Төрийн ордоны гадна, доторгүй МАН-ын УИХ дахь гишүүд болон дэмжигчид жагсаал зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээллэсэн. Тэгвэл тус жагсаалаас үүдэж үдээс өмнө хуралдах байсан чуулганы хуралдаан завсарлаад байгаа юм. МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн АН-ын УИХ-ын гишүүдийг жагсагчид Төрийн ордонд нэвтрүүлэхгүй хаалгыг хаагаад байгаа юм. Тиймээс чуулганы хуралдаан 15.00 цагаас эхлэхээр болж түр завсарлага авлаа. Энэ үеэр дараах гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Монголчууд хуулийн хүрээнд амьдрах цаг болсон
Өнөөдрийн чуулганы хуралдааны гол онцлог нь Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг батламжилж, тангарага өргүүлэх байсан. Харамсалтай нь сая чуулган хуралдаж чадсангүй хоёр цаг хүлээлгэлээ. Чуулган хуралдаж чадаагүй гол шалтгаан нь УИХ-ын гишүүдийг ордонд оруулахгүй бүх хаалгыг иргэд хааснаас боллоо. Тийм учраас ирц хүрээгүй болохоор чуулганы хуралдаан завсарлаж байна. Харин хоёр гишүүний тухайд бид хуулийн хүрээнд ажиллаж байгаа гэдгийг бүгд ойлгох ёстой. СЕХ хуулийнхаа дагуу УИХ-ын даргад хоёр нэр дэвшигчийг өргөн барих тухай асуудал яригдсан бол нэр дэвшигчдийг тангарага өргүүлэх асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ дагуу шийдэх учиртай. Энэ дээр ямар нэгэн улс төрийн асуудал байхгүй. СЕХ-ны шийдвэр гарсан л бол УИХ хэлэлцэж шийдэх ёстой. АН СЕХ-нд нөлөөлсөн юм огт байхгүй. Миний мэдсэнээр СЕХ тухайн тойрогт нэр дэвшсэн хүмүүс сонгуулийн хуулийг зөрчиж иргэдийн саналыг худалдаж авсан, хууль бус үйл ажиллагаа хийсэн гэдгийг тогтоосон. Энэ үйлдлүүдийг ч үнэн гэдгийг шүүх шийдсэн гэдэг тухай асуудал байгаа. Ер нь Монголчууд хуулийн хүрээнд амьдрах цаг болсон. Хууль хуулиндаа л явна. Хуульгүй ийм зарчимгүй зүйлийг бид нар шударга ёс гэж үзэж болохгүй. Өнөөдөр болж байгаа үйл ажиллагаа ард түмний амьдралд сөргөөг нөлөөлж байгаа гэж бид огт үзэхгүй байна. Хууль ямар байна тэр хэрээрээ л бүх зүйл шийдэгдэнэ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: УИХ элэг бүтэн болох ёстой
УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах үүрэгтэй. Энэ үүргийг СЕХ яаралтай бүрдүүлэх ёстой. Хэд хэдэн тойрог маргаантай байгаа. Сонгино-Хайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг, Завхан, Увсын хоёр тойрог дээр ч маргаан байгаа. Тийм болохоор СЕХ аль болох хурдан маргааныг шийдэж УИХ-ын гишүүдийг оруулж ирэх ёстой. УИХ элэг бүтэн болох ёстой гэж би үзэж байна. Харин Өвөрхангайн тойргийн хувьд аль нэг нам гэхээсээ илүүтэй маргалдагч талуудын маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэсэн, мөн СЕХ-ны гаргасан шийдвэр, дүгнэлт чухал. Тэгэхээр сонгуулийн маргааны эцсийн дүнг СЕХ гаргана. СЕХ-ны шийдвэрийг хууль зөрчсөн байна гэж үзвэл цаашаагаа хяналтын шүүх, давж заалдах шүүх гээд, бүр хүний эрх зөрчсөн байна гэж үзвэл үндсэн хуулийн цэцэд хандах гээд МУ-д хуулийн хүрээнд маргааныг шийдэх бүтэц нь бүрэн байгаа гэж хэлмээр байна.
Сэтгэгдэл байхгүй байна