Анзаараад байхад гэнэн тэнэг ч гэмээр юм уу Монголчууд хэн чанга хашгирч байгааг нь шударга гэж бодож, хэн жагсаал цуглаан зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэж байгааг нь улс төрч гэж ойлгож ирсээр олон жилийг үджээ. Тиймээс улс төрд шургалах хүсэлтэй хүн бүр төрийн бус байгууллага байгуулж, жагсаал цуглаанд хошуу өргөж, нэг л их эрх ашиг ярьдаг болсоор удаж байна. Өдгөөгийн Засгийн газарт шургалсан жагсагч нөхдүүдийг дурдвал УИХ-ын гишүүн Г.Уянгаас эхлээд Ж.Батзандан, Д.Батцогт, З.Баянсэлэнгэ, С.Ганбаатар гээд архагуудын арми араасаа үргэлжилнэ. Гэвч гадаа гудамж, цардмал талбай дээр нойр хоолоо умартан ард түмний төлөө тэнхээ мэдэн хашгиран байж ганц суудал зулгаасан эдгээр нөхөд өдгөө нам гүмхэн ордон дотроо “хурхирч” хэвтэх нь хэний бас юуны төлөө юм бол. Магадгүй албан тушаалаар амаа үдүүлнэ гэдэг л энэ байх.
Ямартаа та бүхэнд УИХ-ын гишүүн гэхээсээ илүүтэй “УИХ-ын жагсагч” хэмээх алдрын эзэн болоод байгаа эдгээр тэмцэгчдийн “жагсагч асан” үеийг нэг эргэн сануулъя.
Жагссаар байгаад УИХ-ын гишүүн болчихсон нэг эрхэм парламентад сууж байгаа нь бидний сайн мэдэх “шар” Г.Уянга. Энэ хүн 2008-2012 оны хооронд болсон бүхий л жагсаал цуглаанд оччихсон, заримыг нь зохион байгуулаад гүйж байсан АНАТХ-ын тэргүүн. Тэрнээс өмнө ч тэр жагсаж л байсан. Ер жагсаал цуглаан гэдэг түүний амьдралын салшгүй нэг хэсэг. “Улс орон, нийгмээ дарангуйлж байсан олон улс төрчийн үхэл жам ёсны байгаагүй. Ард түмнээ басан доромжилж байсан олон нэртэй улс төрч шанд нь өөртөө цаг бус үхэл авчирч байсан түүх бий. Энэ үгийг манай эрх баригчид санах хэрэгтэй” гэж тэр 2008 онд ид жагсаж байх ахуйдаа хэлж байсан. Мөн түүний нэг амлалт буюу УИХ-д эвссэн “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөрт багтсан ажлаас тэр эдгээрийг нь хийхээр ингэж ярьж байсан удаатай. ““Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөрөөс гол чухал заалтууд болох түлш шатахуун, цахилгаан эрчим хүч гээд бүх бүтээгдэхүүний үнийн суурь болдог бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулах, төрийн орон сууцны сан хөтөлбөр, Оюутолгойн 51-ээс дээш хувийг, Тавантолгойгоо 100 хувь монголчууд эзэмших зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө бид ажиллах болно.” гэж. Гэвч хамгийн энгийн хэрнээ байнгын хэрэглээ болсон түлш шатахууны үнэ буурах нь битгий хэл улам нэмэгдсээр байгаа. Гэхдээ Г.Уянга улс төрд суугаад тийм ч их амаа таглаж суугаагүйг санах хэрэгтэй.
Дараагийн нэг онцлууштай эрхэм бол Д.Батцогт. Мөн л “Шударга ёс” эвсэлийн “Монголоо аврах таван хувьсгал”

хөтөлбөрийг дэмжигч. Тэр Ховдод хоёр ч удаа нэр дэвшээд өнгөрсөн сонгуулиар баз С.Бямбацогтын хамт мандат өвөртөлсөн. Тэр цагаас хойш улс төрийн амьдралд гэхээсээ илүүтэй хувийн карьераа хөөж хааяахан хэвлэлд бусдыг муулж, шоолж суух болсон. Түүний жагсаалын жинхэнэ гараа Сүхбаатарын талбайд олон нийтийг уриалан, дуугаа өндөрсгөсөөр гарч ирсэн 2008 оны хавар. Ер нь “Ард түмний холбоо” гэгчийг үүсгэж, ард олондоо танигдсан архагууд нь Г.Уянга бас энэ эрхэм. Үнэхээр ч ард түмний төлөөлөл, шудрага үнэний дуу хоолой хэмээн ёстой нэг гутлаа элэгдэж, дээлээ ханзартал тэмцэж явсан хүмүүсийн нэг бол яах аргагүй Д.Батцогт. 15 олигархийг хүртэл “Их хуралдай”-д ирсэн хэдтэйгээ болон Н.Энхбаяртай “хавсайдан” байж нэрлэсэн гээд түүнд хийсэн тэмцэл, хэлсэн үг олон бий. Харин хэрэгжсэн зүйл гэвэл тэр УИХ-ын гишүүн болж, төрийг дэргэдээс нь хянах мөрөөдлөө биелүүлсэнийг эс тооцвол тун ховор.

Харин төрөлхийн ч гэмээр юм уу, “тэмцэгч ген”-ээ алдахгүй байгаа бүсгүй бол өлсөгч З.Баянсэлэнгэ. Ер нь Монгол улсад нэг намын дарангуйллыг халж, ардчиллыг бий болгохын төлөө Э.Бат-Үүл, Г.Бошигт хэмээх хоёр эрхэм анх өлсгөлөн зарлаж байлаа. Түүнээс хойш “өлссөн” хүмүүс тоогоо алдсан. Шатсан “Бөмбөгөр”, дампуурсан ХЗХ-ын хохирогчид, “Вако”-гийн захиалагчид, газар шороогоо өмгөөлсөн иргэд, “Анод”-ын Н.Даваа, тэмцэгч О.Магнай, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гээд дурдаад байвал маш урт нэрсийн цуваа үүснэ. Харин эдэн дундаас хамгийн топ томруунаар нэрээ гаргаж, суудлаа зассан азтан бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ. Намтар түүх нимгэн энэ эрхэм Н.Энхбаярын төлөө ясаа цайтал тэмцэж ирснийхээ хүчинд өдгөөгийн өндөр сэнтийд өргөмжлөгдсөн гэдгийг хүн бүр мэднэ. Бүр одоо ч гэсэн алдарт ээжүүдтэй хошуу ам нийлүүлэн үг хаяж, эгээтэй л дэргэд нь ороо засаад хэвтчихгүй байгаа. Ямар ч байсан тэр гудамжинд ч, ордонд ч тэмцэгч хэвээрээ байгаа нь олзуурхууштай. Гэхдээ ганц “бурхан” нь болсон Н.Энхбаяр ахынхаа төлөө бус иргэдийнхээ төлөө их тэмцэлээ үргэлжүүлэх хэрэгтэй болов уу.
Энэ мэтээр тэмцэгчдийн талаар илүү олныг бичиж болох ч энд хүрээд түр өндөрлөе. Үлдсэн тэмцэгчдийг цувралаар хүргэх болно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна