
Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэг. Тэгвэл Э.Мөнх-Очир гишүүн сайн эцгийн нэрийг энэ насаараа худалдаж идэж буй хүү. Түүний эцэг Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, тулхтай, буурьтай түшээдийн нэг Л.Энэбиш агсан ид хийж бүтээх насандаа тэнгэрт хальсан нь харамсалтай. Хотын ерөнхий менежерээр чамгүй удаан ажилласан Э.Мөнх-Очир өнгөрсөн сонгуулиар эцгийнхээ нутгаас их хуралд тоосоо өргөж,хүч үзэхдээ ялалт байгуулсан нь чухамдаа сайн эцгийн хүүд нэг удаад итгэл хүлээлгээд үзье, Л.Энэбиш агсан шигээ нутагтаа элэгтэй, төрдөө зартай улс төрч болох ч юм билүү хэмээн итгэл хүлээлгэсэн гэдэг. Гэвч магтсан хүүхэн хуриман дээр гэгчээр Э.Мөнх-Очир төрийн түшээ болсноосоо хойш төлөвших нь бүү хэл дэвэрч, хаана л зодоон цохион болно тэнд мань хүний нэр ёс юм шиг тууж явах нь одоо нэгэнт гайхах зүйл биш болжээ. Э.Мөнх-Очир тэр бааранд ууж согтоод, түүнийг зодсон гэнэ, энд хүнийг рекетэлсэн гэнэ гэгдсээр боевик Э.Мөнх-Очир нэр авсан нь түүний сагсуу, ойворгон зангийнх. Ямартаа л Булганыхан будаатай, будаан дээрээ зодоонтой гэгчийн үлгэрийг чухамдаа Э.Мөнх-Очир энэ биеэр их хотод, энэ Монголын парламентад үзүүлж яваа гэх хүмүүс цөөнгүй. Ер нь энэ эрхмийн хобби зодоон цохион, хэрүүл шуугиан бололтой юм шиг байдаг. Оны эхээр АН хамтарсан засгаас гарахаа мэдэгдэж, улс төр дээр, доороо орж бужигнаж байхад мань эр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Улс төр ингэхээрээ л гоё ш дээ гээд миний нэг үг байдаг даа” хэмээн хээвнэг ярьсан нь бий. Монгол төр үймж бужигнаж, монголчууд хоорондоо хэрэлдэж, уралцаж л байвал Э.Мөнх-Очирын улс төрд орж ирсний хэрэг гарах юм биш үү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна