Гишүүд зах дээр. . .

УИХ-ын гишүүн УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Г.Уянга нар өчигдөр Олон улсын худалдааны “Нарантуул” төвөөр орж, худалдаа эрхлэгчидтэй уулзсан байна.
Тус худалдааны төвийн Үйлдвэрчний хорооны мэдэгдэж буйгаар “Нарантуул” төвд худалдаа үйлчилгээ эрхэлж буй 30000 хүний 50,7 хувь нь 7-21 жил ажилласан ч тэдний таван хувь нь л нийгмийн даатгалд хамрагдсан байгаа аж. Иймд тэдний ажилласан жилийг “улсад ажилласанд тооцох” арга хэмжээ авахыг парламентын гишүүдээс удаа дараалан хүсээд байгаа билээ.
Тиймээс эрхэм гишүүн Н.Батцэрэг “Нарантуул” худалдааны төвийн наймаачидтай уулзахдаа “Ерээд онд эхэлсэн шилжилтийн он жилүүдийг ганзагачин, наймаачин гэж нэрлэгддэг хүмүүс үүрч ирсэн. Одоо эргээд хартал та нарын маань амьдрал баталгаагүй, төрөөс үзүүлэх аливаа хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагддаггүй, тэтгэвэргүй үлдэхээр байна. Зөвхөн нийгмийн даатгал ч гэлтгүй ер нь хувиараа хөдөлмөр эрхэлж, төрийн нуруун дээрх ачааг

хөнгөлөлцөж ирсэн хүмүүсийн талаар баримтлах бодлогыг иж бүрнээр шийдэхийн төлөө ажиллана” хэмээн дуулгасан байна. Харин олон жил цардмал гудамжнаас ард иргэдийн дуу хоолой болон тэмцэж явсан Г.Уянга гишүүн шилжилтийн үед ажлын байр нь татан буугдах зэргээр ажилгүй болсон хүмүүсийн нийгмийн даатгалыг төрөөс төлөх, мөн зарим хэсгийг иргэд өөрөө төлж нийгмийн даатгалд хамруулах тухай хуулийн төсөл парламентаар хэлэлцэгдэж буйг мэдэгдсэн юм.
Тэгэхдээ энэ нь 2000 оноор хязгаарлагдахаар байгаа гэв. Иймд 2000 оноос хойшхи ажилласан жилийг мөн тооцож шийдэх төслийг санаачлахаар зэхэж буйгаа илэрхийлсэн нь худалдаа эрхлэгчдийн талархлыг хүлээгээд авсан байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна