Шаардах бичиг хүргэхээр яг одоо...
2012/04/13
    Яг одоо Сүхбаатарын талбай бухимдсан олны хөлд дарагдаад байна.  Н.Удвал тэргүүтэй МАХН-ын гишүүд дэмжигчид болон ард түмний төлөөлөл цуглаж Н.Энхбаярыг 24 цагийн дотор суллахыг шаардаж байна. Мөн энэ үйл явдалд холбоотой зарим УИХ-ын гишүүд болон АТГ-ын дарга нарыг албан тушаалаас нь буулгахыг шаардав. Энэ үеэр МАХН-ын нарийн бичгийн дарга Н.Удвал дараах шаардлагыг хүргүүлэх болсоноо цугларсан олонд танилцуулсан юм.  Тэд энэхүү шаардлагыг нэн даруй биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо мэдэгдэж төрийн ордынг гурав тойрохоор болж яг одоо төрийн ордоны зүг бухимдсан олны урт цуваа хөдөлж байна. Төрийн ордныг гурав тойрч дараах шаардах бичгийг хүргүүлэх болсон.
   
    Энэхүү бусармаг үйлдлийг Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Ц.Бадамжунай нар удирдаж, Д.Сандаг-Очир, Б.Хурц нар зохион байгуулж энэ үйл ажиллагаанд АТГ, ЦЕГ-ын тусгай хэлтэс, Дотоодын хэлтэсийн 809-р салбар, Эргүүл хамгаалалтын тусгай газар, Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зэрэг байгууллагуудийн нийт 600 орчим цагдаа оролцож Намбарын Энхбаярын амьдарч байгаа газрыг бүслүүлэн Цагдаагийн алан хядах үйл ажиллагаатай тэмцэх хэлтэсийн ажилтануудаар хүч хэрэглүүлэн баривчилууллаа. Энэхүү хүчирхийлэл нь Тавантолгойн орд газартай холбоотой авилгалын хэргийг шалгаж тогтоосон энэ үед олон түмний анхаарлыг өөр асуудалд хандуулах оролдлого төдийгүй МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2008 оны долдугаар сарын нэгэнтэй холбоотой асуудлыг ард түмний өмнө дэлгэн тавьж үнэн мөнийг илчилсэний төлөө ийнхүү улс төрийн өшөө авалт явуулж үнэн мөний дуу хоолойг хорих гэм бууруутай этгээдийг нуун дарагдуулах гэсэн бусармаг санаархлын илрэл боллоо.

    Түүнчлэн МУ-ын ИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Шинэбаяр, О.Чулуунбат нарын халдашгүй байдал, амь биед халдаж гэмтэл учирууллаа. Сэтгүүлчдийг зодож, мэдээлэл авах боломжийг нь хааж, МАХН-ын гишүүд дэмжигчдийг зодож гэмтээх зэргээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын болон иргэдийн эрх чөлөөнд халдаад зогсохгүй ТВ 9 зэрэг сувгуудын цацалт түгээлтийг хязгаарлаж мэдээлэл түгээх, авах эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан үйлдэл боллоо. МАХН болон түүнтэй үзэл санаа нэгтэй улс төрийн намуудын нэр хүнд өсөж, олон түмний итгэлийг авахын хэрээр МАНАН-гийн олигархиуд бухимдаж юу ч хийхээс буцахгүй улангасан дайрч байна аа. Энэ баривчилгаа Н.Энхбаярт УИХ-ын хуулиар тогтоосон төрийн хамгаалалтыг хууль зөрчин цуцалж халдашгүй дархан байдлыг зөрчиж, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн бүхий л зүйл заалтыг зөрчсөн увайгүй хэрэг боллоо.
   
    Энэ үйлдлээ нэн даруй зогсоож МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг 24 цагийн дотор суллахыг шаардаж байна. Хэрвээ нэн даруй суллаж шударга үнэнийг сахиулах арга хэмжээг авахгүй бол улс орон даяар тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно гэдгээ мэдэгдэж байна. МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын амь насанд халдахаар завдсан гэмт үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хууль ёсны байгууллагад хандана гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Энэ хууль бус үйлдлийнхээ төлөө Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Ц.Бадамжунай, Д.Сандаг-Очир, Б.Хурц, Ганболд нарыг албан тушаалаас нь огцоруулж хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйд нийцнэ хэмээн бид үзэж байна. МАХН-ын гишүүд дэмжигчид, Монголын ард түмэн бид эцсээ хүртэл эх орон, газар шороо, ард түмнийхээ төлөө тэмцэхийн ялдамд МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахын төлөө тэмцэнэ гэдгээ үүгээр илэрхийлж байна. Намбарын Энхбаярыг суллая.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин