Мэргэжлийн зураач бус, уран бүтээлийн хөлс гэж олигтой авдаггүй байсан учраас ядуу зүдүү амьдарч байсан, эсвэл бүр эсрэгээрээ баян язгууртан гаралтай, хүмүүжил сайтай, хөгжим, яруу найраг, уран баримлын талаар өргөн мэдлэгтэй байсан хэмээн Коррежогийн намтар, түүхийн талаар янз бүрийн таамаглал байдаг бөгөөд ямартай ч тэрээр үзэмж төгөлдөр, тансаг сайхан зургуудыг хойч үедээ үлдээж одсон суутан юм. Гэрэл сүүдрийн нууцад гойд нэвтэрсэн, гэрлийн хугарлаар анхаарал төвлөрүүлж, сэтгэлийн утас хөнддөг хосгүй ур чадвартай зураач байж хэмээн мэргэжлийн хүрээнийхэн үнэлдэг. Эмэгтэй хүний нүцгэн биеийг дүрсэллээ гэхэд л тэр зургаа эмэгтэй хүний үзэмж төгс гоо сайхны жинхэнэ дуулал болгож чаддаг байлаа. Тийм бүтээлүүдийнх нь нэг нь “Даная гүнж” юм.
Эртний Грекийн Аргос хотын Акрисий хаан үзэсгэлэн төгс Даная хэмээх охинтой байжээ. Гэтэл Даная охиноос нь төрөх хүүгийн гари таалал төгсөнө хэмээн зөнч муу ёрлон урьдчилан анхааруулахад хаан аймшигт муухай хувь тавилангаас зугтаж, газар дор хүрэл чулуугаар том ордон бариулж, төрсөн ганц охиноо тэнд хорьжээ. Тэгтэл аянга зайлуулагч Зевс бурхан Даная гүнжид дурлаж, түүний газар доорх ордонд алтан борооны байдлаар нэвтэрч түүнийг эхнэрээ болгов.
Эртний эл домгоос сэдэвлэн хувь намтар түүх нь төдийлөн тодорхой буй зураач Коррежо энэхүү бүтээлээ туурвижээ. Орны цагаан хэрэгсэл, хар өнгийн хөшигний дэлгэц дээр цэл залуу бүсгүйн үзэсгэлэн төгөлдөр бие тодорно. Дурлалын бурхан далавчит Амур Даная гүнжийг Зевс ирэхэд бэлтгэж байна. Орны наана хоёр хөөрхөн хүү жижиг самбар дээр гүнжийн сэтгэлийн амраг Зевсийн нэрийг алтан сумын зэвээр сийлэн бичиж суух аж. Зурагт алтан бороог Даная гүнжийн орон дээр гэрэлтэгч үүлээр орлуулжээ.
Жаргаж байгаа нарны алтархаг туяа өрөөг гэрэлтүүлж, алс тэнгэрийн хаяанд уулсын бараа, шилтгээний балгас цонхоор харагдана. Зурагт нэлд нь тархсан гэрлэн далай алтархаг-хүрэн өнгө болон хувирчээ.
Олимпийн уулнаас ариун гал хулгайлсан Прометей шиг Коррежо аливаа зургийн маш чухал хэсэг нь дүрслэгдсэн зүйл бүрт нэвтэрч, бүхний амьдралыг тэтгэгч нь долгиолон цацрах гэрэл болохыг хүлээн зөвшөөрч уран бүтээлдээ анх хэрэглэсэн зураачдын нэг юм. “Даная гүнж” зургийг харахад ч зураач тэрхүү тэнгэрлэг гэрлийн тэнгэрлэг мөн чанарыг гайхамшигтай сайхан гаргажээ.
Салхинд долгиотох мандал дээр нь нарны туяа үелзэн наадсан, эргэн тойронд, эрэг дээр нь өтгөн сүүдэр туссан нууртай гүнжийн орыг зүйрлэж болно. Даная гүнжийн биеийн зөөлөн, хүйт даасан өнгө орны цагаан хэрэглэлийн тод, цав цагаан өнгөтэй хослон зургийн гол гэгээн төрхийг бүрдүүлжээ. Гүнжийн үзэмж төгс бие бялдрыг агаараар хөшиглүүлэн дүрсэлсэн нь тэнгэрт замхарч буй мэт санагдуулна.
Бүхэлдээ тэнгэр заяат тансаг гоо сайхны мэдрэмж бүхий хосгүй бүтээл хэмээн бүтээлийг товчхон тодорхойлж болно. Зургийг Мантуя хотын Ф.Генза гүнгийн захиалгаар 1530 онд зурж, V Карл хаанд түүнийг хаанаар өргөмжлөгдөх ёслолыг нь тохиолдуулан бэлэглэжээ. Үүнээс хойш удтал олон цуглуулга дамжсаар Камилло Боргезе 1872 онд Париж 285 паундаар худалдан авсан нь одоо тус хот дахь түүний нэрэмжит уран зургийн галерейд чимэг болон гялалзаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна