С.Нарангэрэл: Таван үйлдэлд МУ-ын иргэн Н.Энхбаярыг ялласан
2012/07/18
МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдоод байгаа билээ. Тэгвэл энэ удаа ч дахин хойшлууллаа. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч солигдсонтой холбоотой юм.  Хуучин өмгөөлөгч нь хүндэтгэх шалтгааны улмаас татгалзсан учир шүүгдэгч Н.Энхбаяр өмгөөлөгчөөрөө МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич, доктор профессор С.Нарангэрэлийг сонгосон юм.  С.Нарангэрэл өмгөөлөгч өнөөдөр болсон шүүх хурлын үеэр хавтаст хэрэгтэйгээ танилцах дор хаяж нэг сарын хугацаа хүссэн ч шүүгчид энэ сарын 31 хүртэл буюу 13 хоногоор шүүх хурлыг хойшлуулсан талаар бид мэдээллэсэн билээ. Энэ үеэр С.Нарангэрэл өмгөөлөгчөөс дараах асуултанд хариулт авлаа.  

Та сая шүүх хурлын үеэр улс төрийн нэлээн оролцоо байгаа гэлээ. Тодорхой баримт байна уу?
Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаах хэлтэсийн удирдлага, мөрдөгчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр удаа дараа энэ хүний талаар олон нийтэд мэдээлэл өгсөн. Тэр мэдээлэл дээр үндэслээд дүгнэлт хийхээр таван үйлдэлд МУ-ын иргэн Н.Энхбаярыг ялласан байдаг. Тэнд бол хүнийг шоронд хориод, ийм их дуулиан шуугиан болж Монголын хууль сахиулах хүчнийг нэг хүний эсрэг ингэж ашиглах ямар ч шаардлагагүй байжээ. Одоо энэ асуудал нь хавтаст хэргийг уншаад баримтуудтай танилцаад , өөр шинэ баримт гаргаад ирэхээр олон нийтэд тодорхой болно. Тэгээд мөн дараагийн шүүх хурлыг болоход илүү том танхимд явуулж хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ард түмэнд шууд дамжуулах хэрэгтэй байгаа. Яагаад гэвэл энэ хэрэг ганц хүний хэрэг бус МУ-д хүний эрх хэр зэрэг хангагдаж байна, мөн хууль сахиулах байгууллага хэр зэрэг шударга, мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа бол гээд маш олон асуудлыг энд шийдвэрлэх байх.
Хавтас хэрэгтэй танилцахад сарын хугацаа хэрэгтэй гэлээ. Хэр хангалттай хугацаа вэ?
Хангалттай хугацаа бол биш. Нягтлах судлах зүйл зөндөөн байгаа. Ер нь бол хавтаст хэргийн материал, хэргийн ээдрээ төвөгтэй байдал, нотлох баримтууд ялангуяа гадаадаас ирж байгаа баримтын үнэн зөвийг нотлоход хугацаа шаардана.  Н.Энхбаярын нийт 50 хавтаст хэрэг байгаа болохоор сарын хугацаа хангалтгүй. Тэр дундаа АТГ-ынхан Японы иргэнээс ОУ-ынхаа гэрээ журмыг зөрчиж байгаад авчихсан нотлох баримтууд хүртэл байгаа.
Н.Энхбаяр даргыг баривчиласан тэр үйл явдалыг хууль зөрчсөн гэж хүмүүс буруушааж байгаа. Хуульч хүний хувьд та юу гэж бодож байна?
Ганц хүнийг барихын тулд 400 гаруй цагдаа тусгай албан хаагчид оролцсон гэдгийг Монгол түмэн харсан. Энэ бол үнэхээр хүний эрхийг зөрчиж байгаа. Гадаадынхан хүртэл үүнийг 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин