Охин Э.Бямбадуламыг нь Азийн хөгжлийн банкинд ажиллаж байсан албан тушаалаас нь чөлөөлжээ Нэгэн цагт улсын хаан мэт өндөр дээд албанд заларч, улс төрчид голцуу зусарчдаар амьд бурхан мэт тойрон хүрээлүүлж, тахин шүтүүлж явсан экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг 4-р сарын 14-ний үүрээр хомороглон баривчилсан нь энэ хаврын, магадгүй 2012 оны хамгийн том дуулиан шуугиан байв. 2009 онд ерөнхийлөгчийн суудлаа Ц.Элбэгдоржид алдаж, тэр цагаас хойш төрөлх намынхаа журмын нөхөдтэйгээ хүртэл эв түнжин хагарч эхэлсэн экс ерөнхийлөгч энэ төрийн нүүрэнд авилгын загалмайлсан эцгээрээ дуудуулж, төрд өндөр алба хашиж байхдаа хууль бусаар үйлдсэн, хөрөнгө мөнгө идэж уусан хэргээрээ өргөст торны цаана орсон нь нэг талаар зүй ёсны асуудал боловч нөгөө талаар цэвэр улс төржилт гэдгийг үйл явдал бэлхэнээ харуулж байгаа юм.
Тэр хэрвээ төрөлх намтайгаа түнжин тасарч, МАХН хэмээх нам байгуулаагүй бол, хэрвээ МАН, АН хоёр эвсэж, нэг хөнжилд ороогүй бол Н.Энхбаяр өнөөдөр эрх чөлөөтэй явах байлаа. Зөвхөн Н.Энхбаяр бус Должин, Дулмаа хэнбугай ч болов улс төрчид бүгд Н.Энхбаяр шигээ, лав түүнээс дутахааргүй идэж ууж,төрийн хөрөнгийг шамшигдуулсан гэдэг нь гашуун үнэн юм. Гагцүү нам хэмээх ид шиэдт уулын нөмөрт номхон тэмээ мэт хүчин зүтгэж байгаа учраас тэдний бульхай хэзээ ч илрэхгүй. Ил байсан ч ял зэм хүртэхгүй. Бид ийм л нийгэмд амьдарч байна. Ийм л төрөөр удирдуулж байна. Ерөөс улс төр гэгчийн үнэн нүүр царай ингэж тод боллоо. Одоо харин Н.Энхбаяр алдарт аалзны тороо задлах л үлдлээ. Түүнд тийм зүрх зориг үлдээ болов уу?
МАН-ынхан энэ сонгуулиар түүнийг санал хуваана гэсэндээ, эрхэм ерөнхийлөгч 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийнх нь саналыг хуваана гэж айхдаа түүнийг ийн албадан, яаран баривчилсан хэмээн улс төрийн хүрээнийхэн дүгнэж байна. Үнэхээр монгол төр хүчирхэг, шударга байсан бол Н.Энхбаяр өнөөдөр, энэ цаг үед биш хэдийнэ баригдах ёстой байлаа. Нийгэм даяар дуулиан тарьсан алдарт Аалзны тор хэмээх нийтлэл эргэн санахын тэртээ арваад жилийн өмнө гарч байсан санагдах юм.
Экс ерөнхийлөгч өнөөдрийн энэ замынхаа эхлэлийг тэртээ арав гаруй жилийн өмнө тавьж, өөрөө унах нүхээ өөрийн гараар бэлдсэн гэсэн үг. Улс төр гэгчийг хөрөнгө, мөнгөний тулаан болгож орхисон нь чухам түүнийг нам, төр удирдаж байх үеийнх гэж өнөөдөр журмын нөхөд нь хэлж сууна. Тэгвэл ооо бидэнд юу хэрэгтэй вэ гэвэл шинэ сонголт, шинэ улс төрийн хүчин хэрэгтэй байна. Монгол төрийн цусыг сэлбэх цаг болжээ. Энэ бол ард түмний орь дуу, орь хүслэн болоод байна.

Ингэхэд экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг барьж хорьсон явдал гэр бүлийнхэн нь хамгийн хүндээр туссан нь үнэн. Э.Батшугар, Э.Бямбадулам, Э.Дашнамжил, Э.Ренчинлхам гээд 4 хүүхэдтэй ноён Н.Энхбаярын ууган хүү Э.Батшугар энэ хэрэг явдлын хөлд хамгийн ихээр чирэгдэж буй. Оны өмнөөс “Ремиф” компанийн захирлын нэрээр цагдаа, шүүхэд дуудагдаж эхэлсэн тэрээр баривчилгааны үеэр хүний ууган, нуган үр гэсэндээ цагдаа, хүчнийхэнтэй халз тулан хүч үзэж, тэмцсэнийг бид харсан. Өдгөө 25 настай, Бентлигийн их сургууль дүүргэсэн Э.Батшугар ноён ерөнхийлөгчийн дагавар хүү бөгөөд анх 2007 оны Хэнтийн даншигийн үеэр “Монголын нэг өдөр” сонин түүнийг “дурандаж”, анх олон нийтэд таниулж байв. Тухайн үед хар нялхаараа байсан хүүг одоогийн эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ аваргын ууган охин Бурмаа эргүүлдэн, харц шидэлж байсныг тус сонин онцолсон байдаг. Э.Батшугарыг баривчилгааны багийнхаан экс ерөнхийлөгчийн гэрт ормогцоо номхон зогсож байхад нь цохиж унагасан дүрс олны нүдэнд ихээхэн содон, хачирхмаар туссаныг энд бас дурдах нь зүй болов уу. Үнэндээ хорь гарч яваа цэл залуухан энэ хүүд юун буруу байх билээ.
Хэрэг явдлын дараа Э.Батшугар ээжийнхээ хамтаар хэвлэлийн хурал хийж, аавынхаа номыг танилцуулахдаа аавынхаа төлөө тэмцэнэ гэдгээ хатуухан мэдэгдэнэ лээ.
Ноён экс ерөнхийлөгчийн удаах охиныг Э.Бямбадулам гэдэг. Ээжтэйгээ тун ч адилхан энэ охин мөн л гадаадад эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн бөгөөд аавыгаа баригдах үед Азийн хөгжлийн банкинд ажиллаж байжээ. Эх сурвалжийн мэдээгээр экс ерөнхийлөгчийг баригдсаны дараа Азийн хөгжлийн банкныхан Э.Бямбадуламын ажлаас нь чөлөөлөхдөө хэрэг явдал ийм дэрээ тулсан хойно, хүүхдүүд рүү нь халдаж магадгүй гэж болгоомжилж байна хэмээн шалтгаанаа тайлбарласан аж.
Харин Н.Энхбаяр ерөнхийлөгчийн 3 дахь хүү, аавтайгаа нэг өдөр буюу 6-р сарын 1-нд төрсөн хүү Э.Дашнамжил гадаадад сургуульд сурч байгаа аж. Бага охин амин хайртай Э.Ренчинлхам нь энд, аав, ээжийнхээ дэргэд хүмүүжиж байгаа бөгөөд Америк сургуульд суралцдаг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл (9)