Рафаэлийн эх дагинас

Дэлхийн дүрслэх урлагийн ертөнц дэхь дахин сэргэлтийн үе сонгодог уран зураг, сонгодог баримал, шашны сэдвээр дүүрэн. Магадгүй хүн төрөлхтөн цэл залуухан, сэтгэл оюун нь хүртэл байгальдаа ойр, натурал байсныг энэ үеийн суут бүтээлүүдийн өнгө будаг, илэрхийлэмжээс харж болдог билээ. Өрнийн сэтгэлгээнд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсээр ирсэн нэг л зүйл бий. Тэр бол Есүс Христ, “Библи” судар. Өмнөх дугаарт танд сонирхуулсан “Хорвоогийн аз жаргалын цэцэрлэг” хэмээх бүтээлийн уг санаа нь “Библи”, Адам Ева хоёр байсан бол одоо хүргэх бүтээлийн эзэн нь мөн л христос шашны ертөнц дэхь эрхэм тэмүүллийн төгс төгөлдөр илэрхийлэл хэмээгддэг Эх дагина Мадонна юм.

Рафаэль Санти ихэнх зураачдын нэг адил хатуу хувь тавилан туулаагүй харин ч аз жаргалтай амьдрал туулсан, амьд ахуйдаа олон захиалга, олон шүтэн бишрэгчдээр хүрээлүүлсэн, олон шагнал хэргэмтэй эрхэм байв. Хамгийн цуутай бүтээл нь “Сикстиний эх дагина Мадонна”.











Леонардо Да Винчи, Микеланжело зэрэг сонгодог акулуудтай эн тэнцүү алдар хүндтэй зураач Рафаэль Эх дагинасыг гайхамшигтай бүтээгч хэмээх алдрыг цэл залуудаа хүртсэн уран бүтээлч. 17-тойдоо туурвисан “Эх дагина Мадонна Конестабиле” нь Эрмитажийн музейд, “Зөөлөн сандалд тухалсан эх дагина Мадонна” нь Питтийн уран зургийн галерейд, “Гартаа загас барьсан эх дагина Мадонна” зураг нь Прадо музейд, “Эх дагина дель Фалиньо” нь Ватиканы Пинакотека музейд тус тус хадгалагдаж байна.


























Өдгөө Дрездэн хотын уран зургийн галерейд заларч, дэлхийн өнцөг булан бүрээс ирэх урлаг сонирхогчдын шүтээн болсоор буй “Сикстиний эх дагина Мадонна” бүтээл бүтсэн түүх, түүнийг хараад өгдөг судлаачдын тайлбар, жирийн үзэгчдийн ойлголт хүртэл өөр өөр, ээдрээтэй байдаг юм. Эх дагина Марияг толгойдоо титэм өмсөөгүй, торгон биш жирийн эдээр оёсон нөмрөгтэй, хөл нүцгэн дүрсэлсэн нь Эх дагина бус жирийн эмэгтэй байна гэж үзэхэд хүргэдэг. Тариачин бүсгүй шиг хүүхдээ тэвэрсэнийг нь үндэслэн мөн ийн тайлбарладаг талтай. Гэхдээ тэнгэрлэг, агуу уур амьсгал дүүрэн хөл нүцгэн бүсгүйн энэ хөрөг дөрвөн зууныг элээхдээ хүн төрөлхтөнд тэнгэрийн эзэгтэй, хатан хаан хэмээгдэн хүндлүүлсээр ирсэн билээ.   


Гэтэл зарим судлаачид зурагт дүрслэгдсэн эх дагинад газрын зүйлс огт үгүй, чухамдаа хүний дүрд хувирсан тэнгэрийн шүтээн гэж үздэг. Хүн төрөлхтний түүхэн үе бүхэн, хүн бүр алив зүйлийг яаж харахыг хүснэ, тэгж хардаг жамтай. Үүгээр эл олон салаа ойлголтыг тайлбарлаж болно.

Олон тооны сахиусан тэнгэрээр хүрээлүүлсэн Эх дагина Мадонна үүлсийн дээр зогсож тэнгэрийн хөвгүүнээ манай дэлхийд танилцуулж байна. Зургийн доод талд намхан сараалжин хашлага байгаа нь тэнгэрийг газраас зааглаж байгаа цорын ганц “саад” ажгуу. Ногоон хөшиг гэнэт хоёр тийш ярагдан тэнгэрлэг хүүгээ цээжиндээ тэвэрсэн Эх дагина нүдний өмнө тодорно. Тэрээр намхан сараалжин хашлагын дээгүүр алхан гарч ирж газар дээр гишгэнэ. Эх дагина алхаж буй тэр агшин мөнхөд үргэлжлэх мэт сэтгэгдэл төрөвч тэрээр хөдөлгөөнгүй зогссон хэвээр. Хэдийд ч хамаагүй газарт буухад бэлэн байгаа мэт боловч ямагт тэнгэрт харагдах мэдрэмж төрүүлдэг нь чухамдаа уран бүтээлчийн туурвилзүйн гайхамшиг гэлтэй. 


Хүүгээ элгэндээ энхрийлэн тэвэрсэн эх, хүү хоёрыг тус тусад нь төсөөлөхийн аргагүй бөгөөд хүүгээ хүмүүстэй уулзуулж буй Эх дагина орь ганцаараа алхаж яваа нь түүнийг хүлээж буй эмгэнэлт хувь заяаг зөгнөх мэт. Эл бүтээлийн утга учир нарийн ээдрээтэй хийгээд яагаад ч юм нөмөрч буй аюулыг үзэгчид зөнгөөрөө мэдэрдэг. Найдангууд Эх дагиныг магтан дуулж, зүүн талд нь хамба ламын алтан утсаар шаглан оёсон занч нөмөрсөн өвгөн Сикст хүндэтгэл үзүүлж ихэмсэг зогсохдоо титмээ авч буланд тавин духаа ил гарган үзэгчдийн өмнө сэтгэл нь догдолсоноос чичрэн дагжиж буй өвгөн мэт ажээ. Нөгөө талд Гэгээн Варвара өвдөглөн сууж хүндэтгэлтэй бөхийж буй нь энэ хоёр Эх дагинын эргэн тойрон битүү тойрог үүсгэсэн шиг санагдана. Үүгээр зургийн гол санаа болох бурхан олон түмэнтэй учран золгож байгааг тодотгож өгчээ.
Бүтээлд газар, тэнгэр, байгалийн зураглал, уран барилгын чимэглэл байхгүй. Дүрсүүдийн хоорондох бүх чөлөөтэй орон зайг доод хэсэгтээ илүү өтгөн хар, дээд хэсэгтээ илүү гэгээлэг туяа гэрэлтсэн үүлээр дүүргэж өгчээ. Өнгөц харахад эх, хүү хоёрын амар амгаланд заналхийлэх зүйл огт үгүй мэт боловч хувцасны нугалаас, чимэглэлд түгшүүрт сүүдэр бууж байна.

Эх дагинын хөл дор үүлс бөөгнөрч, хүрээлэн буй туяарал нь хуй салхи болох хувирах нь. Рафаэлийн эл бүтээлээрээ харуулсан гайхамшиг бол гэрэл сүүдрийн харьцаа, далд агууламжаар зургийг утга агуулгыг тодотгож өгсөнд оршдог. Далд чанад буй гэрэл нэг цацарч, нэг бүдгэрч буй нь аюул занал холгүй байгааг илтгэж байгаа юм. Тэр болзошгүй аюул бяцхан Христийн царайд тусгалаа олж түүний царай түгшүүр дүүрэн ажээ.

Зураач амьдралын хүнд хэцүү, ихээхэн гачаал зовлонтой үедээ эл зургийг туурвисан гэж үздэг. Тийм ч учраас гуниг харууслаа Христийн шашин дахь эрхэм дээд, төгс төгөлдөрийн идеал Эх дагина Мадоннагийн царайд шингээж өгчээ. Гэхдээ тэр гунигтай харагдахгүй. Тэр эрхэм дээд, төгс нэгэн учраас үлмэдэг мэдрэгдэх төдий. Ертөнцийн хүн төрөлхтний сайн сайхны төлөө тэнгэрийн хүүгээ элгэндээ тэврэн тэврэн, гуниг юугаа нуун байж эрхэмсэг, ихэмсэгээр танилцуулж байгаа нь энэрэн нигүүлсэх тэнгэрлэг сэтгэлийн чанар билээ. Эрхэм дээд чанарыг хүнлэг чанартай хослуулж Эх дагинын төгс төгөлдөр дүрийг бүтээсэнээрээ Рафаэль гавьяа байгуулсан юм. Бүтээл урлагийн төгс бүтээлээс гадна хүний сайн сайхан үйлсийн эрхэм дээд хэмжүүр болсоор бидний оюун ухаанд, гоо зүйд идеал болсоор ирсэн юм.    



 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • tsomoo
    dahij dursleh urlagiin bedeelel gargaj baigaarai6bayarlalaaaaaaaaaaaaaaaaa
    2012 оны 05 сарын 05 | Хариулах
  • tsomoo
    mash ih heregt medeelel baina
    2012 оны 05 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025