Монголд хэн жаргалтай вэ?
2014/02/18

Орост хэн жаргалтай вэ гэдэг шиг монгол төрийн цулбуурыг сүүлийн арван жилд ээлж дараалан атгаж буй хоёр Э буюу Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, хоёр Баяр буюу С.Баяр, Н.Энхбаяр нарын хэн нь жаргалтай юм бол? Бодох л асуулт, сонирхолтой л сэдэв. Ер нь амьдрал, аз жаргал гэж юу юм гэдэг асуултын хариу ч эндээс гарч болно.

Эхлээд ноён С.Баярыг дурандъя.

Улс төрийн технологич өргөмжлөл хүртсэн энэ эрийн хувийн амьдрал тун ч адармаатай, адал явдал ихтэй. Цорын ганц single ерөнхий сайд нэр хочны эзэн болсон ноён С.Баяр амьдралаас авах таашаал ихтэй хүн. Жаран насны босгон дээр насаараа мөрөөдсөн нуган үрээ өлгийдсэн тэрээр нэг талаас завхай зайдан явдалтай, тавтир тогтворгүй нэгэн. Хүүхэн эргүүлнэ, архи ч уучихна. Энд ч караокедоод, тэнд ч бүжиглээд алж өгнө. Сонгуулийн пиар хийж байна гээд баахан рок, попын одод цуглуулчихаад нэг ийм клип “хусчих уу” гэчихсэн явна. “Битлз”-ийн энэ клип шиг клип л Монголд дутагдаад байгаа юм гэнэ. Тэгснээ my girlfriend хэмээн залуухан, бас ч гэж үзэмжтэй бүсгүйг танилцуулж, эд нараар чинь өврөө дулаацуулах юм байна ш дээ ухааны юм ярина. Энэ бол ноён улс төрийн технологичийн найз нөхөдтэйгээ байхдаа тоглодог дүр төрх нь.  Ингэхэд тэр чухам яаж яваад, ямар учраас улс төрийн технологич нэр авчихав аа? Нэг л жишээ татъя. 

Сонгуулийн өмнө “Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцохдоо нарийн ажигласан бол тэр жинхэнэ пиарын ажил хийв. Эмээл харуулж байгаа юм. Энэ нь инструмент буюу бодит хэрэгсэл зэмсэгээр дамжуулж олон нийт дэхь сонирхлын бүлэгт таалагдаж буй пиарын урлагийн маш том арга. Эмээлээр дамжуулж өв соёлоо дээдэлдэг эх оронч нэгэн болохоо ялангуяа хөдөө орон нутгийнхан  болон уяачдн сэтгэлийг татаж чадлаа.

Энэ аавын минь дээл хэмээн үндэсний сайхан тэрлэг үзүүлэв. Үүгээр ахмад настнуудыг татсан. Тэгснээ хоёулаа эр хүн байна даа, зуун грам татчихъя гэсэн нь зуу татчихдаг, аяга пиво хувааж уугаад сэтгэлээ хуваалцчихдаг бүх эрчүүдэд таалагдсан нь дамжиггүй. Үүний цаана энэ чинь харин ч нэг өөрийнхөөрөө сайхан эр байна даа гэсэн мессэжийг ямар ч үггүйгээр өгч чадлаа.

Энэ миний пянзнууд хэмээн эртний пянзнуудаа танилцуулсанаараа сэхээтнүүдийг татсан. Өөрийгөө хөгжим сонирхдог, хоббитой хүн гэдгээ харуулж байгаа юм л даа. Хэн ч анзаарахгүй эдгээр зүйлсийг зүгээр нэг санамсаргүй ярьсан юм биш, бүгд маш нарийн бодож төлөвлөсөн пиарын төлөвлөгөө байв. Ийм аргаар хүмүүсийн далд ухамсарт нөлөөлөх нь пиарын урлагийн нэг тактик байдаг. Үүгээрээ ноён С.Баяр Монголын пиарын урлагт нэгэн том хуудас нээсэн билээ.

Цаашилбал, “Атарын III аян” хэмээх хөдөлгөөн өрнүүлчихээд, хэвлэл олон нийт бүгдээрээ тийшээ анхаарлаа хандуулж байх хооронд стратегийн ач холбогдол бүхий орд газруудын асуудлыг шийдэв. Нэг ёсондоо буудах бай босгож өгчихөөд огт өөр юм хийдэг нь бас л пиарын тактик. Маш нарийн стратеги. Үүнийг оросоор мануухай босгох гэдэг.

С.Баяр Ц.Элбэгдоржийг “дебат” дээр 2 удаа далаар нь тавьж унагасан. Нөгөө мундаг цэцэн цэлмэг Эби Баяраас “каал” гэж байгаа. Энэ их улс төрийн арга ухаан, тактик хаанаас гардаг хэрэг вэ? Дөчин мянгатад төрж өссөн, сэтгүүлч мэргэжилтэй, орос школтой, доктор ээжийн хүү, төрсөн аав нь алдарт Сэнгийн Эрдэнэ баавай гэх хувь хүнийх нь тодотголууд ноён технологичийн энэ ухааныг төрүүлсэн гэхэд хангалтгүй. Учир явдлыг ухвал мань сэргэлэн эр Москвад элчин сайдаар сууж байхдаа МГУ-д пиарын ухаанаар суралцаж, докторын зэрэг хамгаалах диссертациа бичээд орхичихсон байгаа цорын ганц монгол хүн юм байна. Мөн ч ухаантай толгой байгаа биз. Улс төрд пиар гэгч хамгийн чухал болохыг тэртээ ерээд оны сүүлээр ойлгочихсонд л мань хүний “ум” оршиж байгаа юм.   

Тэгвэл Н.Энхбаярыг авч үзье л дээ. С.Баярын яг эсрэг дүр төрх бууна. Түүнд ядахдаа дөчин мянгатын атаман байсан, бага залуудаа түүнтэй тэгж гар зөрүүлж, ингэж сахилгагүйтсэн гэх мэтийн Үүл баатарт байдаг чинээний намтар түүх байдаггүй. Бүх зүйлийг дүрэм журмын дагуу хийнэ. Архи уухгүй, хүүхэн эргүүлэхгүй. Хөзөр тоглохгүй. Авгайтайгаа таарамжгүй, тэгсэн хэрнээ мөн ч олон жил үлгэр жишээ гэр бүлийн дүрд тэд тоглосон доо. Анд нөхөд үгүй. Сайн явахад садан мундахгүй гэгчээр нэр алдарт дулдуйдсан тойрон хүрээлэгчид л байсныг өнгөрсөн хоёр жилийн Н.Энхбаярт оногдсон хар өдрүүд харуулсан билээ. Өдөрт амнаас унамаар амтгүй аягахан хоол иддэг тэрээр орой хоол иддэггүй, өвлийн тэсгим хүйтэнд харзны усанд гүйгээд орчихно. Ямартаа л босоо ороолон нэр авахав. Энэ нэрийг авахад хүргэсэн нэгэн үйл явдал байдаг гэнэ лээ. Нэгэнтээ мань эр Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Д.Сумъяабазар тэргүүтэй хэсэг залуустай Алтай таван богдод авирч л дээ. Тэгэхэд ганцхан Н.Энхбаяр л уулнаас бууж ирчихээд хээвнэг телевизэд ярилцлага өгөөд зогсож байсан гэдэг. Нөгөөдүүл нь телевизийн яриатай манатай, газар элэгдэн хэвтэж байхдаа “Аргагүй л босоо ороолон юм гээч” гэж дуу алдсан гэж байгаа. Гэтэл энэ бүхнийг тэр юуны төлөө хийсэн гэж? Эцэст нь “аавынд” морилж, адгийн арчаагүй амьтан болохын төлөө гэж үү? Н.Энхбаяр өөрийгөө аз жаргалгүй, таашаалгүй болгосон хүн юм биш үү? Өнөөдөр тэр хэдийгээр их айлаас суллагдсан ч гэлээ эсийн үхжил явагдаад эхэлсэн байх магадлал өндөртэй гэгдэж буй. Хэрэв тийм бол эртнээс шаналгасан чихний булагны өвчнийхөө эсрэг хагалгаа хийлгэх боломжгүй болно гэсэн дүгнэлтийг эмч нар хийжээ. Гэхдээ л долоон голтой босоо ороолон босоод л ирнэ хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж буй. Босоод ирэхийг ерөөе. Тэр ч гэсэн хүн шүү дээ. Тэр тусмаа нэгэн цагт Монголын төрд өндөр алба хашиж явсан, хайрлагдахдаа хайрлагдаж, хүндлэл хүлээхдээ хүлээж явсан эрхэм. Гагцхүү энэ өдрүүдэд аз жаргалтай амьдралын тухай илүүтэй эргэцүүлж бодож буй болов уу.

Ц.Элбэгдорж бас л жаргалтай хүн. Олон хүүхэдтэй, эхнэртэйгээ нийцтэй. Зураг зурна, цуглуулна. “Элбэг арт” галерейтэй. Хоол хийнэ, хошин шогийн мэдрэмжтэй, хөгжилтэй гээд хувь хүний сайн чанарууд түүнд байдаг. Холын замд явахад нөхдөө уйдаана гэж л байхгүй гэж байгаа. Хүн элэглэж, дуурайхдаа ёстой гаргууд. Мах чанаж, боодог хийхдээ Эби ерөнхийлөгч журмын нөхөд дундаа алдаршсан гэдэг.

Ингээд бодохоор аз жаргалын тухай төсөөлөл их харьцангуй эд аж. Жинхэнэ аз жаргал гэж юув гэвэл ердөө өдөр тутмын амьдралаас авах таашаал бөгөөд өнө холын зүйл ердөө биш юм. Өөрийнхөөрөө байх, хүслээрээ амьдрах нь аз жаргал ажээ.

М.Саян

“Гранд” сэтгүүл 2013 оны 10 дугаар сар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин