Сайд Л.Болд М.Шпинделеггертэй уулзлаа
2012/10/26

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын Европын зарим орноор хийж буй ажлын айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Австри Улс /БНАУ/-ын Дэд канцлер бөгөөд Холбооны Гадаад хэргийн сайд ноён М.Шпинделлегертэй уулзаж, хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны тухай хэлэлцээ хийсэн.

Уулзалтаар Монгол Улс, БНАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2013 онд тохиохтой холбогдуулан хэрэгжүүлэх ажлууд, түүний дотор өндөр дээд хэмжээний айлчлал, эдийн засгийн харилцааг хөхүүлэн дэмжсэн арга хэмжээ болон соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцсон байна.

Энэ үеэр сайд Л.Болд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулж, ирэх онд Улаанбаатарт болох Сайд нарын уулзалтад М.Шпинделеггерийг оролцохыг албан ёсоор урилаа.
Талууд Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комисс нь хоёр талын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх чухал механизм болохыг тэмдэглэж, БНАУ-аас олгохоор тохиролцсон 40 сая еврогийн хөнгөлөлтэй зээлийг хэрхэн үр дүнтэй зарцуулах талаар ярилцав. БНАУ нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Өрнөдийн хоёр дахь улс бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд нь Өрнөдийн орнуудаас анх удаагаа буюу 1982 онд Монгол Улсад айлчилж байжээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээд байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • ЗОЧИН
    САЙН БАЙНА ШҮҮ
    2012 оны 10 сарын 29 | Хариулах
Сонин хачин