АН-ынхан төрийн толгойд гарсаных ах дүү амраг садангаа ажлын байраар “булах” болоод удаж байна. Бүр дарга нарын сэнтийгээр ураг төрлөө улс төржүүлж байгаа нь олны атаархалыг төрүүлээд байгаа юм. Бид өмнө нь Ерөнхийлөгчийн төрсөн ахын ажил, албан тушаалыг та бүхэнд танилцуулж байсан. Тэгвэл энэ удаа АН-ын угшилтай удам дамжсан улс төрийн албан хаагчдын ажлын байрыг цухас танилцуулах гэж байна. 
Одоогоор тангарагаа өргөн бүрэн эрхээ эдэлж суугаа УИХ дахь есөн миссийн нэг хатагтай С.Одонтуяа “Иргэн Та баялаг” сангийн тэргүүн гэдгээрээ олны танил болсон. Тэрээр өдгөө УИХ-ын гишүүн, УИХ дахь АН
-ын бүлгийн дэд дарга хэмээх сэтэртэй. Чөлөөт цагаараа усан спортоор тууштай хичээллэдэг өнөөх хэд дундаа л гуалиг, сайхнаараа ялгардаг гэх С.Одонтуяа хатагтай нөхөр Г.Өлзийбүрэнгээ өөд нь татсанаар төрийн албыг төрлийн алба болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан. Харин улс төрч эхнэрийн буян заяанд өдий зэрэгтэй яваа Г.Өлзийбүрэн Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна.

Дараагийн эрхэм мөн л хатан ухаантан. УИХ-ын гишүүн, Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах дэд хорооны дарга Г.Уянга. АНАТХ-ы тэргүүнээр “таваргаж” байхдаа хамгийн шударга хүнээр шалгарч явсан эрхэм гишүүний нөхөр Х.Баатархуягийг олон хүн мэдэх. Эхнэртэйгээ хөтлөлцөн шүүх сэргийлэх болж явсаныг нь хүртэл сайн санаж байгаа болов уу. Ямартаа ч Х.Баатархуяг “МОНЦАМЭ” агентлагийн захирлаар ажиллаж байна.

Бас л шударга энэ тэр нь дэндсэн хэмээн ард иргэд ам сайтай байдаг УИХ-ын шинэхэн гишүүн ахыгаа арын хаалгадсан байх юм. Чуулганаас эхлээд байнгын хороодын хуралдаанд хатуухан үг унагадаг хуруу дарам хэдхэн хүний нэг УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрсөн ах Ж.Бат-Эрдэнийгээ Мэдээлэл, харилцаа холбоо төрийн өмчит компаний захирлаар залсан явдал олныг халаглуулж байгаа.

Хамгийн гоё томилгоо нь хууль энэ тэрээ умартан УИХ-ын даргын суудалд заларсан, энэ цаг үеийн хамгийн “хорчин” улс төрчөөр тодроод байгаа З.Энхболдынх. УИХ-ын дарга болмогцоо л унадаг машинаас эхлээд хамаг байдаг нь өөрчлөгдөж, өөртөө хувьсгал хийсэн тэрээр гэр бүлийн хүнээ ч хөсөр хаяагүй. Эрхэм эрх мэдэлтэн даргын эхнэр Т.Бат-Өлзий ХЗЯ-ны газрын даргаар ажиллаж байгаа гэх сайхан мэдээг танд дуулгая.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна