Мэдэгдэл
2012/08/21
УИХ дахь МАН-ын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгч болон нийт ард түмэндээ хандан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлийг УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд танилцуулсан юм.
Тэрээр “УИХ-ын даргыг шинээр сонгохдоо уг албан тушаалд эхэлж нэр дэвшүүлэх санаачлага авсан АН УИХ-д суудалтай бүх намуудтай зөвшилцөх хуулийн заалтыг үл хэрэгсэн хүч түрэн шийдвэрлэсэн нь Парламентын ардчилал, нэгэнт тогтсон соёлыг уландаа гишгэсэн үйлдэл боллоо. УИХ-ын дарга гэдэг бол УИХ-д суудалтай намуудын үзэл бодлын зөвшилцлийг зохицуулан зуучлагч, парламент дахь улс төрийн соёлыг хадгалан илэрхийлэгч байх ёстой. Гэтэл УИХ дахь АН-ын удирдлага УИХ-ын даргыг өөрийн намын эрх ашгийг хамгаалагч, Парламент дахь олонх цөөнхийн ашиг сонирхлыг зохицуулах бус хооронд нь сөргөлдүүлэгч нэгэн болгон хувиргасныг улс төрийн балмад үйлдлүүдээс нь бэлхнээ харагдаж байна.
УИХ-ын Анхдугаар чуулганд тусгайлан заагдаагүй УИХ-ын гишүүн нэгэн зэрэг гурван байнгын хороонд орж болох, байнгын хороо нь 10-19 хүнтэй байхаар хуульд өөрчлөлт оруулах болон УИХ дахь МАН-ын бүлгийг зарлан мэдээлэхгүй байх замаар УИХ дахь МАН-ын бүлгийн хууль ёсны эрх үүргийг боомилох, үйл ажиллагааг нь хясан боогдуулахад чиглэсэн парламентын ардчилалд үл нийцэх, дарангуйллын алхам үйлдлийг улс төрийн тодорхой зорилгын дор шат дараалан явуулж эхлээд байна.
Засгийн газрыг байгуулахдаа УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн МУ-ын Ерөнхийлөгчийн байр суурийг үл тоомсорлож яамдын тоог бүлэг фракцын эрх ашигт нийцүүлэн бүдүүн Засгийн газар байгууллаа.
Үндсэн хуулийн дагуу нэгэнт байгуулагдсан МАН-ын бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй мугуйдлан зүтгэж байгаа нь цаашид АН өөрийн эрх ашигт нийцсэн хууль бусад шийдвэрийг сөрөг хүчний хяналтгүйгээр олонхиор хүч түрэн гаргаж парламент дахь олонх, цөөнхийн харилцааны соёлыг үгүйсгэн байнга “дарамт”-д оруулж, төрийн эрх мэдлийг бүхэлд нь хяналтгүйгээр дангаар гартаа авч ноёрхох гэсэн ардчиллын эсрэг хэт даварсан санаархалтай нь холбоотой юм.
Монголын ард түмний хүчтэй дуу хоолой болдгийн хувьд МАН парламентын ардчилал эрсдэлд орох аюул заналын эсрэг иргэний нийгмийн өмнөөс хуулиар олгогдсон сөрөг хүчний албан ёсны эрх үүргээ УИХ-д бүрэн эдлэхийн төлөө тууштай тэмцэх болно” гэдгийг энэхүү мэдэгдэлээрээ илэрхийлж байна гэлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин