
Хөрөнгө мөнгөтэй бизнесмэнүүд төрд хэрэггүй гэж үзэх хэсэг байдаг ч үнэндээ хэн нь ч гарсан боломж олдвол идэж, уудаг хойно ядахдаа амьдралын баталгаа нь хангагдчихсан, нүдний хор нь гарчихсан нөхдүүдийг их хуралд гаргавал ядахдаа идэж ууна гэж дайраад байхгүй гэж прагматик тадаас нь харах хүмүүс цөөнгүй. Мөнгөтэй бизнесмэнийг төрд сонгосныхоо үрийг үзэж буй сонгогчид Увс аймгийнх гэнэ. Өнгөрсөн сонгуулиар дэлхий даахгүй их мөнгөөр төрд орж ирсэн гэгддэг эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн юмтай хүн юмаараа гайхуулдагийн үлгэрийг төрөлх Увсчуудад харуулж байгаа юм байх. Хойд хөршөөс эхлээд дугуй дараа нь УАЗ-469 машин зөөсөөр ёстой дэлхий даахгүй баяжсан энэ эрхэм “Хурд интернэшнл” хэмээх групптэй. Монголын бүх аймаг, сумдыг түргэний машинаар хөл залгуулсан гэгддэг бизнесмэн түшээ хамгийн сүүлд барилгын салбарт хүч үзэж, гэрлийн хурдаар цойлон гарч ирсэн нь “Хурд” хороолол, “Рапид” харш. Төв цэнгэлдэхийн хаяанд тэнгэр баганадсан харш босгож, Рапид хэмээх тансаг нэр хайрласан энэ эрхэм тун саяхан 180 гаруй сая төгрөгийн өртөгтэй спорт цогцолбор барьж, төрөлх Увсчууддаа хүлээлгэн өгсөн аж. Улаанбаатарт байхгүй тохижилт, үйлчилгээтэй энэ цогцолбороос Увсын ирээдүйн спортын алдартнууд төрөх юм байх. Угаас бяр чадлаараа гайхагддаг Увсын цэнхэр хязгаараа олон ч спортын алдартнууд төрснийг хэлэх үү, холыг харж спорт цогцолбор барьсанаа ноён Б.Чойжилсүрэн учирласан гэнэ.Тэр байтугай олон улсын одимпиадад түрүүлсэн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг зуун хувь даахаа эрхэм гишүүн амалсан нь Увсынхны магнайг тэнийлгэсэн аж. Түүний дараагийн бүтээн байгуулалт нь аймгийнхаа төвд орон сууж барих ажил бөгөөд шавыг нь хэдийнэ тавьсан байна. Сайн хүү төрвөл төрд түшигтэй гэж энэ юм байна хэмээн хавь ойрд ийм юм үзээгүй Увсчууд тун ч өөдрөг байгаа гэнэ шүү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна