Мэдэгдэл
2012/09/17
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль өнгөрөөд гурван сар болох гэж байна. Энэ хугацаанд үүсч бий болсон улстөрийн нөхцөл байдлыг Монгол Ардын Нам анхааралтай ажиглаж, үнэлэлт дүгнэлт өгч, байр сууриа идэвхтэй илэрхийлсээр ирсэн билээ.
   Төр, засгийг дангаар эмхлэн байгуулах эрхийг Ардчилсан нам ард түмнээсээ аваагүй атлаа хэт эрдсэн, хүч түрэмгийлсэн, хууль зөрчсөн увайгүй бодлогыг хэрэгжүүлж байна. Хууль дээдлэх ардчиллын үндсэн зарчмыг гажуудуулсан энэхүү үйл ажиллагааг хүлцэн тэвчих аргагүй боллоо гэсэн олон түмний дуу хоолойг ч хясан боогдуулж байна.
     Төр улсаа төвхнүүлэх ардчилсан засаглал нь гагцхүү ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл байх учиртай. Монголын ард түмний 40 гаруй хувь нь Монгол Ардын Намд итгэл хүлээлгэн түүний төлөө саналаа өгсөн юм. Тиймдээ ч олон ургальч үзлийн талбар болох Улсын Их Хуралд төлөөллөө илгээсэн билээ. Гэтэл хэн ч халдашгүй дархан эрхийг нь Их хурлын сонгуульд өрсөлдсөн хүчин басамжлан үгүйсгэж, үл ойшоож байна.
    Энэ бол парламентын ардчилал, соёл иргэншлийн үнэт зүйлсийг уландаа гишгэж, авторитар, тоталитар тогтолцоог засварлан сэргээх гэсэн оролдлого гэж Монгол Ардын Нам үзэж байна. Сөрөг хүчний дуу хоолойг боомилно гэдэг нь дарангуйлал. “Ардчилал”, “шинэчлэл” гэх үгсээр халхавчлан, түүгээр олон түмний тархийг угааж, олонхийн санал гэгчээр түрий барин хамгийн харгис дэглэм тогтоож байсан түүх энэ хорвоод бишгүй бий. Бид үүнийг мартах болоогүй.
     Ардчилал бол цөөнхийн үзэл бодол, байр суурьд хүндэтгэлтэй хандах улстөрийн соёл гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Цөөнхийг үл тоомсорлох, улайран хясах, нухчин дарах нь Монгол Улсад ардчиллыг булшлах, хүний эрх, эрх чөлөөг зөрчих, нийгэмд айдас хүйдэс, үл эвлэрэл, талцлын уур амьсгал бий болгох, олон улсын хүрээнд хүлээсэн үүрэг, хариуцлагаас ухарсан үйлдэл болж байна.
      Монголчууд бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно гэж зарлан тунхагласан Үндсэн хуульт парламентын засаглалтай улс билээ. Харин Ардчилсан нам Үндсэн хуулийн энэ заалтаас шууд няцсан алхам хийж байна. Үүнийг сонгогч иргэдийнхээ хүсэл зоригийг хямсагнан ялгаварлах, тэдний дэмжсэн сөрөг хүчнийг улстөрийн үйл ажиллагаанаас шахан зайлуулах дээрэнгүй үйлдлүүд нь гэрчилж байна. Нэгийг ярьж нөгөөг гүйцэлдүүлэгч эрх баригчид жинхэнэ нүүр царайгаа тод томруун харууллаа. Хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах иргэдийнхээ эрхэм зорилго, тэмүүлэл, хүчин зүтгэлийг улстөрийн ямар ч хүчин, эвсэл золих учиргүй. “Ингэж чадна, болдог юм“ гэж байвал дэндүү эндүүрэл бөгөөд эрх зүйт төрийг үгүйсгэсэн явдал болно.
     Эрх баригчид Үндсэн хуулийн бус аргаар, ерөөс хууль дээдлэх ёсыг замхруулах, устгах замаар үйл явуулгаа дэглэж байна. Тэд дур зоргоор аашлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2; 24.1; 27.1; 33.1.2; Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5.2; 7.1.2; УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11.2 заалт зэргийг илт зөрчсөн юм. Ингэснээр иргэдийн төрдөө итгэх итгэл, иргэдийнхээ өмнө төрийн хүлээх ёс зүй, оюун санаа, ёс суртахууны үнэлэмжийг үнэгүйдүүлэв.
   Эрх мэдэлдээ бялуурч, албан тушаалд улайрсан бүлэглэлүүд түрэмгийллийн жаягаар сөрөг хүчиндээ аархах нь нийгмийн тогтворгүй байдлыг өдөөн турхирч, үндэсний аюулгүй байдлыг бусниулах уршиг дагавартай бөгөөд олон түмнийг сөргөлдөөний зам уруу халтиран оруулж болзошгүйг Монгол Ардын Нам хатуу сануулж байна. Ийм бусармаг явуулгаа ухамсарлан даруй зогсоохыг бид Ардчилсан намаас шаардаж байна.
   Сөрөг хүчинтэй бүтээлч, ажил хэрэгч, зөвшилцлийн зарчмыг дээдлэн улстөрийн соёлтой хамтран ажиллахыг эрх баригчдаас үндэсний эв нэгдэл шаардаж байна. Гэтэл Ардчилсан нам бүх асуудалд хаан боогдуулах байр сууринаас хандаж байгаад сэтгэл ихэд зовниж байна.
      Бидний болгоомжлол, сэрэмжлүүлэг, шаардлагыг үл тоомсорловоос улстөрийн үйл ажиллагааг зөвхөн Улсын Их Хуралд төдийгүй нийгэм даяар өрнүүлэх болно гэдгээ Монгол Ардын Нам хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Үүнээс үүдэх бүх үр дагавар, хариуцлагыг гагцхүү эрх баригчид хүлээх болно гэдгийг анхааруулж байна.
      Бид шударга ёсыг дээдэлж, эрх баригчдын зөвхөн өөрсдийн явцуу ашиг сонирхол, дур зоргоороо аашлах үйлдэл, ард түмэндээ ээлгүй аливаа бодлогыг тууштай эсэргүүцэн тэмцэх болно.
Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл
Улаанбаатар хот


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин