Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ
2012/11/19
Хүн амынхаа тоогоор ч, гэр хорооллынхоо байдлаар ч Сонгино-Хайрхан дүүрэг нийслэлдээ нэгдүгээрт ордог. Хүн амынх нь 70 хувь нь гэр хороололд амьдардаг, ажилгүйдэл, ядуурал ихтэйгээрээ баалуулдаг тус дүүргийн хөгжил цэцэглэлт бусад дүүргээс ялгарч байдаг нь дүүргийн засаг дарга болоод түүний доод албан тушаалтнуудаас шууд хамааралтай гэнэ. Ялангуяа хорооны засаг ноёд хэмээх “хорчин” нөхдүүдээс.  Энэ талаар болон Сонгино-Хайрхан дүүргийн 19-н хорооны засаг дарга нарын газрын наймааны талаар тус дүүрэгт МАХН-аас нэр дэвшигчид мэдэгдэл хийлээ. Мөн СХД-т орон нутгийн сонгууль хүч тэнцэргүй, шударга бус, ёс суртахуунгүй болж байгаа талаар тэд мэдээллэсэн юм.

Энэ үеэр СХД-ийн МАХН-ын дэд дарга М.Бизаагундаагаас дараах тодруулгыг авлаа.
-Сонгино-Хайрхан дүүргийн 19-н хорооны засаг дарга нарын газрын наймааны талаар баримт дэлгэнэ гэсэн. Энэ талаар тодруулбал?
-Хорооны засаг дарга хэмээх эрхмүүд хорооны иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах үүргээ умартаж тойрон хүрээлэгч, цөөхөн хүмүүсийнхээ төлөө ажилласаар ирлээ. Газрын тухайд иргэд өөрсдийн 0,07 га газраа ч авч чадахгүй байна. Сонгино-Хайрхан дүүрэгт  хашаагаар хашчихсан их хэмжээний сул газрууд байдаг. Тэгтэл хэн гэдэг хүний газар болохыг судлаад үзэхээр хороон дарга нарын нэр байгаа юм. Угаасаа газрын наймаа гэхээр ямар хүмүүс, ямар нам холбогддог гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.

-19-н хорооны засаг дарга нар гэж мэдэгдсэн. Бүгд тодорхой баримттай юу?
 
-Засаг дарга нарыг бүгдийг нь газрын наймааны хэрэгт холбох нь учир дутагдалтай. Нэр бүхий Засаг дарга нар байгаа. Тухайлбал: Дүүргийн Иргэдийн хурлын даргаар хууль бусаар сонгогдож байсан, одоо 1-р хороонд нэр дэвшиж байгаа н.Баярт. Тэр хүн СХД-ийн гол төв болсон “Драгон”-ы эзэн бөгөөд 19 дүгээр хороонд авто тээврийн товчоо нэрээр халхавчилж 7 давхар орон сууцны байшингийн газар ухаж иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг шууд хязгаарлаж байгаа юм. Худлаа гэвэл “Драгон” төвийн хажуугаар явахдаа ухсан нүхийг нь нэг хараарай. 

-Сонгуулийн тухайд сөрөг байр, суурьтай байгаагаа сая илэрхийллээ. Энэ талаар дэлгэрэнгүй яриач?
-Бид МАХН-аас Сонгино-Хайрхан дүүрэгт өөрсдийн мөрийн хөтөлбөрөө гарган, тодорхой зорилтуудыг тавин  оролцож байна. Гэхдээ бид хүч тэнцэргүй, шударга бус, ёс суртахуунгүй сонгуульд өрсөлдөж байна. АН, МАН-ын нөхдүүд ёс суртахууныг уландаа гишгисэн нь сурталчилгаа эхэлсэн тэр өдрөөс бидэнд анзаарагдлаа.  Манай нэр дэвшигчдийн зурагт самбар, плакатыг урж, тасдаж, чулуугаар шидэж, зүсэж, огтлох гээд хууль бус, бусармаг үйлдлийг удаа дараалан давтлаа. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ гэдгийг хэлмээр байна. Мөн бидний хийж бүтээхээр зорьж буй бүхнийг няцааж өөрсдийгөө их өндөрт тавиад байх шиг байна. Хийсэн бүтээснээ их ярих юм. Гэвч өнгөрсөн хугацаанд юу хийв гээд харахаас утаа, хог, авилгал хээл хахуулийг нэмсэн байна.  Төрийн үйлчилгээг түмэн олонд хүргэх анхан шатны нэгж болох хороо МАН-ын эрхтэн дархтны гар хөлд хувьчлагдаж очоод даруй 22 жил боллоо.

-Энэ талаараа АН болон МАН-ынханд мэдэгдэл хүргүүлсэн үү?
-Энэ талаар бид мэдэгдсэн. Үнэхээр мөнгө хөрөнгө, эрх мэдлийн дор бид хүчин мөхөсдөж байна. Гадуур мөнгө төгрөг тараах, нүүрс үнэгүй өгөх гэх мэт сонгуулийн хууль зөрчсөн үйлдлүүдийг хоёр намынхан хийж байна. Нэг самбар гэхэд сонгуулийн сурталчилгааны 15 хоногт 13-14 сая төгрөгөөр түрээслэж байгаа.  Энэ их мөнгөөр хэдэн айлын өвлийн асуудлыг шийдэж болох бол. Энэ мэтээр  бодоод үзэхэд  эдгээр нөхдүүд албан тушаалд суухыг юу юунаас эрхэмд үзэж байгаа нь илт байна.

-Мөнгө тараасан, нүүрс өгсөн гэж байна. Энэ нь нотлогдсон юм уу?
-Тэр бусармаг зүйлээ манай сонгуулийн сурталчилгааны байрны дэргэд хийж байгаа. Манай ухуулгачид ард иргэдээс сонссон байна лээ. АН-ынхан нүүрс өгч байна. Ардын намынхан мөнгө тарааж байна гээд ард иргэд бужигнасан байдалтай байна. Энэ бусармаг үйл явдал нь тодорхой болсон.

-СЕХ болон холбогдох байгууллагуудад нь мэдэгдсэн үү?
-Дуулгасан. Энэ талаар судалж байгаа. Цаашдаа бид хууль бус үйлдлүүдийг нь хөндөх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин