
МАН-ынхан өнгөрсөн сонгуулиар цөөнх болж засгийн эрхийг барьж байсан он удаан жилийн ноёрхолдоо цэг тавьсан. Түүгээр ч барахгүй УИХ дахь МАН-ын бүлгээ ч баталгаажуулж чадаагүй өнөөг хүрсэн. Харин МАХН-ынхан МҮАН-тай нэгдэж эвслийн засгийн газарт шургасан ч бас л хоорондоо таарамж муутай байгаа. Бүр орон нутгийн сонгуулиар “Шударга ёс” эвсэл бус МАХН, МҮАН тус тусдаа хүч үзэхээр зэхэж буй гэх. Яг үнэндээ энэ хагарал нь хоёр намын дарга нараас болсон гэхэд болно. Н.Энхбаяр нь ялтан болж, М.Энхсайхан нь ямар нэгэн албан газрын суудалгүй үлдэж улс төрөөс түр завсарлага авахад хүрсэн. Тэр явдалаас болж хоёр дарга нэг нь эмнэлэгээс нөгөө нь гэрээсээ ширүүхэн мэтгэлзээн үүсгэж намынханаа талзахад хүргэсэн гэх үү дээ. Ямартаа ч энэ явдалыг ажиж суугаа МАН-ынхан МАХН-тай нэгдэх талаар гадуур нэг бор шувуу нисээд байна. Тэгтэл түүнийг зах зухаас нь хэлэх гэсэн мэт МАН-ын дарга Ө.Энхтүвшин саяхан Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаад авсан. Гэхдээ тэр уулзалтаар ямар нэгэн улс төрийн тохироо хийгээгүй, тэгэх ч амжилага болоогүй гэж байгаа. "Бид хамтдаа маш их зүйлийг туулсан хоёр шүү дээ. Бидний дунд итгэл, үл итгэл, тэгээд дахин итгэл ч байлаа. Хүмүүсийн явуулгаар хоорондын харилцаанд ан цав үүсэж, түр тар гэх үе байсан ч намаа гээд хамтарч ажиллаад явж л байж. Өнөөдөр тэр хүн ялтан болчихлоо. Хүнийг ямар нэг хэлбэрээр хэлмэгдүүлэх вий гэдгээс Монголын төр, улс төрийн хүчнүүд үргэлж сэрэмжлэх ёстой” хэмээн Ө.Энхтүвшин дарга хэлж буйгаас харахад магадгүй энэ хоёр нам эргээд нэг болохыг үгүйсгэх аргагүй. Ямартаа ч Ө.Энхтүвшин МАХН-ыг бас Н.Энхбаярыг яагаад тэгтэлээ их сонирхох болов.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна