Шинэ цагийн Монгол хөрөнгөтнүүд хэрхэн яаж хөлжиж баяжсан түүх хэн бүхэнд сонин байх нь лавтай. Аливаа том бизнесийн цаана баг өмсөж, зүсээ хувиргасан төрийн түшээд байдаг нь хачирхаад байх зүйл нэгэнт биш болжээ. Тэдгээрийн заримтай нь танилцъя.
Н.Энхбаяр ба “МОННИС ИНТЕРНЭШНЛ”

Монголын бизнесийн томоохон группүүдийн нэг бол “Моннис интернэшнл”. Арлын оронд коллеж төгссөн Б.Чулуунбаатар хэмээх залуу эр тус группыг толгойлдог. Японоос “Nissan”-ны машин оруулж ирэн Монголын баячуудыг хөл залгах унаагаар тэтгэдэг, дампуурлын ирмэгт байсан “Аеромонголия” компаныг өндөр үнээр худалдаж авсан, Төв номын сангийн бөөрөнд “Моннис” хэмээх тэнгэр баганадам шилэн цамхаг босгосон гээд тун ч эрчтэй бизнест хөлөө олж буй залуу эрийг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай бизнес ажил хэрэг төдийгүй садан төрлийн холбоотой гэх нь бий. Баттай бус эх сурвалжийн мэдээгээр Б.Чулуунбаатар, Н.Энхбаяр хоёр ах дүүсийн хүүхдүүд гэнэ. Тийм ч учраас хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэгчээр стратегийн ач холбогдолтой томоохон бизнесүүдээ “Моннис”-ийн Чукад атгуулдаг биз ээ. Юутай ч “Чоно“ группынх гэгдэх болсон завь хэлбэрийн шилэн байгууламж үнэн хэрэгтээ экс ерөнхийлөгчийнх хэмээн баталцгаадаг. Инженерийн алдаанаас болж ашиглалтанд хүлээн авах боломжгүй гэгдээд удаж буй энэ обьект сүүлийн үед нээлтээ хийнэ хэмээн мэдээлэл цацах болсон нь бас сонирхол татаж байгаа юм. Юутай ч дээдсийн хүрээнийхэн баян хүнийг балаг тойрохгүй гэдэг, энэ зэргийн гарз Н.Энхбаярт бол юу ч биш хэмээн жиг жуг хийдэг нь
атаархлын өнгө аяс нэвт ханхлуулах мэт. Шулуухан хэлэхэд зөвхөн “Моннис”-ээр барахгүй томоохон бизнесийн бүлэглэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз гээд салбар бүрт нөлөөллөө тогтоосон бизнесийн байгууллагууд экс ерөнхийлөгчийн хяналтанд байдаг нь нууц биш. Улс төрчийнхөө хувьд ч гэсэн энэ эрхэм шиг том орон зайтай, тод төрхтэй индивуд тун ховор, байхгүй гээд хэлчихэд хилсдэхгүй.
Сэтгэгдэл байхгүй байна