Г.Уянга: Гудамжинд, цардмал талбайд туршлага суусан он жилүүдээ би юугаар ч солихгүй
Сэтгүүлч мэргэжилтэй энэ бүсгүйг төрөлхийн тэмцэгч “маркийн” хүн гэдэг. Тэрээр олон жил ард түмний дуу хоолой болон гудамжнаас улс төрийг хүчтэй шүүмжлэгч байж чадсан. Харин одоо Гантөмөрийн Уянга хэмээх энэ эгэл бүсгүй улс төрийн талбарт өөрийн биеэр орж ирэн Монголын ард түмний төлөө гар бие, сэтгэл зүрхээ зориулахаар томилогдон их ажилдаа ханцуй шамлан ороод буй. Сэтгүүлчээс тэмцэгч, тэмцэгчээс улс төрч болсон шинэхэн түшээтэй улс төр болоод хувийн амьдралынх нь талаар цөөн хором ярилцлаа. -Юуны өмнө УИХ-ын гишүүн болж олон жил тууштай тэмцсэн тэмцлийн тань зорилго биелж, ард түмнийхээ төлөө ажиллах боломж тохиосонд баяр хүргэе? -Баярлалаа. Тэмцлийн зорилго биелсэн гэж би үзэхгүй байна. Би өөрөө УИХ-ын гишүүн болох гэж олон жил тэмцээгүй. Харин олон жил тэмцсэн тэмцлийн маань зорилгыг олон түмэн хүлээн зөвшөөрч түүнийгээ биелүүлээсэй гэж илүү өргөн бололцоог надад олгосон. Тийм болохоор одоо л бүх юм эхэлж байна даа.
Өнгөрсөн хугацаанд УИХ-ыг гаднаас нь хамгийн том шүүмжлэгч нь та байсан. Тиймээс дотор нь ороод ирсэн Г.Уянгаагийн юу ярих, юу хийх нь хүмүүсийн сонирхлыг татах нь зүйн хэрэг?-Би ихээхэн хуучинсаг, албархуу, бас энэ дүрийнхээ цаана олон болохгүй зүйл хийж, монголчуудын эрх ашгийн эсрэг шийдвэр гаргаж байсан байгууллагад өөрөө хүсч орж ирснээ ухамсарлаж байна. Надаас олон ч жил олон ч шалгалт авч байж Монголын ард түмэн намайг ийш нь оруулсан. Ямар ч байсан би үзэл санаа, зарчмын байр сууринаасаа ухарч гуйвахгүй. Намайг сонгосон, дэмжиж байсан хүмүүсээ намайг сонирхож сонжиж биш, дэмжиж түшиж хамтран ажиллаасай гэж хүсч байна.
Эвслийнхээ мөрийн хөтөлбөрөөс хамгийн түрүүнд "барьж авах" асуудал нь юу байх бол? -“Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөрөөс гол чухал заалтуудыг хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах тохиролцоотойгоор “Шударга ёс” эвсэл засаг байгуулалцаж байгаа. Түлш шатахуун, цахилгаан эрчим хүч гээд бүх бүтээгдэхүүний үнийн суурь болдог бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулах, төрийн орон сууцны сан хөтөлбөр, Оюутолгойн 51-ээс дээш хувийг, Тавантолгойгоо 100 хувь монголчууд эзэмших зэрэг хөтөлбөрийг Засгийн газрын хөтөлбөрт оруулахын төлөө бид ажиллах болно.
Засгийн газар хэрхэн бүрдэх бол гэдэг асуудал дээр маш олон таамаг байсан. Ямартаа ч дахин МАНАН-гийн засгийн газар бүрдэхээргүй болсон. Шинэхэн засгийн газрыг та юу гэж дүгнэх вэ? -Шинэ засгийн газраас хүмүүс ихээхэн зүйлийг хүсч хүлээнэ. Олон нам, олон фракцаас бүрдсэн эвслийн засгийн газар ихээхэн эмзэг байх нь тодорхой. Үүнийг зохицуулж тогтвортой ажиллах ихээхэн хүнд ачааг намууд, эвсэл, шинэ засгийн тэргүүн үүрэх болох нь. Эвсэл зөвхөн дэмжих биш хамтран зүтгэх гэж засагт орсон.
Та УИХ-ын гишүүн мөн “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны тэргүүн. Ингэхэд та өөрийн амлалтаа хэрхэн биелүүлэх вэ? Биелүүлэх таатай орчин хэр зэрэг байгаа бол?-Энэ удаа нэр дэвшигч бие даасан хөтөлбөр гаргах, амлалт авах, эвслийн мөрийн хөтөлбөрт тусаагүй зүйл ярихыг хуулиар хориглосон. Миний амлалт бол эвслийн амлалт. Үүнийгээл биелүүлэх гэж хамтарсан засагт орсон. Бидний амлалт 100 хувь засгийн газрын хөтөлбөрт орох бололцоогүй. Ард түмний сонголт ийм л байлаа. Гэвч бид аль болох гол гол амлалтуудаа биелүүлэхийг чармайж ажиллана. Би хувиараа нэг л зүйлийг амласан. Тэр бол шударга ёс, зарчимч байдал.
Энэ удаагийн парламентад эмэгтэйчүүд олноороо орж ирлээ. Мөн эмэгтэйчүүд УИХ-д өөрийн гэсэн бүлгийг байгуулсан. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ? -Энэ бол Монголын парламентад гарсан эерэг өөрчлөлт. Монголчууд парламентад орсон эмэгтэйчүүд, ээжүүдээсээ их зүйлийг хүсч байгаа. Түүнийг нь хангаж ажиллах үүрэг бидэнд оногдож байна. Манай нийгэмд хэтэрхий их хуримтлагдсан нийгмийн асуудлууд нь эмэгтэйчүүдийг бүлэг байгуулах хэмжээтэй парламентад оруулж ирлээ. Үүнийг дорвитой шийдвэрлэж чадах эсэхээс дараагийн эмэгтэйчүүд наашаа орж ирэх зам засагдах эсэх нь шалтгаална. Бид үүнийг ухамсарлаж байгаа.
Шинэ танил, ер нь аливаа шинэ бүхэн сонирхолтой байдаг. Таныг сэтгүүлч бас улс төрийн шүүмжлэгч гэхээс илүүтэй гэр бүл, хувь хүний тань талаар төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс таны дотоод ертөнцийг нээхийг их хүсэж байна. Та хэр нээлттэй хүн бэ?-Харин ч миний гэр бүл, хувь хүнийг олон нийт их сайн мэддэг байх гэж би бодож байна. Би энэ талаараа нээлттэй байдаг цөөхөн хүний нэг гэж өөрийгөө боддог.
Таны нууцлаг чанар. Өөр хэнд ч байдаггүй тэр өвөрмөгц чанарын талаар яриач.-Би яг тийм нууц чанар надад байгаа гэж шууд хэлж чадахгүй л байна. Ер нь бол ямар ч хүнээс сайн талыг нь олж харж чаддаг байх гэж өөрийгөө боддог. Бас их нийтэч байх. Баримталдаг зарчимтай, түүндээ үнэнч байж чаддаг гэж бодож байна. Ийм хүмүүс олон л байдаг болохоор хэнд ч байдаггүй чанар гэж хэлж болохгүй байх л даа.
Таны хамгийн том ааш? -...Ммм, хэцүү асуулт байна. Би ер нь нэг дургүй хүрвэл зөрүүд, чигээрээ байж магадгүй. Гэсэн ч би бас их ууч сэтгэлтэй хүн гэж өөрийгөө боддог. Ер нь сайн мэдэхгүй байнаа. Өөрийнхөө муу талыг олон нийтэд дэлгэх хэрэг байна уу даа?
Яагаад заавал улс төрийг сонгох болов? Таньд өөр сонголт байгаагүй юм уу?-Би сонгоогүй, зүгээр л миний амьдралын зам мөр ийш нь хөтлөөд аваад ирсэн. Сонголтууд байсан, тэр сонголтуудаас аяндаа хувь тавилан сонгож өгсөн нь энэ зам. Хэрвээ би тэр сонголтыг хийсэн бол өдийд тэгээд явж байх байж дээ гэх мэтээр хүмүүс ярьдаг. Энэ бол боломжгүй зүйл. Хүн хувь заяаныхаа заасан тэр жимээр л явдаг байх. Сонголт хийхэд чамд нөлөөлж байгаа тэр хүчин зүйл чинь л чиний тавилан.
Хүнийг эрх мэдэл, албан тушаал өөрчилдөг. Таны бодлоор?-Эрх мэдэл, мөнгө хүнийг шалгадаг. Тэр шалгуурыг зарим нь даадаг, зарим нь үгүй. Давсан нь цаашаа явдаг.
Улс төрч гэж хэн юм бол?-Олон түмний төлөө өөрийгөө золиослоход бэлэн бэлтгэгдсэн хүн. Гэхдээ асуудлыг шийдэхгүйгээр зүгээр л өөрийгөө зольчихдог хүн бол улстөрч биш шүү дээ. Үр дүн чухал. Нэг ийм үг байдаг. Ухаан ихэдвэл сэтгэл дутна, сэтгэл ихэдвэл ухаан дутна гэж. Аль алийг нь тэнцүүлж үр дүнд хүргэх тэр их ухаан жинхэнэ улстөрчөөс гарах ёстой байх. Албан тушаалтан бүхэн, сайд дарга, УИХ-ын гишүүн бүхэн улстөрч гэж би боддоггүй. Жинхэнэ улстөрчийн энд хүрсэн хүн тийм ч олон биш байх.
Та улстөрч мөн үү?-Би хичээж байгаа /инээв/.
Та бол ямар ч байсан тэмцэгч хүн. Таны хамгийн том уриа?-Тийм мундаг том уриа лоозон надад байхгүй. “Чи ямраар дурсагдахыг хүснэ, яг тэгж амьдар” гэдэг их ухаантай үгийг хэн нэг нь хэлсэн байна. Энэ бол миний амьдралдаа баримталдаг томоохон зарчим.
Ямар ч хүн айдасгүйгээр амьдардаггүй байх. Таны хувьд хамгийн том айдас юу вэ?-Айдас бол миний улстөрийн зорилго үйл ажиллагаатай л холбогдож гарч ирдэг ойлголт. Саяхан өнгөрсөн сонгуулийн дараа надад нэг зүйл ажиглагдсан. Энэ бол маш олон хүн манай нийгэмд увайгүй, ичгүүргүй, амиа хичээсэн, мөнгөний төлөө яахаас ч буцахаа больсон, хүн чанаргүй болсон нь харагдсан. Энэ бол ийм цөөн хүн амтай үндэстний хувьд маш том айдас, эмгэнэл. Олон жилийн ядуу амьдрал, цөхрөл хүмүүсийг ийм болгожээ. Хэн нэгнийхээ төлөө, хүмүүсийн төлөө хариу нэхэхгүй сайхан сэтгэл гаргадаг, үнэн сэтгэлээ зориулдаг тийм хүмүүс цөөрсөөр л байна. Монголчууд оюун санааны үнэт зүйлээ, уламжлалаа аажмаар алдаж байгаагаа бид анзаарахгүй л байх шиг. Энэ надад үнэхээр аймаар санагдсан. Бид үүнийг даруйхан шиг эргүүлэхгүй бол тэр чигээрээ цаашилбал бүүр ч аймаар биш гэж үү.
Таныг юу тайтгаруулдаг вэ?-Хүмүүсийн сайхан сэтгэл, итгэл, урмын үг, ухаалаг дэмжлэг намайг тайтгаруулж урам оруулдаг. Харин хүүхдүүд маань намайг жинхэнэ аз жаргалтай болгодог.
Та гэр бүлээ танилцуулахгүй юу?-Нөхрийг маань бүгд л мэднэ дээ. Нийтлэлч Баатархуяг. Миний нөхөр гэсэн тодорхойлолтгүйгээр олон нийтэд танигдсан нийтлэлч, сэтгүүлч. Би тэр өндөр боловсролтой, ухаантай залуугийн эхнэр гэдгээрээ бас бахархдаг.
Манайх 3 хүүхэдтэй, хоёр хүү, нэг охин. Охин маань бидний ганц эрдэнэ. Хөвгүүд маань түшиж тулах багана минь. Би тэднийгээ өөрийнхөө хүндэлж хайрладаг, үнэлдэг тийм чанаруудыг шингээх юмсан гэж хичээдэг. Яг л аав шиг нь. Миний хөвгүүд тийм хүчирхэг эрчүүд болноо.
Ер нь эр хүн ямар байх ёстой вэ? -Би хэнд ч жор тулгадаггүй. Харин эр хүн хүчирхэг байх нь надад сайхан санагддаг. Бүх зүйлд ноён нуруутай, итгэж, даатгаж болох эр хүн гэж байдаг даа. Тийм хүнтэй хамт байхад аюул, аюул биш санагддаг.
Ингэхэд та хэр сайн гэрийн эзэгтэй бас эх хүн бэ? Их ажлын хажуугаар гэр бүлдээ анхаарал тавьж чадаж байна уу?-Мэдээж хөдөлгөөний удирдагч, одоо УИХ-ын гишүүн ээж чинь гэртээ байдаг ээжийг яагаад ч гүйцэхгүй шүү дээ. Харин аль болох зав, чөлөөт цаг гаргаж тэдэндээ үр дүнтэй зориулахыг хичээдэг л ээж. Миний гэр бүлдээ тавих анхаарал зөвхөн нөхөр хүүхдээр зогсохгүй ээ. Аав ээж, дүү нар маань байна. Бид хэдий өрх тусгаарласан ч бие биесээ халамжилж ойрхон амьдарцгаадаг.
Таны бодлоор эр хүний хайрыг ямар бүсгүйчүүд татдаг вэ? -Эр хүн бүхэн янз бүр л байх. Бүсгүй болгон хөөрхөн. Яагаад гэвэл бүгд гэрлэдэг гэдэг шүү дээ. Бүгд л нөхрийнхөө хайрыг татсан байж таарна.
Хүчирхэг эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?-Ер нь хүн ийм тийм байх ёстой гэдэг тулгалт, жор утгагүй л дээ. Хүн бүхэн өөрийнхөөрөө, өөрийнхөө ертөнцөд жаргалтай, сэтгэл хангалуун сайхан амьдарвал л болоо шүү дээ. Эмэгтэй болгон хүчтэй байвал эмэгтэй болгон гэрлэж чадахгүй болчихно. Тэгвэл бас л буруу юм болно доо. /инээв/
Таны хобби? -Үлгэр жишээ биш муухай сонсогдож магадгүй, гэхдээ би зав чөлөө л гарвал унтаж амрахыг хүсдэг. Ялангуяа бага насны хүүхэдтэй сүүлийн хэдэн жилүүдэд нойр бүр ч их чухал болчихоод байна. Өмнө нь анзаардаггүй байжээ. Нойр ханасан бие тавлаг сэргэлэн бол сайхан байдаг. Хүүхдүүдтэйгээ тоглоно, гэрийнхээ ажлыг хийнэ, нөхөр бид хоёр хааяа кино үзэж, бас дэлгүүр хэсэх дуртай. Санаа сэтгэл нийлдэг найз нөхөдтэйгээ ганц нэг шил шар айрагны ард суугаад яриа хөөрөө үүсгэх ч сайхан л байдаг.
Та өөрөө айлын хэд дэхь хүүхэд вэ?-Би айлын том хүүхэд. Гурван дүүгийн эгч.
Хаана төрж өсөв? Багадаа ямархуу хүүхэд байсан бол?-Улаанбаатарт төрөөд гэртээ л өссөн. Гурвын гурван дүүтэй охин чинь цэцэрлэгт яваагүй, дүү нараа хараад гэртээ л байдаг байсан. Гэрийнхээ бүх ажлыг хийдэг, дүү нарын тарьсан хэргийн өмнөөс загнуулдаг л охин байсан даа. Голдуу л загнуулна, хааяа нэг ээж минь, “Миний охин ээждээ мөн ч их тус болж байна шүү, охины минь хийсэн юм л ээжийнх нь санаанд зуун хувь нийцэх юм. Мундаг охин болох нь дээ...” гээд л үг харамгүй магтахад мөн ч их урам орж улам ихийг хийх гээд л хичээдэгсэн.
Аав ээж тань аль нутгийн хүмүүс вэ?-Аав ээж маань Сүхбаатар аймгийнх. Аав ээж маань тэнд төрж өсөцгөөсөн. Тэгэхээр би тэр нутгийн хөрс шорооноос ургасан ургамал гэсэн үг. Алтан овоо, Шилийн богд, Ганга нуур, Оргихын булаг, Талын агуй гээд миний нутагт миний үзсэн үзээгүй гайхамшиг олон бий. Сонгуулийн өмнө аймгийнхаа 6 сумаар орж иргэдтэй уулзсан. Талд аянга цахиж түймэр гараад, дараахан нь аадар орж түүнийгээ унтраахыг харсан. Улаан замд дөнгөж унагалсан гүүтэй таарсан. Тэгэхэд л би сэтгэлийнхээ гүнд би сонгуульд ялчихсан юм байнаа гэдгээ мэдэрсэн.
Үнэндээ би аймагтаа тийм ч олон удаа очоогүй боловч очих тоолондоо урин дулаан амьсгалыг мэдэрдэг юм.
Таны боловсрол, ажлын туршлага? -Та мэдээж дипломын боловсрол асуугаагүй байх. Би боловсрохыг байнга л хичээж явна. Ер нь боловсрол бол зөв систем гэж ойлгож байна. Эрээвэр хураавар мэдлэг, уншсан ном бүхэн боловсрол болдоггүй. Тэр нь тодорхой системийг тэтгэж, баяжуулж байж л боловсрол баяждаг, дээшилдэг байх. Зөв мэдээллээ олж авч, зөв оюун дүгнэлт хийж, зөв гаргалгаа гаргаж сурахад энэ л их чухал. Энэ нь цаанаас хүнд заяасан ухаан, зөв хүмүүжил төлөвшилтэй нийлчихвэл хүнийг үнэхээр үнэ цэнэтэй болгодог.
Ажлын туршлагын тухайд та бас хаа хаана хэдэн жил ажилласан гэдэг анкетийн асуулт надаас сонирхоогүй гэж бодож байна. Би 2000 онд Ийгл ТВ-д парламентын сурвалжлагч байхаасаа эхлээд л улстөрөө эхэлсэн байх. Ардчилсан намд ажилласан тэр он жилүүд надад хамгийн үнэ цэнэтэй туршлагыг хуримтлуулсан. Түүний дараа гудамжинд, цардмал талбайд туршлага суусан он жилүүдээ би бас юугаар ч солихгүй. “Гудамжны” улстөрийг дамжаагүй улстөрч бол улстөрчийнхөө хувьд бас л дутуу байж мэдэх юм шүү. Миний нөхөд жинхэнэ тэмцэгч хүний, улстөрч хүний дамжих ёстой шат дамжлагуудын нэгийг ч алгасахгүй явсаар энд хүрсэн болохоор хэнээс ч дутахгүй туршлагатай гэж бодож байна.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таньд амжилт хүсье.-Баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна