
Хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хүнд байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Б.Гантөмөр, Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгэ, Г.Уянга, С.Ганбаатар нарын санаачлагаар гадаад орнуудад хэрэгждэг “Day-Care” буюу хүүхэд харах үйлчилгээг судалж, сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулахаар НББСШУ-ны байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж байгаа гэнэ. Улмаар энэ ажлын хүрээнд ирэх Пүрэв гаригт Засгийн Газар, холбогдох яамд болон эцэг, эхийн төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг хийхээр бэлтгэж байгаа аж. Энэхүү нээлттэй хэлэлцүүлгийн гол зорилго нь нийт ард иргэдэд Хүүхэд харах үйлчилгээний талаарх мэдээллийг өгч, таниулахад орших бололтой.
Үнэхээр ч хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаатай холбогдуулан “Day-Care” буюу хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх нь өнөөдөр манай улсад тулгамдаж байгаа хүнд асуудлуудын нэгийг шийдэхэд дөхөм болж мэдэх л юм. Гэхдээ эцэг эхчүүд харин тэр харах хүндээ итгэх эс итгэх тал дээр жаахан эргэлзээтэйн дээр мэргэжлийн бус хүмүүс харгалзах болохоор хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндээс эхлээд мөн л асуудалтай.
Ямартаа ч энэ үйлчилгээ нь гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эх, эцэг болон хүүхэд харах боломжтой иргэд тодорхой шаардлага хангасны дагуу төрийн санхүүжилтээр гэртээ 6 хүртэл тооны хүүхэд харж хүмүүжүүлэх үйлчилгээ. Хүсвэл хүүхдээ харуулж буй эцэг, эхийн санаачлагаар төлбөр төлж болох бөгөөд энэ нь гэртээ суугаад хүүхдээ харж байгаа эцэг, эхэд нэмэлт орлого олох боломжийн хажуугаар хүүхдээ харуулж байгаа эцэг эхэд санаа зовох зүйлгүйгээр ажлаа хийх боломжийг олгох юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна