
Улс төр санаархагчдын урт цуваа үргэлжилсээр л... Ялангуяа сэтгүүлзүйн салбараас улс төр зүүдлэгчид өдөр ирэх тусам нэмэгдсээр, үржсээр. Өчигдөр МАН-ын IV бага хурал болж, ирэх сонгуулиар ард түмэнд санал болгох мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн. Мөн энэ үеэр намын бага хурлын гишүүдийг шинээр баталж, түм буман сураггүй эрхмүүд сонгогдоод баяр нь “баадайдаа багтахгүй” гээчийн юм болж яваа харагдсан. Харин ганц нэг эрхэм сэтгэл дундуур байгаа бололтой дурамчхан алхаж байсан юм. Тухайлбал, Засгийн газрын ХМА-ны дарга М.Оюунчимэг гэх энэ хатагтайд МАН-ын бага хурлын гишүүний суудал нь багадаж мөрөөдөл нь талаар болсон бололтой. Квот энэ тэр ярьж эмэгтэйчүүдийг УИХ-д суудал бөглүүлэхээр болсон ирэх сонгуульд тэрээр өрсөлдөх чин хүсэлтэй байсан гэх бор шувуу тэнгэрт нисэн, газарт унасаар байгаа. Гэхдээ л энэ мэт мөрөөдөгчдийн хувьд бол чамлахаас чанга атга гээд сууж байвал болмоорсон гэх хүмүүс уг хурал дуусмагц л ярьж эхэлсэн. Ямартаа ч сэтгүүлчийн ажлыг улс төрийн салбараар сольж буй энэ бүсгүйд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр түшээдийг муулж, шоолж бас магтаж, ерөнхийдөө түс тас тоймлон хэлсэн цаг бий. Гэвч өдгөө өөрөө дунд нь орчихсон өмөөрөн хамгаалж бүр шинэхэн албаа голсон аятай хээв нэг алхаж яваа энэ хатагтайг “мөрөөдөгч” гээд хэлчихэд буруудах зүйлгүй бизээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна