МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Занданшатар Социнтернийн Ерөнхий нарийн бичгийн дарга болоэ Олон улсын парламентын холбоонд бичиг хүргүүлээд байгаа билээ. Тэгвэл МАН-ын генсекийн илгээсэн захидалыг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна. CОЦИНТЕРНИЙН ЕРӨНХИЙ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
ЛУИС АЯАЛА ТАНААЭрхэм хүндэт Луис Аяала,
2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд манай нам 25 суудал авч сөрөг хүчин болсон юм. Монгол Ардын нам засгийн эрх баригч эсвэл сөрөг хүчин байхаас үл хамааран улс орондоо ардчиллыг бүрэн утгаар нь хөгжүүлэхийн төлөө эрмэлзэн ажилласаар ирснийг СоцИнтерн болон түүний гишүүд сайтар мэдэх билээ. Ардчиллыг цогцлуулна гэдэг нь эн тэргүүнд хуулийг дээдэлж, улс төрийн өндөр соёлтойгоор төрийн үйл ажиллагааг авч явах явдал гэж бид ойлгодог. Гэтэл Монгол Улсын Их Хуралд олонхийг бүрдүүлж буй нам, эвсэл манай орны ардчилсан 20 жилийн хөгжлийн баталгаа болсон Үндсэн хуулийг үл хүндэтгэж хууль зөрчсөн алхамуудыг засаглалын үйл ажиллагаанд удаа дараа хийж буйд Монгол Ардын нам сэтгэл нэн зовниж байна.
УИХ-ын дарга,түүний бүтцийн байгууллагуудыг хууль зөрчин сонгож,парламент эхнээсээ хууль ёсыг уландаа гишгэж улмаар энэ үйлдлээ зөвтгөн олон улсад сөрөг хүчнээ буруутгасан мэдээлэл цацаж байгаа учраас Социнтернийн бүрэн эрхт гишүүний хувьд үнэн зөв мэдээлэл,бодит байдлыг Та бүхэнд уламжлах нь зүйтэй гэж бид үзсэн юм. Ардчилсан намын хууль бус ажиллагаа болон нийгэм болон олон улсад сөрөг хүчнийхээ талаар түгээж буй буруу ташаа мэдээллүүдийг засаж залруулахыг Ардын намын олон мянган гишүүд шаардаж удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн ч эс хүлээн авч өнөөдрийг хүртэл хүн амын 40 гаруй хувийн саналыг авсан Монгол Ардын намыг үл тоомсорлон бүлэг байгуулах асуудлыг гацаасаар байна. Парламентад гурван ч бүлэг байгуулах хэмжээний суудал эзлэх боломжийг Монголын ард түмэн Ардын намд олгосон хэдий ч сонгогчдын эрхийг хөсөр хаяж, тэдний дуу хоолойг боомилж байгаа хууль бус ажиллагааг олон нийт ч эсэргүүцэн дургүйцлээ илэрхийлсээр байгаа билээ.
Бодит нөхцөл байдал ийм байхад дээр хэлсэнчлэн эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгт манай намын байр суурийг буруутгасан,гүтгэж гүжирдсэн ташаа мэдээллийг түгээсээр байна. Иймд Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга Та бодит нөхцөл байдлыг СоцИнтернийн ах дүү намуудад өөрийн шугамаар тайлбарлаж үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсье.
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар
ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНД Хүсэлт тавих тухайМонгол Улс 1962 oнд Олон Улсын Парламентын холбоонд элссэн цагаас хойш тус байгууллагын үзэл баримтлал, үнэт зүйлсийг өөрийн оронд төдийгүй бүс нутагт түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцож ирсэн билээ.
2012 оны Парламентын сонгуульд олонх болсон улс төрийн нам, эвсэл гарсангүй. Аль ч нам эвсэл 39 суудал авч чадаагүй нөхцөлд хамгийн олон суудал авсан нам, эвсэл хуулийн дагуу бусад нам эвслүүдтэй зөвшилцөж Улсын Их Хурлын даргыг томилох,тэрхүү хуралдааныг насаар хамгийн ахмад гишүүн даргалах хуультай.Гэвч хууль зөрчин УИХ-ын дарга болон түүний бүтцийн байгууллагуудыг сонголоо. Түүгээр ч үл барам Парламентад Ардчилсан намын дараа буюу авсан суудлынхаа тоогоор хоёрт бичигдэж байгаа Монгол Ардын Намын бүлэг байгуулах эрхийг хязгаарлаж гишүүд байнгын хороодод үг хэлэх,асуудал таслах эрхийг боомилсоор даруй хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Монгол Ардын нам эрх баригч эсвэл сөрөг хүчин байхаас үл хамааран улс орондоо ардчиллыг бүрэн утгаар нь хөгжүүлэхийн тулд хуулийг дээдэлж, улс төрийн өндөр соёлтойгоор төрийн үйл хөтлөн явуулах зарчмын дээдэлсээр ирсэн түүхтэй.
Тиймээс ч хууль тогтоомжийг зөрчин түрэмгийлэн засаглаж байгаа эрх баригчдын үйлдлийг манай нам буруушааж байгаа юм. Цөөнхөө хүндлэх,дуу хоолойг нь сонсох Олон улсын Парламентын Холбооны зөвлөмжийг чанд сахиж ирсэн улс төрийн хүчний хувьд,энэ байгууллагын гишүүний хувьд Монголын ардчиллын баталгаа болсон Үндсэн хуулийг зөрчсөн Монголын парламентад өрнөж буй энэхүү нөхцөл байдлыг Олон Улсын Парламентын холбоо үнэн зөвөөр дүгнэж, бодит нөхцөл байдлыг Олон Улсын Парламентын гишүүн орнуудад өөрийн шугамаар тайлбарлаж, мөн цөөнхийн эрх зөрчигдөж буй асуудлаар Олон Улсын Парламентын Холбоо байр сууриа илэрхийлэхийг хүсч байна.
Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна