
МАН-ын удирдлагуудын хэт их биеэ тоолт хийж, нөгөө талаар орон нутаг дахь тус намын амбицаас болж 2012 оны сонгуульд хоёр ч суудлаа алдсан. Тодруулбал, Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшсэн Ц.Даваасүрэн, Дорнодод нэр дэвшсэн Х.Болорчулуун хоёр уг нь МАН-ын угшилтай хүмүүс. Дорнод аймагт судалгаагаар найдвартай ялах магадлалтай байсан “Дорнод гурил” компанийн захирал Х.Болорчулууны тухайд парламентад гэнэт заларсан битүү түшээдийн нэг. Түшээ болсныхоо баяр наадмыг Хэрлэн голын эрэгт орших “Энх” зусланд нижгэр тэмдэглэсэн ноён Х.Болорчулуун эдийн засагч, хуульч мэргэжилтэй, хувийн бизнес эрхэлдэг баян голцуу шинэхэн түшээдийн дундах ганц содон гишүүн буюу аймгийн алдарт уяач гэдгээрээ олны сонирхлыг татаад байгаа. Төрөлхийн монгол, төрснөөсөө хойш орос “язык”-ыг гаргууд эзэмшсэн энэ эрхэм уг нь Хөдөө Аж Ахуйн Их сургуулийг дүүргэсэн агрономич эр. Ардчилсан хувьсгал ид мандан бадарч байх ахуйд агрономич мэргэжлээр ажиллаж явсан тэрээр нэг л мэдэхэд “Дорнод гурил” компанийг үүсгэн байгуулж бизнесийн салбарт хүчээ авсан гэдэг. Улс төрч бас дээрээс нь багагүй мөнгө хөрөнгөтэй эрхмүүд хошуурдаг морин спортыг тэр алгасаагүй. Гэхдээ төрийн ордонд биш, түмнийхээ дунд бизенсмэн замналаар таваргаж байхдаа л энэ салбарт өөрийн эрхгүй орчихсон гэх. Тиймдээ ч уугуул аймгаа төлөөлөн улс төрд суухын зэрэгцээ нутгийнхаа Морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр ажилладаг. УИХ-д суудалтай, хурдан хүлэгт гүйдэлтэй будаг нь ханхалсан гишүүний адуун сүрэгт аймаг, бүсийн наадмаас айраг, түрүү тасалдуулж үзээгүй аргамаг хурдан хүлгүүд олон байдаг гэнэ лээ. Харин түүний гэр бүлийн хүний хувьд Д.Жавзан хэмээх Сэлэн¬гэ ¬аймгийн уугуул бүсгүй буй. Их сургуульд байхын танилцсан хосууд адилхан мэргэжилтэй бөгөөд хоёр охин, нэг хүүтэй. Том охин Б.Хэрлэн нь өдгөө аавынхаа хөл дээр нь босгосон “Дорнод гурил” компанид ажилладаг бол нөгөө охин нь их сургуулийн оюутан. Харин аав, ээжийн эрхи танхи ганц хүү дунд сургуульд суралцдаг байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна