
Энэ эрхмийг таних хүн тийм ч их биш гэдэгт итгэлтэй байна. Түүнийг Д.Дамба-Очир гэдэг юм. Уг нь УИХ-ын гишүүн. 2008 оны сонгуулиар “хясаанд нуугдсан сувд” гэдэг шиг л юм болж Эрдэнэтээс энэ сэнтийд өргөмжлөгдсөн эрхэм. Харин тэрээр УИХ-д орж худал, үнэн намаа рекламдаж сууснаас өөр хийсэн зүйлгүй гэхэд хилсдэхгүй биз. Бас болоогүй сонгогдсон юм болохоор Эрдэнэтээ магтан дуулж гүйсээр байгаад л энэ дөрвөн жилийг ардаа үдэв. Нэг үе Д.Дамба-Очир гишүүн “Эрдэнэт сэтгэл” энэ тэр гэж ирээд л цэцэрхэж байсан удаатай. Түүнийгээ ч мань хүн “Эрдэнэт сэтгэл гэдэг нь маш энгийн тайлбартай юм. Эрдэнэт, Баян-Өндөр ууландаа мөргөж, Орхон голынхоо сав газар нутаглаж байгаа манай нутгийнхны нутгаа гэх аминчхан сэтгэл, түүнийхээ төлөө байнга санаа зовниж, нутагтаа очоод баярлаж жаргаж байх сэтгэлийн тухай ойлголт юм” хэмээн бас ч гэж багагүй магтаал, саашаал хүртэж байсан “бялдууч” эрсийн нэг. Харин тэрээр энэ удаагийн сонгуульд “даагаа нэхэхээр” болсон сурагтай. “Миний хийж буй, хийсэн ажил нутгийн маань олны өмнө нээлттэй байгаа. Сонгогчидтойгоо уулзаж, хийсэн ажлаа тайлагнахад үнэхээр их юм хийсэн байна гэсэн дүгнэлт өгсөн. Мөн хийсэн ажлаа сурталчлах талд дутуу ажиллаж байна гэсэн шүүмж ч ирсэн. Хийсэн ажлуудаа эргээд харахад амлалтуудаа хэрэгжүүлж дуусгаж, эхлүүлэхийг нь эхлүүлсэн байна. Тийм учраас намын хамт олон дахиж дэвшүүлнэ гэсэн итгэл хүлээлгэж байгаа.” гэж ирээд л Монголоор нэг цээжээ дэлдэж яваа. Үнэхээр амлалтаа бүгдийг нь биелүүлсэн бол “мундаг” л байна. Ямартаа ч шургаж, хов зөөж байгаа ч юм биш энэ талаар Эрдэнэтийнхэнд нэг дуулгах нь зүйтэй болов уу. Ирэх сонгуульд хэрэхээ сонгогчид нь мэднэ биз ээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна