
Өглөө хар үүрээр ирж, орой эл хуль болсон хойно л саарал ордоноос санаа алдан холддог хэмээн ярьж байсан энэ эрхэм бол Я.Батсуурь. Үүрэгт ажил нь энэ дотор байдаг ч үндсэн ажил нь Дорноговь аймагт буюу түүний сонгогдсон тойрог нь болов уу. Сонгогчдынх нь хэлж, ярьж буйгаар бол эрхэм түшээ энэ дөрвөн жилд гарын таван хуруунд багтахаар тийм “их” нутгаа бас иргэдээ эргэж очсон гэнэ лээ. Тэгсэн хэрнээ мань хүн саяхан нэг телевизийн хойморт заларч хийж бүтээснээ гайхаж өөрийгөө бурхан мэт шүтэх нь халаг лаглайн сууна лээ. “Хөөрхий энэ хил залгаа Сүхбаатар, Дундговь, Өмнөговь аймгийнхан манай энүүгээр сэлгүүцээд л явж байдаг ш дээ. Манай аймагт бүр говийн аймгуудаас суурьшхаар малчин ард түмэн өдөр ирэх тусам нэмэгдэн нүүдэллэж ирсээр байгаа. Хөгжил доогуур аймгууд манайхаас үлгэр дууриалал авах хэрэгтэй л дээ. миний буянаар энэ Дорноговь чинь их хөгжсөөн. Баруун аймгуудаар явж үзсэн хашаа энэ тэр гээд манайхаас бүр мяа юм байна лээ. Удирдлагууд нь л юм хийдэггүй юм байлгүй дээ. Иргэдийг буруутгах аргагүй” гэж ирээд л ёстой нэг залж өгнө лээ. Гэхдээ тойргоо тордсоныг хэн байг гэхэв. Уг нь УИХ-ын чуулганы танхим дахь цөөхөн хэдэн дипломатчдын нэг, ярьсан хэлсэндээ эзэн байж чаддаг мэргэжлийн яс чанартай түшээ бол Я.Батсуурь гэж зарим нэг нь магтах юм билээ. Ямартаа ч түүнийг хэлсэн үгэндээ хүрэхийг нь бас тэгээд хэлсэн, ярьсан нь үнэн эсэхийг зэргэлдээ аймгийнх нь дарга, удирдлагуудаас асуухад болох биз дээ. Дорноговийнхон ч гэсэн хэлээд өгнө байх.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна