Чуулганы ирц 60,8 хувьтай
2012/07/20
Монгол улсыг дараагийн 4 жилд удирдах парламентын хуралдаан ямартаа ч эхэллээ. Хуралдаанд МАН-аас бусад нам, эсвэл, бие даагчид хүрэлцэн иржээ. Бүр тодруулбал ИЗНН-ын нэг гишүүн, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон бие даагч нийт 43 хүн ирж, УИХ-ын анхны чуулгын ирц 60,8 хувьтай байна.
Хуульд заасны дагуу эхний хурлаар УИХ-ын даргыг сонгох ёстой.  МАН-ын гишүүн Н.Энхболд чуулганы танхимд хүрэлцэн ирж, тус намын гишүүд хуралдаан ирээгүй шалтгааныг тайлбарлалаа. Тэрээр хэлэхдээ “Хуралдаан болохоос нэг хоногийн өмнө УИХ-ын даргад нэр дэвшүүлж буй хүний нэрийг албан ёсоор намд хүргүүлэх ёстой. Энэ бичиг өнөө өглөө МАН-д ирсэн учир намын гишүүд өнөөдрийн хуралд оролцох боломжгүй” гэжээ.
Одоогоор “Шударга ёс” эвслийн Д.Тэрбишдагва, АН-ын Д.Эрдэнэбат нар УИХ-ын дарга  асан Д.Дэмбэрэлтэй ахмад гишүүний хувьд хуралдаан даргалах хүсэлт тавихаар уулзаж  байна. Д.Дэмбэрэл чуулган даргалахаас татгалзвал, УИХ-ын гишүүдээс хамгийн ахмад, Д.Дэмбэрэл гишүүний дараагийн хүнээр удирдуулах боломж бийг Р.Гончигдорж гишүүн хэлж байлаа. УИХ-д шинээр сонгогдсон гишүүн Б.Болор, Р.Бурмаа нар нэгэнт АН, МАХН-МҮАН-ын эвсэл, бусад гишүүд олонх болж байгаа учир заавал МАН-ын гишүүдийг хүлээлгүй хурлаа эхлэхэд хууль зөрчих асуудал үгүй гэдгийг мөн хэлж байна.
УИХ-ын эмэгтэй гишүүд харин бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаад байгаа бөгөөд тусдаа уулзалт хийж байна. Энэ уулзалтаас эмэгтэйчүүдийн бүлэг байгуулагдах магадлал тун өндөр байна.
Ийнхүү УИХ-ын анхдугаар чуулган ирц хүрээгүй шалтгаанаар завсарлаж, гишүүд МАН-ынхныг хүлээж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин