
Улсын Их Хурлын түшээгээр тодроод буй эрхмүүдийг бид тойрог тойргоор нь товчхон танилцуулж байна.
1-р тойрог Архангай аймагт нэр дэвшин ялалт байгуулсан Н.Батбаяр, Б.Болор гэх АН-ын хоёр эрхэм юм.
Нямжавын Батбаярын тухайд УИХ-ын гишүүний сэнтийд ийнхүү 3 дахь удаагаа сонгогдоод байгаа юм. Манайхан түүнийг “Фортуна” Батбаяр гэвэл илүүтэй таних биз. Энэ нэр бараг түүний овог, таних тэмдэг болсон гэхэд болно. Москвагийн эдийн засаг статистикийн дээд сургуулийг төгссөн. Аж ахуйн ажлын туршлага дээрээ суурилан олон компани нийлсэн “Фортуна” группийг байгуулж өдгөө өөрийн овог болон нэрлэгдэхээр авч яваа бас ч хашир туршлагатай түшээдийн нэг.
Мөн АН-аас нэр дэвшиж энэ суудалд тухлах эрхээ аваад байгаа Б.Болор бол нас залуу цус шингэн улс төрч. Уг нь энэ эрхмийг ингээд гараад ирнэ чинээ хэн ч санаж, бүр зүүдлэж ч байгаагүй биз. Хэдийгээр нас залуу ч улс төрийн нэлээдгүй туршлагатай нэгэн гэдэг. Тэрээр 30 настайдаа Гадаад харилцааны дэд сайдаар томилогдож байсан төдийгүй Англид хоригдоод байсан Б.Хурцыг суллахад ихээхэн үүрэгтэй ажилласан гэж үздэг юм билээ. Түүгээр ч барахгүй энэ эрхэм үе залгамжилсан улс төрч. Өвөө Сэд-Очир Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны орлогч сайд, Ой модны аж үйлдвэрийн яамны орлогчоор ажиллаж байсан гэнэ лээ. Харин аав С.Баярбаатар нь Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан гэхээр бас ч гэж итгэл хүлгээлгэхэд буруудах зүйлгүй байсан болов уу.
2-р тойрог Баян-Өлгий аймаг хоёр мандаттай билээ.
Халидолдайн Жекей нь Хилийн цэргийн салааны захирагчаас бригадын генерал хүртлээ өссөн цэргийн хүн. Тэрээр 1983 оноос хилийн 0130 дугаар ангид салааны захирагчаас ажлын гараагаа эхэлж, 2008 онд Хилийн цэргийн ерөнхий газрын дэд даргын алба хашиж байлаа. Тэрбээр энэ хугацаанд АНУ, ХБНГУ-д улс төр судлал, ОХУ-ын Хилийн албаны академид хил хамгаалалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсний зэрэгцээ 2004 онд цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Мөн 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад 2008 оны сонгуулиар Баян-Өлгий аймгийн сонгуулийн хоёрдугаар тойргоос дахин сонгогдож, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. УИХ дахь Монгол-Какахстаны парламентын бүлгийн даргаар ажилладаг.
Агипарын Бакейгийн тухайд УИХ-ын суудалд өмнө нь өрсөлдөөд өвдөг шороодож байсан нэгэн. 1959 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн тэрээр ажлын гараагаа 1984 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйд дагалдан эдийн засагчаар эхэлж байсан түүхтэй. 2006-2007 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд энэ удаагийн сонгуульд АН-аас төрөлх нутагтаа нэр дэвшин ялалт байгуулж байгаа нь энэ.
3-р тойрог Баянхонгор аймгаас Ардчилалын алтан хараацайнууд гараад байгаа.
Халтмаагийн Баттулга нь 2004, 2008 оны сонгуульд АН-аас УИХ-д нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулж байсан удаатай. Хэдийгээр улстөрд орсон цорын ганц боловсролгүй хүн гэж гоочлуулдаг ч парламентад дээд боловсролтой, цагаан гартай хүмүүсээс илүү ажил хэрэгч байж чаддаг нэгэн. Тэр ч утгаараа ийнхүү гурвантаа сонгогдоод байгаа юм. Салбараа мэддэг хүн тэр салбартаа их юм хийдэг гэдгийг түүний хувьд харин ч нэг мэдрүүлж яваа. Ялангуяа самба, жүдо бөхийн хөгжилд оруулсан түүний хувь нэмрийг үнэлэх хэрэгтэй болов уу. Түүгээр ч барахгүй Х.Баттулга гишүүний хувьд Монгол улсын гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга тамирчин. Нэг үгээр хэлбэл Монголын нэртэй тамирчин төдийгүй шаггүй бизнесмэн улс төрч. Олон үг дуугараад байдаггүй хирнээ үе үе оновчтой , жинтэй санал гаргаж,тэр нь дэмжигдэх магадлал өндөр байдаг талаар улс төрийн хүрээнийхэн үнэлдэг. џмартаа ч тулхтай, зангарагтай,туршлагатай улс төрч түүнийг Баянхонгорчууд өөрсдийгөө төлөөлүүлэхээр дахин УИХ-д илгээгээд байна. Амжилт хүсье.
Дашдондогийн Ганбатын хувьд тийм ч танил хүн биш. Олны овоо хараанд өртөөд байдаггүй энэ эрхмийн хувьд анх удаагаа УИХ-д ард түмнээ төлөөлөн суухаар томилогдоод байна. 1962 онд Баянхонгор аймагт төрсөн түүнийг црэг1979-1982 онд цэргийн алба хаагаад 1984-1989 онд ЗХУ-ын Киев хотод цэргийн инженерийн сургуулийг инженер, механикчаар, 2000 онд МУИС-ийн хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр тус тус төгсжээ. 1992 оноос ажлын гараагаа эхэлж, Монгол, Оросын хамтарсан “Баянбулаг” компанид дэд захирлаар 1996 он хүртэл ажиллаад, 2004 оноос “Техник Импорт” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ажээ. Тэрээр анх удаа Баянхонгорчуудыг төлөөлөн ирэх 4 жилд ажиллах УИХ-ын гишүүн болохоор болжээ.
4-р тойрог Булган аймагт Ёндонгийн Отгонбаяр дахин сонгогдсон.
Ах дүүсээрээ төрийн алба хашиж яваа сонирхолтой кадруудын нэг тэрээр энэ удаа Булган аймгийн нэг мандатыг ногоон гэрлээр өвөртөлжээ. Москвагийн ОУ-ын харилцааны дээд сургуулийг дүүргэсэн. Өнгөрсөн 4 жилд БСШУ-ны сайдаар чамлахааргүй ажиллаж хэл ам хамгийн бага таталсан сайдуудын нэгээр тодорсон. Түүгээр ч барахгүй Кембрижийн Их сургуулийн стандартыг монголын боловсролд нэвтрүүлэх том зорилго тавьж ажиллаж байгаа нэгэн билээ.
5-р тойрог Говь-Алтай аймаг мөн л ганцхан мандаттай.
Тус аймгийн Цээл сумын уугуул, УИХ-ын гишүүнээр ажиллах байхдаа 4 сар хүрэхгүй хугацаанд ч болов ЗТБХБ-ын сайдаар ажиллаад үзчихсэн Цэдэвийн Дашдорж хэмээх эрхэм гарсан билээ. 1985 онд 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг өрөмдлөгийн технологич инженер мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа 1990 он эхэлж, “Газрын тос” ХХК-д өрөмдлөгийн инженер, “Их тэмүүлэл” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байв. Улмаар 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын алба хашиж байгаад 2008 онд Говь-Алтай аймгаас Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тэрээр ийнхүү 3 дахь удаагаа төр, ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал ажиллахаар илгээгдэж байна.
6-р тойрог Говьсүмбэр, Дорноговь аймаг энэ жил мөн л ганцхан мандаттай бөгөөд энэ эрхийн төлөө хоёр амида өрсөлдөж Ж.Батсуурь нь ялалт байгуулсан.
1960 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн энэ эрхмийн хувьд гэр бүлээрээ сэхээтэн улс байдаг. 2000 онд Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдож улс төрийн ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Ийнхүү 2000-2008 онд Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2008 онд МАХН-аас /МАН/ аймагтаа нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон бол энэ удаа дахин Дорноговь, Говьсүмбэр аймгийн иргэдийг төлөөлж 4 жил УИХ-д суухаар ногоон гэрлээр тийз даруулан ирээд байна.
7-р тойрог Дорнод аймагт хамгийн сонирхолтой сонголт болж хэний ч санаанд оромгүй эрхмүүд тодроод байгаа билээ.
Мөнгө хөрөнгөөрөө түрий барьж улс төрд орлоо гэж нэг хэсэг адлуулж зэмлүүлж хэвлэлийн бай болж байсан Нямтайширын Номтойбаяр гэх энэ шавилхан эр гарсан. Сайн эцгийн буянд гадаадад сурч боловсрол эзэмшсэн бас ч гэж толгойдоо хөрөнгөтэй нэгэн гэдэг. Хэдийгээр ажлын туршлага, дадлага багатай ч МАН-ын залуу кадрын нэгээр зүй ёсоор тооцогддог. НХХ-ийн дэд сайдын ажил эрхэлж байсан бол одоо тэрээр Дорнодчуудын төлөөлөн ирэх 4 жилд УИХ-д суух болж байгаа юм байна.
Харин Х.Болорчулуун хэмээх хэний ч зүүдэнд оромгүй энэ эрхэм бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон нь олны нүдийг орой дээр нь гаргаад байгаа. Дорнод аймагт 1964 онд төрж өссөн, Дорнод аймгийн Морин спорт, уяачдын холбооны тэргүүн, “Дорнод гурил” ХХК-ийн захирал, ХААИС-ийг агрономич мэргэжлээр, ОХУ-ын Эрхүү хотын ХАА-н институтийг хөдөө аж ахуйн эдийн засагчаар ХАА-н институтад төгссөн. Дорнод аймагт бие даан нэр дэвшин ялалт байгуулж, Дорнодын 2 мандатын нэгийг өвөртөлж, ирэх 4 жилд Дорнодын иргэдийг төрд төлөөлөх төрийн түшээгээ-р ажиллахаар болж байгаа ажээ.
8-р тойрогт Дундговь аймагт Батсүхийн Наранхүү хэмээх мөнгө хөрөнгөндөө хахсан уяач, бизнесмэн эр гараад буй.
Бизнесийн хүрээнд нэр цуутай, хурдан хүлгийн буянтай явсан энэ эрхэм их улс төрд хэр зэрэг од шүүрэхээ ирэх дөрвөн жилд үзүүлнэ гэнэ лээ. 1972 онд Дундговь аймагт төрсөн. 1989 он МУИС-ийн дэргэдэх Математик физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах ангийг төгссөн. 1999 оноос хувийн хэвшлийн “Мон-Уран” ХХК-ийг байгуулж ажилласан. 2008 оноос “Дүнжингарав” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2012 оноос “Дүнжингарав” ХХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. Монголын толгой бизнесменүүдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. АН-д гэнэт элсэн, богино хугацаанд нэрээ УИХ-д дэвшүүлэхэд нь олон хүн гайхаж байсан ч тэрээр Дундговьчуудын төлөөлөл болон УИХ-д сонгогдож чаджээ. Ийнхүү УИХ-д боловсролгүй, улс төрийн туршлага энэ тэр юу ч байхгүй нэг эрхэм нэмэгдэж байгаа нь энэ аж. Ямартаа ч Б.Наранхүүг ирэх дөрвөн жил уяач биш улс төрч гэж харахаас өөр ямар ч арга байхгүй болсон .
9-р тойрог Завханд Д.Балдан-Очир гарч ирсэн.
Улс төрд даруухан хэрнээ шударга имиж бүрдүүлж чадсан нэгэн. Ялангуяа ХАА-н салбар дээр бол хамгийн түрүүнд гүйж байдаг “монгол” маягийн түшээ. Түүнтэй хамт МАН-ын миссүүдийн нэг Дуламсүрэнгийн Оюунхорол гишүүн дахин гарч ирсэн. Завханд бараг дархлагдаад буй энэ эмэгтэйн талаар хүмүүс андахгүй сайн мэднэ биз.
10-р тойрог Өвөрхангай аймагт МАН-ын хоёр залуу тодроод байгаа ч үнэмлэхээ гардаж амжаагүй л байна.
Сурталчилгааны үеэр архи согтууруулах унаа тараасан гэгдээд байгаа Сономын Чинзориг, Намхайн Төмөрхүү нарын тухайд тийм ч танил хүмүүс биш. С.Чинзориг нь 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд. 2009 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Н.Төмөрхүүгийн хувьд улс төрийн туршлага байгатай ч бизнесийн салбарт зартай нэгэн. “Өндөр Буянт” компанийн захирал, МАН-ын бага хурлын гишүүн.
11-р тойрог Өмнөговьд Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ хэмээх уяач бас улс төрч эр илт давуу байдлаар гарч ирсэн.
“Ажнай” корпорацийн Ерөнхийлөгч тэрээр сайн муу, сайхан муухай олон зүйлээр хэлүүлж байсан ч Өмнөговьчуудыг ирэх 4 жилд төлөөлөн УИХ-д суухаар болжээ. Урьд нь 2004 онд иөрөлх нутагтаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан бас ч гэж багагүй туршлдагатай нэгэн.
12-р тойрог Сүхбаатар аймагт Мөнхчулууны Зоригт гэх эрхэм АН-д нэг мандат чирж ирсэн.
Бас л үл таних хүмүүсийн тэргүүн эгнээнд бичигдэх М.Зоригтын хувьд Иргэний зориг намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан удаатай. Түүгээр ч барахгүй 2004 оны УИХ-ын сонгуулиар Дорнод аймгаас сонгогдон гишүүн болж байсан. Ямартаа ч МОХ-ны анхны ерөнхийлөгч түүнийг “Бодь” группийн ерөнхийлөгч гэхээр хүмүүс эрхгүй гадарлана биз.
13-р тойрог Сэлэнгэд угаасаа л хэн гэгч эрхэм түшээ болох нь тодорхой байсан.
Бараг энэ нутаг УИХ-ын гишүүнээр дархлагдаад байгаа Сангажавын Баярцогтыг мэдэхгүй танихгүй хүн гэж байхгүй. Ардчилсан хувьсгалаас хойш тасралтгүй төрийн эрх барих дээд байгууллагад УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа юм. Харин Жаргалтулгын Эрдэнэбатын хувьд УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж нэг суудал чирж ирсэн гавьяатан. Сэлэнгэ аймгийн засаг дарга, МАСЗХ-ны дарга, МАН-ын бага хурлын гишүүн, аймгийн МАН-ын дарга гээд л Сэлэнгэ аймгийн МАН-тай холоотой хамаг л дээгүүр албан тушаалыг ганцаараа хашиж яваа энэ эрхэм ийнхүү анх удаагаа УИХ-ын гишүүн болж ард түмнээ төлөөлж байгаа нь энэ.
14-р тойрог төв аймагт мөн л тодорхой байсан гэхэд болно. Угаасаа өөр сонгоод итгэл хүлээлгэчих олигтой хүн байхгүй болохоор М.Энхболд, Су.Батболд нар гарах нь лавтай байсан.
М.Энхболдын тухайд товчхон өгүүлбэл: Нийслэлийн засаг дарга асан. 2005 оны нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. 2006-2007 онд Ерөнхий сайд, 2008 оноос хойш өнөөг хүртэл Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайдын алба хашиж байна.
Су.Батболдын хувьд 2002 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2005-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв.
15-р тойрог Увс аймагт уг нь МАН-ын хоёр хуучин түшээ тодорсон ч одоо болтол хэл ам тасраагүй байгаа.
Хэзээний л улаантанууд буюу МАН-ынханыг шүтэн биширч, сонголтоо тэдний талд тавьдаг байсан Увсын ард түмэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёрыгоо сонгосон. Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд 2000 оноос Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд, 2008 оноос УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байлаа. Харин Б.Чойжилсүрэн түшээгийн тухайд “Хурд Авто” компаниараа алдартай. Энүүгээрээ ч овоо хөлжиж баяжсан нэгэн. Ямартаа ч ийнхүү хоёр дахь удаагаа улиран сонгогдож байгаа нь энэ.
16-р тойрог Ховд аймагт базуудын эрхшээлээр УИХ-ын сонгууль нь өндөрлөсөн.
Д.Батцогт, С.Бямбацогт гээд нэг айлын баз хүргэнүүд гарсан нь олныг гайхшруулж байгаа. Ямартаа ч ирэх дөрвөн жил Ховдчууд базуудын базалтан дунд өнгөрөөх нь тодорхой болсон. “Шударга ёс эвсэл”-ээс УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшин хэний ч санаанд оромгүй байдлаар гарч ирсэн Д.Батцогтын хувьд МҮАН-ын удирдах зөвлөлийн гишүүн төдийгүй АНАТХ-ны тэргүүн. Ард түмний эрх ашгийн үүднээс эрх баригч улс төрийн намуудаас сонгуулиар амласан амлалтыг нь нэхэх хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, тэдний амласан амлалтыг нь иргэдэд өгүүлэх боломжийг бүрдүүлсэн гэх юм билээ. Харин харахад ширүүн, дорвиун харцтай С.Бямбацогтыг өнгөрсөн дөрвөн жил бид хангалттай харсан бас танисан.
17-р тойрог Хөвсгөлд Ардчилсан намын хоёр лидэр түшээ гарах болов уу гэтэл эсрэгээрээ Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн гэх хоёр эрхэм гарсан.
МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Л.Энх-Амгалангийн хувьд тийм ч танил хүн биш. MSC группийн дэд ерөнхийлөгч гэхээс цаашгүй энэ хүнийг мөнгөиэй хөрөнгөтэй гэдгээрээ л алдартай. Бусдаар бол түүнд улс төрийн ямар ч туршлага, бүр улс төрчийн имиж ч байхгүй.
Харин Ц.Даваасүрэн гишүүний хувьд МАХН ч биш МАН ч биш хоёуланг нь орхиод бие дааж илт илүүрхэн Хөвсгөлд дархан суудалдтай гэдгээ батлаад байгаа юм.
18-р тойрог Хэнтэй аймаг мөн л хоёр мандаттай.
Тэртээ тэргүй гарах нь тодорхой байсан ганц дайчин бол Б.Бат-Эрдэнэ аварга. Монгол бөхийн дэвжээнд дархлагдсан энэ эрхэм улс төрд мөн адил өөрийн буурь суурь, зангарагаараа дархлагдаад байна. 2004, 2008 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймгаас сонгогдон ажиллаж байх хугацаандаа байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажилласан. Бас ч гэж хууль энэ тэр батлах ажилд их идэвхтэй оролцдог нэгэн. Харин Н.Ганбямба гишүүний УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод байгаа юм. УИХ-ын гишүүн, 2007-2008 онд ХХААХҮЯ-ны Дэд сайдын албанд ажиллаж байсан билээ.
19-р тойрог Дархан-уул аймагт С.Ганбаатар бие даан нэр дэвшин ялалт байгуулсан.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр 2008 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн, Иргэний нийгмийн хүчтэй манлайлагчдын нэг юм. Урьд нь УИХ-ын гишүүн болохын тулд хэд хэдэн удаа нэрээ мандуулж явсан ч өвдөг шороодож байсан удаатай. Д.Хаянхярваагийн хувьд нэг хэсэг хэл ам таталж, хэвлэл мэдээллийн бай болж явсан эрхэм. Тус аймгийн засаг даргаар ажиллаж байх үед нь өнөөх мөнгөн усны аймшигт хэрэг үүсч байсан ч ажирахгүй давж бүр УИХ-ын гишүүн болсон адтай нэгэн. Өнгөрсөн засгийн газрын үед сангийн сайдаар ажиллаж байсан билээ.
20 –р тойрог Орхон аймагт Отгонбилэг агсны хүү Содбилэг гарч ирсэн нь ихээхэн сонирхолтой кадруудын нэг байлаа.
Эцгийн нэр гэхээс илүү энэ хүнд хийсэн бүтээсэн ажил, туршлага гэж байхгүй. Гэхдээ түүнийг МАН-ын залуу халаа гэх юм билээ. Харин МАХН-МҮАН-аас Логийн Цог гарсанд иргэд ам сайтай байгаа. МАХН-ын Нарийн бичгийн даргаар ажилладаг тэрээр УИХ-ын гишүүн, Хуул зүйн дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрчийн нэг юм.
21-р тойрог Хан-Уул, Багахангай, Багануур дүүргийн хоёр мандатыг АН-ынхан өвөртөлсөн.
Л.Болдын хувьд 1990 оны анхны ардчилсан сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдон парламентад анх орж ирсэн. 1996 оны УИХ-ын сонгуульд “Ардчилсан холбоо эвслээс ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр, 2004 оноос одоог хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа юм юм үзчихсэн туршлагатай улс төрч юм. 2008 оноос 2012 оны нэгдүгээр сар хүртэл Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан тэрээр Монголын томоохон компани “Бодь” группийн үүсгэн байгуулагч гэдгийг мэдэх хүн олон биз. Харин улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр Ц.Оюунгэрэл энэ тойргоос гарч ирсэн. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан манай шилдэг эмэгтэй улс төрчдийн нэг.
22-р тойрог Баянзүрх, Налайх дүүрэгт одоогоор хоёр мандат эзэнтэй болоод байгаа бөгөөд үлдсэн мандатын төлөө удахгүй дахин сонгууль явагдах юм.
Ямартаа ч энэ тойргоос УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаад буй Д.Ганхуяг гишүүний хувьд 2001 оноос эхлэн АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж, улмаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. УИХ-ын гишүүнээр 2004, 2008 онуудад хоёр удаа сонгогдон ажилласан туршлагатай парламентч юм. Эдийн засагч мэргэжилтэй, Бридж группийн үүсгэн байгуулагч. Ж.Батзандан нь Иргэний хөдөлгөөний тууштай тэмцэгчдийн нэг. Иргэний хөдөлгөөний тэмцэгчийн дүрээр түүнийг олон нийт мэддэг. АН-ын ҮЗХ-ны гишүүн. “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад сайн дураараа албан тушаалаа хүлээлгэн өгсөн. АН-ын хүчтэй залуучуудын нэг юм.
23-р тойрог Сүхбаатар дүүрэгт мөн Ардчилалын туг намирсан.
Л. Гантөмөр УИХ-ын гишүүнээр 2004, 2008 онуудад сонгогдон ажиллаж байсан бөгөөд ийнхүү 3 дахь удаагаа Сүхбаатарчуудыг төлөөлөхөөр болж байгаа юм. Р. Амаржаргал гишүүний хувьд манай улсын бас л өмнөө барих хашир туршлагатай түшээдийн нэг. МУ-ын Ерөнхий сайд асан, сангийн сайд асан, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн.
24-р тойрог Чингэлтэй дүүрэгт олон жил тэмцэж, орилж хашигарсаны эцэст Г.Уянга хатагтай илт давуу байдлаар гарч ирсэн.
Сэтгүүлч, мэргэжилтэй, Амлалт нэхэх ард түмний холбооны хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, иргэний хөдөлгөөнүүдтэй хамтран авилга, хууль бус зүйлийн төлөө гудамжинд хатуу тэмцэл өрнүүлж байсан нэгэн. 2008 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт өрсөлдөөд өвдөг шороодож байсан ч энэ удаа тус дүүргийн Иргэдийг төлөөлж УИХ-д сонгогджээ. Гарьдхүүгийн Баярсайханы тухайд УИХ-ын гишүүнээр улиран ажиллахаар болж байгаа юм. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон хууль батлуулсан, байгаль эклогийн чиглэлээр хамгийн сайн анхаарал хандуулдаг гишүүдийн нэг юм.
25-р тойрог Баянгол дүүрэгт мөн л Ардчилалынхан илүүрхсэн.
С.Эрдэнэ гишүүн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан хуучны улс төрч. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан тэрээр ийнхүү улс төрийн талбарт улиран ажиллахаар илгээгдэж байгаа юм. Харин С.Одонтуяагийн хувьд “Иргэн та баялаг” сангийн тэргүүнээр ажилладаг. Эдийн засгийн мэргэжилтэй. АЭХ-ны гишүүний сонгуульт ажилтай. 2008 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялагдал хүлээж байсан ч, энэ удаагийн сонгуульд Баянголчууд түүнд итгэл хүлээгдээд байна.
26-р тойрог Сонгино-Хайрхан дүүрэгт мөн л нэг мандатын эзэн тодроогүй байгаа.
Л.Эрдэнэчимэг хэмээх энэ хатагтайн хувьд “Монос фарм трейд” ХХК-ийн Ерөнхий захирал гэхээс өөр албан тушаал, ажлын туршлага байхгүй. Харин Д. Тэрбишдагва гишүүний тухайд МАХН, МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс нэрээ мандуулж өрсөлдөгчидөө тээр доор орхион илүүрхсэн. . Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд асан, Монгол Улсаас ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан гээд л улс төрийн ажлын туршлага түүнд бий. Мөн тэр 2004 оноос УИХ-д тасралтгүй сонгогдон ажиллаж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна