
Засгийн газар шинээр байгуулах хүрээнд гурав хоногийн турш хэлэлцээ хийсэн Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ынхан хамтарсан Засгийн газар байгуулах тохиролцоонд хүрсэн талаар мэдээлэл хийсэн.
Хуралд АН-ын ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга гишүүн Ч.Сайханбилэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан гишүүн Д.Тэрбишдагва, ИЗНН-ын ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл гишүүн Г.Ганхүү нар оролцсон юм.
Тэд ийнхүү гурван өдрийн туршид хэлэлцээ хийсний дүнд хамтарсан Засгийн газар байгуулах тунхаглалаа гаргажээ. Тунхаглалд “УИХ-ын 2012 оны зургадугаар сарын 28-ны өдөр хийсэн сонгуулийн дүнд нам эвслүүд эх орнынхоо төлөө хамтран ажиллах гарцаагүй нөхцлийг бүрдүүлсэн ийм шийдвэр байлаа. Сонгогч олон түмнийнхээ хүслийг хүндэтгэж АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” ИЗНН нэр дэвшиж сонгогдсон гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд улс орон ард түмнийнхээ язгуур эрх ашгийг дээдлэн бүрэн эрхийн хугацаандаа тогтвортой үр бүтээлтэй хамтран ажиллахаар тохиролцон хамтарсан Засгийн газар байгуулахаар шийдвэрлэснээ тунхаглалаа.
АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” ИЗНН намын хамтарсан Засгийн газар нь цаашид хамтарсан Засгийн газар гэж тэмдэглэгдэнэ. Үйл ажиллагаандаа АН-ын “Монгол хүн” хөтөлбөрийг үндэс болгон ИЗНН-ын “Амьдрал”, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” зэрэг мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтуудыг тусгаж хамтран ажиллахаар боллоо.” гэжээ. Мөн хөтөлбөрийн талаар ард түмэндээ нээлттэй мэдээлж идэвхтэй хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна