
1979-1984 онд Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн дунд сургуульд физик математикийн багшаар ажлын гараагаа эхлэж байсан энэ эрхмийг “экс” Д.Дондог гэдэг. 21-р зуун эхлэх тэр мөч буюу 2000 оноос түмэн олны итгэлийг дааж төрийн ордоны хаалгыг татан Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад өнгөрсөн сонгуулиар жагсаалтын хамгийн сүүлд бичигдсэн билээ. Харин тэрээр энэ жилийн УИХ-ын сонгуулийн дараагаар аавын хаалга татахаар болоод байгааг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Алдарт газрын наймааны хэргээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хэд хэдэн удаа хууль хяналтыханд дуудагдаж байсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зургаадугаар зүйлд зааснаар УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өнгөрсөн оны долоодугаар сарын 9-нд гурав дахь удаагаа хүргүүлсэн ч гэх юм билээ. Даанч УИХ-ын нэр нөлөө бүхий хүмүүс нь зөвшөөрөхгүй байсаар сонгууль хүргэсэн. Тэгээд ч тэр халдашгүй дархан байх сэтэртэй байсан. Түүний гишүүний бүрэн эрх Парламентад шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөснөөр дуусаж улмаар /бараг маргааш нь/ экс гишүүн Д.Дондогт яллах дүгнэлт үйлдсэн.
1990-1993 онд “Говь” ХК-ийн үйлдвэрийн хэлтэст инженерээр ажлын гараагаа эхлэж байсан энэ эрхмийн хувьд Хөвсгөл аймагт 2008

оны сонгуулиар нэр дэвшин ялалт байгуулан парламентийн түшээгээр сонгогдсон. Харин энэ жилийн сонгуулиар сураггүй ялагдаж өдгөө нам гүмхэн амьдрах болоод байгаа. Экс гишүүн Ц.Сэдваанчиг бүрэн эрхийнхээ хүрээнд бас ч гэж чамлахааргүй ажиллаж явсаныг тохой нийлүүлэн суусан анд нар нь дурсан ярьдаг гэнэ лээ. Гэхдээ түүний талаар хэлэхгүй өнгөрч үл болох нэг зүйл байдаг юм. Тэрээр өмнө нь хэд хэдэн удаа эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан бас л «цуутай» хүмүүсийн нэг. «Говь» ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа төрийн өмчит амралтын газрыг хувьдаа завшсан гэдэг. Тухайлбал, Хөвсгөл аймаг дахь «Говь» ХК-ийн харьяа жуулчны баазыг нууцаар худалдан авч, өөрийн эзэмшил болгосон гэх хэрэг гарч байсан ч шийдэгдээгүй өнгөрсөн гэдэг. Ямартаа ч экс гишүүнээ эргэн дурсах болж, нэг сураглах нээ Ц.Сэдваанчиг хэзээ ч хорьж чадахгүй хобби болох гольфоо тоглонгоо өөрийн нэрийн хуудас болсон “Говь”-доо сэтгэл хоргодон суудаг гэнэ лээ.

1985-1987 онд Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст байцаагчаар ажлын гараагаа эхлэж байсан ноён Д.Загджав 2008 оны сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүн хэмээх сэтэрийг зүүж байсан удаатай. Гэхдээ тухайн үед түүний нэр дэвшсэн тойрогт нилээн маргаантай үйл явдлууд болж байсныг олон хүн санах биз. Ямарч байсан УИХ-ын сонгуулиар өрсөлдөгчөөсөө цөөхөн хүний саналаар илүү гарч, аз нь түшин “ялж” байсан эрхэм экс Д.Загджавын явсан газар “балагтай” хэмээн ярьдаг байсан нь нууц биш. Эхнэр нь сумны наймааг монголд цэцэглэн хөгжүүлж, эр нөхөр нь газрын наймаанд гаршсан гээд дандаа хориотой наймаа хийж хөлжсөн хэмээн ноён Д.Загджавын гэр бүлийг тодорхойлдог байсан удаатай. Юутай ч экс гишүүн Д.Загджавыг УИХ-ын гишүүнийхээ суудлаас буусаны дарааханаас эхлээд л Улаанбаатар төмөр замын даргаар ажиллах тухай шуугиж байсан. Гэвч түүнийг энэ албанд томилоогүй. Харин Д.Загджав экс маань одоо дараагийн сонгуулийн бие хаалтаа хийгээд төрийн ордонг хаа нэг “нэгжсэн” шиг алхаж байгаа сурагтай.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна