
МАН-ынхан Дундговийн итгэл найдваруудыг нам жийгээдхэв бололтой. Учир нь ирэх сонгуулиар Дундговийн ганцхан мандатын төлөө УИХ-ын гишүүн Р.Раш, Х.Наранхүү нарын оронд Б.Амарсанаа хэмээх хэн ч мэдэхгүй бүр царайг нь ч харж байгаагүй үл таних залууг явуулхаар болсон. Дундговийн оюутан залуусыг “facebook”-ээр хошгоруулж, ерөнхий сайдыг энд тэнд дагаж явахаас өөр хийсэн зүйлгүй энэ эрхмийг тийм ч хурдан гаргаад ирнэ гэвэл гонжийн жоо биз. Ядаж байхад өрсөлдөгч нь Мон-Ураны Б.Наранхүү гэж байгаа. Өнгөрсөн зунаас эхлээд Дундговиор нэг мөнгө хийсгэж Их хуралд суухын төлөө байдаг арга залиа ашиглачихсан энэ эрхмийн нэр хүнд нь тэнгэрт мандаж, мөнгө хөрөнгө нь дэлхийд данслагдсан гэхэд болно.Тэгэхээр Б.Амарсанаад УИХ-ын гишүүн болох боломж хумсны толион чинээ л байгаа. Харин Ерөнхий сайдын шинэхэн зөвлөх энэ хүүгийн оронд МАН хал үзэж халуун чулуу долоосноор нь муу өвгөн партизан Р.Рашийгаа тавьсан бол суга үсрээд гараад ирэх байсан даа гэх хүмүүс цөөнгүй байгаа. Ямартаа ч тойроггүй үлдсэн түүнийг МАН дотор үүсээд байсан Соёмбо фракцид хүчин зүтгэж түүгээр ч барахгүй намынхаа ид савалгааны үеэр МАХН-руу гүйчих гээд байнга маргалдаж, үг сөрж байдгийнхаа шанг хүртсэн гэнэ лээ. Ялангуяа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах бичигт мутраа зурснаас болж ийнхүү хог дээр хаягдан яахаа мэдэхгүй мунгинаж яваа болов уу. Гэхдээ Р.Раш гишүүнд энэ төрд хийж байгуулсан гавьяа их бий гэдгийг хэлэх нь зүйтэй. Жижигхэн биетэй ч жинтэй үг хэлчихдэг тэгээд ч энэ мэт бацаануудыг бодвол дэндүү ихийг үзчихсэн хүн болохоор Дундговийнхон удаа дараа улираан сонгож байсан биз. Хэдийгээр Төмөр замын даргын албанаас эхлээд ЗТБХБ-ын сайд алба хүртэл хашиж байсан, парламентид хоёр ч удаа сонгогдон зүтгэж явсан өвгөн партизан өвдөг шороодсон ч дараагийнх нь албан тушаал ойрхон байгаа нь тодорхой. Өөрөө ч “Тойроггүй үлдвэл төмөр замдаа диспетчер ч болтугай хийнэ” гэж байсан удаатай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна