
Нэгэн цагт Ж.Наранцацралт агсантай гар, сэтгэл нийлэн Барилгын яамыг толгойлж явсан ноён Ц.Дашдорж Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилогдоод авсан ёндоотой нэгэн. 2004-2008 онуудад дэд сайдын алба хашиж байхдаа эхлүүлсэн 40 мянган айлын орон сууц зэрэг томоохон төслүүд нь амжилттай байсан учраас дахин сайдын сэнтийд залрах тасалбар нь болсон гэдэг. Түүнчлэн хотыг шинжлэх ухааны үндэстэй, орчин үеийн төлөвлөлттэй болгох, шинэ барилга байгууламжид техникийн шинэ шийдэл нэвтрүүлэх гээд чухамдаа инженерийн толгойноос гарч болох санаануудыг эрхэм сайд гаргаж тавьсан гэдэг. Өрөмдлөгийн инеженер мэргэжилтэй ноён Ц.Дашдоржийг манайхан “Монгол тамхи Со”-г үндэслэн байгуулагч гэдгээр нь андахгүй. Харин бизнесийнх нь замналыг хөөвөл тэрээр эртний намтар түүхтэй. 1993 онд “Их тэмүүлэл” хэмээх компани байгуулж, бизнест унаж босож явсаар хөл дээр босгосоныхоо дараа их улс төрд хөл тавьсан. 2000 оноос хойш төрийн түшээ, яамны сайд гээд олон хариуцлагатай алба хашиж ирсэн түүнийг журмын нөхөд нь мужик эр хэмээн ам сайтай байдаг. Оросын цуутай тэрбумтан Роман Абрамовичтой духныхаа үрчлээгээр ижилсдэг тэрээр эр хүн шиг гүндүүгүй тулдаа элдэв хэл яриа, хов живийн чанартай зүйлүүдэд ач холбогдол өгөөд байдаггүй, өөрт ногдсон ажлаа зам мөрөөрөө хийгээд явж байдаг хэнэггүй эр.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна