даргад тавьсан асуулгынхаа агуулга, зорилгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Намд хохирол учруулсан, учруулж болох энэ бүх үйл явдал, асуудлууд дээр юу хийсэн бэ. Ямар байр суурьтайгаар яаж ажиллаж байна вэ гэдгээ тайлбарлахыг хүссэн. Тухайлбал, манай намын мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэл урьдчилан хорих төвд саатуулагдсан байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ хүн тодорхой материал хэвлэн нийтэлснийхээ төлөө шалгагдаж байгаа гэж ойлгож байгаа. Мэдээж үүнийг хууль, журмынх нь дагуу шалгах л байх. Энийг ч  хэн үгүйсгэхгүй. Гэхдээ ийм олон хоног хорьж, баривчилж шалгах шаардлага бий юу. Түүнийг гадуур байцааж, шалгаж болдоггүй юм уу гэх асуулт байгаа юм.
Эхний удаа 14 хоногоор саатуулах шийдвэр гарсан. Өнгөрсөн мягмар гаригт түр хорих хугацаа нь дууссан ч тодорхой хугацаагаар сунгасан байгаа. Үүн дээр намын дарга байр сууриа тодорхой илэрхийлэх ёстой. Намын дарга нь хэлтсийн даргаа эргээгүй байж өөр намынхныг очиж эргэсэн асуудлыг тайлбарлана уу гэж шаардсан байгаа. Энэ бас их чухал л даа. Б.Цогтгэрэлтэй сонгуулийн үеэр бид хамт ажиллаж байсан. Мэдээж намынхаа  PR-ийг хийж, намыхаа  төлөө ажилласан. Намынхаа төлөө ажиллаж байгаад хохироход нам дуугүй байж огт таарахгүй. Яагаад гэвэл  цаашид ийм байдал гарвал намын төлөө хэн дуу хоолойгоо өргөж, зоригтой ажиллах юм бэ. Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Ямар ч сонгуулиар намууд PR-аа хийгээд түүнийгээ хэвлэн нийтлээд  явдаг. Гэтэл энэ байдлаараа байвал Б.Цогтгэрэл шиг намынхаа төлөө зоригтой ажиллах хүн олдох уу, үгүй юу. Тэгэхээр намын удирдлагууд энэ асуудалд заавал байр сууриа илэрхийлэх ёстой. Тухайн үед нэг мэдэгдэл гаргасан л даа. Гэхдээ бид  үүнийг хангалттай гэж үзэхгүй байгаа. Тэгээд ч хүмүүст төдийлөн хүрээгүй бололтой юм билээ.
Эрх баригч хүчний хувьд  төрийн бүхий л шатанд хүч түрэмгийлсэн үйл ажиллагуунуудыг явуулж  байна л даа. Үүний эсрэг зоригтойхон шиг дуугарах хүн намын нүүр царай болсон лидерүүдээс ховор байна. Үүнийг намын гишүүд маш их хүсч хүлээж байгаа. Өвөрхангайн асуудал дээр гэхэд намын гишүүд эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулахад зөвхөн  гишүүд нь ирээд намын нүүр царай болсон лидерүүдээс гарын тавхан хуруунд багтах хүмүүс ирж дуу хоолойгоо гаргаж байсан. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, Д.Оюунхорол гишүүн нар ирсэн. Бусад намын жирийн гишүүд байсан. Тэр дундаа  залуу гишүүд маш их идэвхтэй оролцсон. Хэрвээ ашиглаж чадах юм бол МАН бүтэц, зохион байгуулалт хамгийн сайтай нам. Гэвч үүнийг яагаад ашиглахгүй байна вэ. Үнэндээ тэд намынхаа эрх ашгийг хамгаалж, зоригтой дуугарахад үргэлж бэлэн байдаг. Гэвч зохион байгуулалтад оруулж манлайлан удирдаж чадахгүй байна л даа. Одоо үүсээд нөхцөл байдал маш сул дорой улс төр хийж байгаагийн үр дүн. Нийт масс манай намыг тодорхой тооны хүмүүсээр төлөөлүүлэн хүлээж авдаг. Тэр утгаараа тэдний нэр хүнд уначихсан байгаа өнөө үед намын нэр хүнд дагаж унаад байгаа. Ийм байхад тэр хүмүүс яагаад үгээ хэлж дуугардаггүй юм.  Амаа жимийчихээд ордон дотор ороод хэдэн цаас бариад  суух бол нэг өөр хэрэг шүү дээ.  Энэ бүхэнд сэтгэл зовнисон учраас энэ олон хөдөлгөөн, жигүүр, холбоод, клубууд байгуулагдаж байгаа юм. УИХ дахь намын бүлэгтэй холбоотой зайлшгүй ярих шаардлагатай асуудал бий. Бүлэг цаг тухайд нь байгуулаагүйгээс болж нам асар их хохирол амссан. Бүлэг байгуулаагүйгээс болж УИХ дахь суудлын тоогоо ахиулах нь бүү хэл, хорогдуулсан. Орон нутгийн хурлын сонгуулийг алдах суурийг тавьсан. Энэ бүхнээс хамгийн чухал нь бидэнд саналаа өгсөн сонгогчдын 40 хувийн итгэлийг хөсөрдүүлсэн. Зүй нь хүчтэй сөрөг хүчин болж, тэдний үзэл бодол, саналыг төрийн бодлогод тусгуулах ёстой. Гэтэл МАН бүлгээ гуйж байж бусдаар байгуулуулж, одоо ирцийн асуудлаас болж бүлэггүй болох дээрээ тулаад байна. УИХ-аар шийдэгдэж буй аливаа асуудал дээр огт нөлөөгүй, тоглоом болж байна. Бусдаар байгуулуулсан ийм бүлэгтэй байснаас огт бүлэггүй байж байгаад дараагийн сонгуультай золгосон нь магадгүй илүү улс төр болох байсан гэж боддог. МАН-ын гишүүд, дэмжигчид намаа хөөрхий гэж өрөвдөхөөс илүү арчаагаа алдсан гэж бухимдаж байна. Бүлэг цаг тухайд нь байгуулаагүйн хариуцлагыг ярих ёстой. Намын ХЭГ-аас бүлэг байгуулах тухай бичгийг хийгээд өгсөн байдаг. Гэтэл шаардлагагүй, наад асуудал чинь Байнгын хороо байгуулах үед угаасаа унана гээд эрс эсэргүүцэж тэр бичгийг аваад шидсэн хүнийг бүгд мэдэж л байгаа шүү дээ. Тэр хүн хариуцлагаа хүлээх ёстой. Намд асар их хохирол учруулсан тул. УИХ гишүүнээсээ сайн дураараа түдгэлзэх хэрэгтэй. Бид үүнийг шаардах болно.
-Хэрэв та бүхний тавьсан асуулгын хариуг  ирэх сарын 20-нд өгөхгүй бол, өгсөн ч тодорхой үр дүнд хүрэхгүй бол яах вэ. Намын удирдлагаа сольсноор нам шинэчлэгдэх үү?

-Энэ сарын 17,18-нд “Монгол дахь улс төрийн намуудын төлөвшил” нэртэй  эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Энэ хуралд манай намын залуу эрдэмтэн, судлаачид ирж оролцсон. Мөн АН, ИЗНН, МҮАН, МАХН-аас төлөөлөл ирж илтгэл  тавин хэлэлцүүлэгт оролцсон.
Хурлаар улстөрийн намын төлөвшил өнөөдөр ямар шатанд байна вэ. Гишүүнчлэл, төлөвшил, үнэт зүйл, үзэл санаа  талаасаа ямар байна вэ. Ер нь ямар байх ёстой вэ гэдэг дээр санал бодлоо солилцсон.  Үүний үр дүнд тодорхой дүгнэлт гарсан.  Эндээс үндэслэн хэвлэлийн бага хурал хийж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд танилцуулсан байгаа.
Харин  хурлын хоёр дахь өдөр зөвхөн МАН-ын гишүүд хуралдсан. Энд намд болж бүтэхгүй байгаа асуудлаа нээлттэй ил тод ярилцсан. Үүний үр дүнд дээрх хөдөлгөөн, жигүүр,  клубууд, холбоод  нэгдэж нэгдсэн үйл ажиллагааг  явуулья гэсэн шийдэлд хүрсэн байгаа. Өөрөөр хэлбэл  зорилго нэгтэй учраас нэгдсэн зохион байгуулалтад орох нь зүйтэй гэж үзсэн.  Ингээд хоёр бүтэцтэй ажиллахаар болсон байгаа. Нэгдүгээрт МАН-ыг шинэчлэх гишүүд, дэмжигчдийн зөвлөл, хоёрдугаарт МАН-ыг шинэчлэх залуу эрдэмтэн, судлаачдын зөвлөл гэсэн бүтэцтэйгээр цаашдаа нэгдсэн зохион байгуулалтад орж байгаа. Мэдээж намыг шинэчлэх, эрүүлжүүлэх үйл ажиллагааг шинжлэх ухааны  үндэслэлтэйгээр явуулах ёстой гэдэг дээр санал нэгдсэн.
Эл  хуралтай давхцан  Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг явагдаж байгаа юм билээ. Ажлын хэсэг нийт хоёр удаа хуралдсан. Ажлын хэсэгт эрдэмтэн судлаачид,  АН болон зарим улс төрийн намын төлөөлөл орсон юм билээ. Уг нь МАН-ын хувьд улс орны хөгжилд чухал байр суурьтай нөлөө бүхий улс төрийн хүчин л дээ. Гэтэл МАН аас төлөөлөл байхгүй байгаа нь өөрөө их зохимжгүй зүйл дээ. Тиймээс дараагийн хэсэгт оролцоод санал бодлоо тусгаад явах байх гэж бодож байна.

-Та бүхнийг намынхаа их хурлыг яаралтай хуралдуулахыг шаардсан гэх мэдээлэл гараад байгаа. Хэрэв хурал товлогдвол хэлэлцэх гол асуудал нь юу байх бол?

-Одоогоор хэзээ гэдэг нь тодорхойгүй ч манай нам 27 дугаар их хурлаа хийж таарна. Энэ хурлаа хийхдээ намын дүрэмд ямар өөрчлөлт хийх ёстой вэ.  Үзэл баримтлал, үнэт зүйлс, бодлогын баримт бичиг, гэрээнд өөрчлөлт хийх шаардлага байна уу, үгүй юу гэдгийг судалж байгаа. Намын үнэт зүйлийн хувьд ярих зүйлс бий. Намд үнэт зүйл байна уу үгүй, байлаа ч түүнийг хамгаалж чадаж байна уу гэх мэт. Намын хамгийн чухал үнэт зүйл нь 220 мянган гишүүн байх ёстой. Цаашлаад олон үнэт зүйлсийн талаар яригдах байх. Мөн дүрмэндээ зарим өөрчлөлтийг хийх шаардлагатай байгаа. Наад зах нь хэрэгжих боломжгүй заалтуудыг өөрчлөх хэрэгтэй. Намын их хурлыг ганц нэг хүнийг дарга болгохын тулд хийж огт болохгүй.

-Сүүлийн үед У.Хүрэлсүх улс төрд эргэн ирэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор та нарыг энэ бүхнийг хийж байна гэсэн хардлага байгаад байх шиг. Тухайлбал та түүний зөвлөх байсан хүн?
-Бидний хувьд хэн нэгэн хүний захиалгаар яваад байгаа асуудал байхгүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр У.Хүрэлсүх даргатай холбож бичсэн байна лээ. У.Хүрэлсүх бол жижиг амбицийн төлөө хэн нэгнийг хатгах хүн биш. Миний хувьд У.Хүрэлсүх даргын зөвлөхөөр ажиллаж байсан уу гэвэл байсан. Манай Я.Төмөрбаатар, Н.Батсүмбэрэл нар ч зөвлөхөөр нь ажиллаж байсан. Гэхдээ биднээс гадна маш олон хүмүүс байна. Би түрүүн хэлсэн. Энэ бүх жигүүр, хөдөлгөөн санамсаргүй байдлаар гарч ирээгүй. Нөхцөл байдал нь үүссэн учраас гарч ирсэн. Бидний энэ үйлсийг харлуулах зорилгоор ийм яриа гаргах зэргээр хандаж байгаа бол цаана нь албан тушаалтайгаа үлдэх гэсэн хүмүүсийн явуулга гэж харж байна. Үнэндээ намыг шинэчлэх, эрүүлжүүлэх зорилготой залуусыг чимээгүй байх ёстой гэсэн хандлага байна. Мэдээж намын эв нэгдэл чухал уу гэвэл чухал. Гэхдээ болохгүй, бүтэхгүй зүйл дээр хэн ч дуугарахгүй бол нам цаашид байх уу, үгүй юу гэдэг асуудал яригдах хэмжээнд хүрэхэд ойрхон байна л даа.

-МАН боловсон хүчний нөөц ихтэй  гэдэг ч мөнгөтэй залуусыг дэмжиж гаргаад байх шиг харагддаг. Энэ ч бас намын нэр хүндэд нөлөөлж байгаа байх?
-Зөвхөн мөнгөтэй хүмүүс орж ирж байна гэдгийн хажуугаар авлига, хээл хахуульд нэр нь холбогдсон, янз бүрээр цоллуулдаг нэг нэр, хоёр хочтой болсон ийм хүмүүс намын удирдах дээд болон дунд түвшинд нэлээд бий. Шуудхан хэлэхэд энэ хүмүүс намын нүүр царай болж байгаагаас намын нэр хүнд унаж байна. Тэднээс  ангижрахгүй бол нам эрүүлжинэ, шинэчлэгдэнэ гэж байхгүй.

-Нам нэрээ өөрчилсөн нь цаг үеэ олж чадсан уу. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?
-Намын 26 дугаар их хурал шинэчлэлийн хувьд томоохон хурал болж чадсан. Энэ хурлаар бид  МАН гэдэг уугуул нэрээ сэргээсэн,  үзэл баримтлалаа нийгмийн ардчилалын үзэл баримтлал болгон тодотгож өгсөн байгаа. Мөн хичээн эрмэлзэх зүйлээ баталж, дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Сонин хэвлэлээр гарч байгаа шиг намын бага хурлаар  нэрээ сольсныг буруушаасан гэх асуудал огт үндэслэлгүй зүйл л дээ. Хурлаар намын бодлого үйл ажиллагааг хатуу шүүмжилсэн ч  нийт гишүүд намын нэр сольсныг дэмжиж байсан. Угаасаа ч цаг нь болсон байсан. Дараа дараагийн залуу гишүүд, ирээдүй хойч халаагаа бодох ёстой. Гадаад харилцаа, өнөөдрийн хөгжиж байгаа нийгмийг бодох ёстой байсан. Тийм болохоор нэр сольсон асуудалд намын гишүүд талархалтай ханддаг. Гагцхүү МАХН гэдэг нэрээ хадгалж авч үлдээгүй нь буруу зүйл болсон. Гэхдээ энэ бол тусдаа асуудал.
-Танд сүүлийн асуултыг үлдээе?

-Бидний санал санаачилгыг дэмжиж байгаа маш олон намын гишүүд, дэмжигчид байгаа. Бид нэгдсэн зохион байгуулалтад орж байгаа учраас нийслэл төдийгүй орон нутгийн гишүүдтэйгээ ч бас хамтарч ажиллах болно. Намаа хагарган бутаргахын төлөө бус, намынхаа том эрх ашгийн төлөө ажиллах болно.
Г.Долгорсүрэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин