
Цагийг эзэлсэн их аваргатай аймшиггүйгээр хүч үзэх эр зоригтон магадгүй У.Хүрэлсүхээс өөр хэн ч байхгүй. Улс төрийн хэд дотроо л доо. Ер нь өнгөрсөн оны хамгийн огцом шийдвэр гаргасан эрхмээр УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх тодрох учиртай. УИХ-ын гишүүн гэх юугаар ч солишгүй эрх мэдлээсээ татгалзах эр зоригтон үгүй, энэ цаг үед эхнэрийнхээ төлөө, элэг бүтэн амьдралынхаа төлөө тэр тийм огцом шийдвэрийг гаргаж чадсан. Жирийн улс төрийн ажилтнаас Монголын ууган намын генсек, армийн бага дэслэгчээс сайд хүртэл 22 жил тасралтгүй улс төрд явахдаа сайн, муу аль алиныг нь хангалттай сонсож өөрийнхөөрөө тэсэрч дэлбэрч явсан нь У.Хүрэлсүх. Хорин хэдхэн настай “нусгай жаал” улс төрд хөл тавьж, тэр үед улсын хаан мэт зоргоороо авирлаж явсан Н.Энхбаярын өөдөөс аймшиггүйгээр ам нээж байсан түүх ганцхан түүнийх. Өлсөж, жагсаж бүр толгойдоо алчуур зүүн, туг барьж төрийн ордонг түйвээж, тэр ч байтугай тэрсэлсэн нэгэнд шанаа хүртэл буулгаж явсан арвин намтартай энэ эрхэм тэргүүн шадар сайдын албан тушаалаас татгалзаж явсан нь саяханых. Үнэхээр өөр хэнд ч байдаггүй зөвхөн түүнд байдаг ховор чанар бол эр зориг. Тэр ч хэрээрээ улс төр хэмээх уйтгартай, унтаа талбарыг сэрээж, цочроож ирсэн түүнийг төрийн толгойд гарвал цөс ихт зориг тэвчээрээрээ овоо их юм хийх болов уу гэж горилогсод олон байсан байх. Гэвч тэр тэгээгүй. Эхнэрийнхээ хүнд хэцүү цагт нь хажууд нь байж чадах жирийн хань нь гэдгээ тэр баталж чадлаа. Үүнээс илүү хайр гэж юу байдаг юм бэ. Ийм сайн ханьтай тэр азтай бүсгүйд алга ташин баяр хүргэмээр.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна