
Өвөөгийнхөө өвөрт морин дэл дээр хийсч өссөн энэ хүнийг морь, малгүйгээр төсөөлөх аргагүй. Арван жил, оюутны он жилүүд, улс төрийн албанд томилогдсоноосоо хойш ч Х.Бадамсүрэн гишүүн цаг зав гарах л юм бол адуу малтай ноцолцож явдаг хурдан хүлгийн улаан хоббитон. Морио дээдэлсэн тэр хүсэл нь унтрахгүй байсаар түүнийг Ардын намын алдарт уяачдын тоог нэгээр нэмэхэд хүргэсэн гэдэг. Хэдийгээр хурдан морь уях хоббитой ч төрийн ажлыг цалгардуулаад байж таарахгүй учраас өөрийнхөө хоббиг хоёрдугаарт тавьсан хэмээн ярьдаг түүний адуун сүрэгт монгол, араб үүлдрийн цэвэр цусны алдартай морьд өч төчнөөнөөрөө. Монгол-Оросын хамтарсан томоохон аж ахуйн нэгжийг эдийн засгийн хямралтай үед галыг нь алдуулахгүй авч ирсэн цөөхөн бизнесменүүдийн нэг гэдгээр нь ч түүнийг таних хүн цөөнгүй. Тиймдээ ч энэ эрийг Монголын уул уурхайн салбарын урдаа барих нүүр царай гэдэг. Хэнтий аймгийн Бор-Өндөрийн жоншны үйлдвэрийн захирлаар томилогдож даргын карьераа эхлүүлсэн түүнийг УИХ-ын гишүүн гэхээсээ илүүтэй Монросцветметийн Бадамсүрэн хэмээн овоглодог. Сүүлд ГОК-ийн даргад хүртэл нэр нь яригдаад амжсан түүний олны мэддэггүй нэг гавьяа нь Монголын жоншны үйлдвэрлэлийг дэлхийн хэмжээний чанар, үр ашгийн түвшинд хүргэж эхний тавд жагсаасан жаатай уурхайчин.
“Монголросцветмет”, морь хоёроор алдаршсан тэрээр өнгөрөгч сонгуулиар Өмнийн говьчуудын итгэлийг өвөртлөн Их хуралд суусан парламентын “хатуу самар”-уудын нэг. Уул уурхайн мэдлэгээрээ урдаа хэнийг ч гишгүүлэхгүй арвин туршлагатай түүнд өмнийн говьчууд итгэл хүлээлгэн сонгодог нь уул уурхай ид хөгжиж буй тус бүс нутгийг төрд төлөөлж, хамгаалах найдвартай дуу хоолой нь чухамдаа Б.Бадамсүрэн хэмээн итгэдэгтэй холбоотой юм гэсэн.
Хөрөнгө хогшилтой хөөргөн эрчүүдийн дунд түгээмэл байдаг элдэв хүүхэн шуухны асуудал мань хүнд байдаггүй нь түүний нэг давуу имиж гэж байгаа. Эрхэм гишүүний гэргий Рэнцэн-Амгалан хэмээх нийгмийн идэвх зүтгэл нь дэндсэн бүсгүй буй. Залуудаа хамт хойно сурч байсан хосууд мисс гэргий нараараа алдартай 2 хүүтэй, сүүлд хүсэн хүлээж байж хэнз охинтой болсон халуухан хосууд. Өдгөө “Тун-Эрдэнэ фарм”-ын захирлаар ажиллаж хажуугаар нь бас бус бизнест ханцуй шамалж, төрийн түшээ нөхрийнхөө арын албыг авч явдаг Рэнцэн-Амгалан хатагтай залуу халуундаа оросын хус шиг гэдэгчлэн үс, зүс сайтай, үзэсгэлэнтэй бүсгүй байсан гэдэг. Ардчиллын салхи сэвэлзэж байсан 90-ээд оны дунд үед Их хуралд хүртэл нэр дэвшиж явсан хатагтай тэрээр одоогийн парламентын гишүүдийн гэргий нарын холбооны даргын сонгуульт ажилтай гээд угийн идэвх зүтгэлээ орхиогүй яваа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна