Ардчилсан намаас шалтгаална...

2012 оны парламентын сонгуулийн урьдчилсан дүн гарч Ардчилсан нам 20 гаруй жилийн түүхэндээ анх удаа үнэмлэхгүй ялалт байгууллаа. УИХ-ын гишүүний түр батламжаа авсан шинэ нэр дэвшигчид ирэх жилийнхээ төлөвлөгөөнд ханцуй шамлан ороод байгаа бол Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд буюу УИХ-ын сонгуулийн 22 болон 26 дугаар тойрогт дахин санал хураана. Гэхдээ холбогдох хуулинд зааснаар бол дахин санал хураалт явуулах шийдвэрийг тойргийн хороо гаргах учиртай. Одоогоор дээрх хоёр тойргийн хорооноос ямар нэгэн эцсийн шийд хараахан гараагүй байна. Саналыг ямар байранд авах, хэзээ явуулахыг тойргийн хороо мэдэж шийдвэртээ заах бөгөөд дахин санал хураалтыг ажлын өдер явуулах ёстой гэнэ. Дахин санал хураалт явуулах шалтгаан нь энэ хоёр тойрогт өрсөлдсөн нэр дэвшигчдийн хэн нь ч дангаараа 28 хувийн дэмжлэг хүлээж чадаагүй. Энэ нь ч учиртай. Сонгинохайрхан дүүрэг 131 мянга, Баянзүрх дүүрэгт 113 мянга буюу гурван мандаттай хамгийн олон сонгогчтой тойргууд. Иймээс дээрх мандатын төлөө 30 шахам хүн өрсөлдсөнөөс санал тарамдаж, хэн ч дангаараа 28 хувийн саналд хүрч чадаагүй байна.
Баянзүрх, Налайхын 22 дугаар тойрогт 24.66 хувийн санал авсан МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг, 24.61 хувийн санал авсан мөн намын нэр дэвшигч Д.Арвин нар шөвгөө үзэх бол, Сонгинохайрхан дүүрэгт аварга Д.Сумъяабазар, АН-ын Л.Эрхэмбаяртай хүчээ үзнэ.
Ирэх 4 жилд парламентад тэргүүлэх улстөрийн хүчин тодорсон ч дээрхи хоёр дүүрэгт дахин сонгууль болсны дараа МАН, АН-ын суудлын тоо эцэслэгдэх юм. Одоогоор Ардчилсан нам 31 суудал, МАН 27 суудал авах нь тодорхой болсон учир дээрх хоёр дүүрэгт МАН ялвал эрх баригч хоёр намын парламент дахь хүч тэнцвэртэй болж ирнэ.
Ямартаа ч 2,8хан сая хүн амтай, дэлхийд гайхагдсан уул уурхайн баялагтай залуусын эх орны төрийн эрх барих дээд байгууллага УИХ шинэ, залуу халаагаар цусаа сэлбэж байна. Бизнесмэн, дуучин, жүжигчин гээд таних танихгүй учраа мэдэхгүй залуучууд, хүүхнүүд энэ оны сонгуульд орж, цочоо хагалсан ч ирээдүйтэй, боловсролтой залуус эцсийн мөчид сонгогдож чаджээ. Одооноос эв түнжин муутай, талцаж муудалцсан парламент байгуулагдах нь дамжиггүй болсон ч эх орон, ард түмний эрх ашиг гэх зүйл дээр нэгдэж чадна гэдэгт нь итгэж сууна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна