
Улс төрийн ууган намаар овоглож УИХ-д дөрвөнтээ залараад байгаа энэ хатагтайг урвагч, шарвагч хэмээн хэдийнэ нэрийдчихсэн байгаа. Угаас өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгаас шахагдаж, хэл ам хэрүүл уруул хийсний хүчинд нийслэлд нэр дэвших мандат өвөртөлж өөрийн бус намын хүчээр овоглосон “гишүүн” хэмээх сэтэрийнхээ эзэн байж чадаагүй түүнд энэ алдар зохисон ч гэж ванлий. Ямартаа ч унаган намаасаа урваж, улстөрийн толгойд залрах нөхөдрүү гүйсэн тэр явдлыг хүмүүс олон талаас нь тайлбарлаж байлаа. Нэг үгээр хэлбэл албан тушаалын амалгаанд орсон хэмээн үзэх хүн олон. Гэвч Д.Арвин гишүүн МАН-д үнэн сэтгэлээсээ гомдож, хойшдоо хүчин зүтгэх сэтгэл мохсон хэмээн уйлах нь халаг тайлбарлаж байсан. УИХ-д “шавар бурхан” мэт суусан он цагаас эхлэн сул гишүүн байсаар ирсэн түүнд, ингээд ч болтугай сайдын сандалд лаглайх сайхан мөрөөдөл байсан нь ойлгомжтой. Харамсалтай нь түүнд хэн ч, юу ч өгөөгүй. Гэхдээ бас ч гэж зүгээр байсангүй. СӨХ-ны дээд зөвлөл гэгчийг удирдахаар болж албан тушаал горьдсон тэр хүсэлдээ алхам ч болтугай ойртож байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь улсад жилийн орлогынхоо хоёрхон хувийг “бэлэглэдэг” болохоор ашиг орлого гэж авдар авдараар хэмжигдэх учиртай. Энэ хатагтайн суусан сандалтай холбоотойгоор бас нэгэн асуудал гарч ирж байгаа нь тус байгууллагын дарга Жигжидийн тухайд юм. Хэдийгээр “Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өглөө” хэмээж байгаа ч улстөрийн хүрээнд болж буй халаа сэлгээний ээлжит золиос хэмээн хардах нэгэн бий. Тэгэхээр АН-ынхан Арвин хатагтайд амалсан амлалтаа биелүүлэхийн тулд бас нэгэн эрхмийг золиосолж байгаа нь энэ болов уу. Юутай ч энэ томилгоо ариун байна уу, ариун бус байна уу Д.Арвин гишүүнд хамаагүй. Тэр шуналаа гүйцээж, суудлаа эзэлчихлээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна