Улс төр бужигнахын хэрээр яруу найрагчдын онгод орж байгаа бололтой. Гэхдээ энэ эрхэм өөрөө улаан улс төрч хүн л дээ. Өнгөрсөн сонгуулиар МАН-аас Архангай аймагт нэр дэвшиж харамсалтай нь илт давуу байдлаар ялагдал амссан. Ямартаа ч МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллахын сацуу “Үнэн” сонины эрхлэгчийн албан тушаалтай “Болор цом-29” наадмын дэд тэргүүн байрын шагналт Ж.Мөнхбатын Ардчилсан төрд хандаж хэлхсэн үнэн хийгээд гашуун үгтэй хэдэн мөр шүлгийг танд хүргэж байна.
Атга шороо ширхэг чулууны чинь төлөө
Хэчнээн олон эрс
Амиа зул болгож өргөснийг сана
Эх орон минь
Алтан соёмбын чинь ихэр загасыг амгалан байлгах гэж
Хэчнээн ч аавын үрс
Асгарсан цус урссан хөлсөөрөө чамайг өмөөрснийг сана
Эрхт төр минь
Ижий бүхэн цацлаа төрийн сүлдэндээ өргөж
Эцэг бүхэн сэржмээ төрийн сүлдэндээ дээжилж
Буруудаж зөвдөхийн алинд ч хоёргүй сэтгэлээр
Бурхнаас ч илүү дээдэлж ирснийг сана
Төгөлдөр эрхэм бүхний дээд нь хэмээн итгэж
Төрийн сүлд өршөө гэж уулга алддагийг нь сана
Буудах цаазтай төмөр зарлигийг чинь сонссон
Буруугүй хичнээн зүрх чамд гомдоогүйг сана
Хаан богд Чингисийн халуун цусаараа гэрээсэлсэн
Хамаг монгол түмний халуун амиараа өмөөрсөн
Морин сүлдтэй морин нүүдэлтэй
Монголын төр чамд хэлэх үг байна
Гэм хийсэн буруутанг гэсгээж шийтгэхдээ чи
Аав шиг төр бай
Гэнэдэж яваа үрсийнхээ гэмийг нь уучлахдаа чи
Ээж шиг төр бай
Буруутай бол буруугаа хүлээчихдэг
Хүү шиг төр бай
Бусдын төлөө бүхнээ зориулсан
Бурханлаг төр бай
Төр чамайг мэргэн байх аваас
Төгөлдөр бас тунгалаг байх аваас
Арслантай тамганы чинь дардас хатваас
Цусаараа дэвтээхэд ч бэлэн
Алтан соёмбыг чинь хазайваас
Ясаараа ивж тулахад ч бэлэн
Ард түмэн чинь хүлээж байна
Агуу бас тэнгэрлэг бай
Харцаа буруулсан ч сэтгэлээ буруулдаггүй
Амраг шиг төр бай
Хамаг монгол түмнээ л гэсэн
Төр шиг төр бай
Сэтгэгдэл байхгүй байна