Сюррелизмын эцэг-гутрангуй хий мөрөөдөгч

Урлаг судлаач, шүүмжлэгчид эл зургийг амьдралд хууралт гэгч ямар аюултай зүйл болохыг мөнхөд сэрэмжлүүлсэн сургамжтай бүтээл хэмээн үздэг. Хэдийгээр бүтээл, ялангуяа төв хэсгийн билэгдэл нь ээдрээтэй, тэр хэрээр хэдэн зууны турш эрдэмтэн, судлаачдын дунд маргаан үүсгэж, төөрөгдүүлсэээр ирлээ. 20-р зууны урлагийн түүхчид гэхэд энэхүү гурамсан зургийн тухайд 2 хуваагдсан бөгөөд нэг хэсэг нь төвийн хэсгийн зураг ёс суртахууны анхааруулга, эсвэл алдагдсан диваажингийн дүр зураг гэж үздэг. Америкийн зохиолч Петр Бийгл зургийг “бэлгийн гаж донтонгуудын эротик, эмх замбараагүй байдал, төгс дур зоргоороо байдлаар дүүрсэн газрыг дүрсэлсэн бүтээл” хэмээн тодорхойлсон удаатай.
 
Хувийн амьдрал, намтар түүх нь төдийлөн тодорхой бус Нидерландын зураач Иероним Босхын бүтээл туурвилууд нь хүртэл санаанд багтамгүй, хачирхалтай тэр хэрээрээ олон зууны турш урлаг судлаачдын дунд маргаан, төөрөгдөл, хэдэн салаа домог мэт ярианы эзэн болсоор иржээ. Тэртээ дундад зууны үед зохиогдсон гэхэд итгэмээргүй олон гайхалтай зургуудын эзэн тэрээр 1450 онд төрж, 1516 онд нас барсан гэж судлаачид үздэг. Босхын тухай ямар нэгэн тэмдэглэл, захидал сэлт манай үед уламжлагдаж ирээгүй нь намтар нь бүрхэг үлдэхэд хүрчээ.


Гэхдээ тухайн үед зураач төрөлх Герцогенбосх хотынхоо нэрийг зургаараа дамжуулан дэлхийд цуурайтуулж, бүтээлүүд нь эрэлт ихтэй байснаас хуулбар хийх нь элбэг байв. Харин нас барсных нь дараа түүнийг ор тас мартаж, бүр хожим 19-р зууны хоёрдугаар хагаст л галерейнүүд Босхын зургуудыг агуулахаас гаргаж эргэн санав. Энэ нь урлагийн тавцанд сюрреализм өндөлзөж эхэлсэн үетэй давхацдаг бөгөөд дундад зуунд амьдарч байсан зураачийн бүтээлүүд 20-р зууны сюрреализмын мандан бадралтын үед эн зэрэгцэн амьдарч басхүү алдаршиж эхэлсэн юм. Учир нь түүний бүтээлүүд хэлбэр хийцийн хувьд реалист, сонгодог маягтай боловч дүр, дүрслэл бүхэн нь далд ёгт утга санаатай, гүн ухааны сэдэвтэй байсан сюрреалистуудын анхаарал, шохоорхлыг зүй ёсоор татаж, бишрүүлсэн хэрэг байлаа. Ер нь дундад зууны үеийн зураачдын хувьд бүх зүйл, үйл явдал нь билэгдлийн агуулгатай, бүгдийг Библийн судраас сэдэв авч, бүтээлээ түүгээр тайлдаг байв. Тухайлбал, “бурхны үг арслан лугаа хүчтэй” гэсэн ишлэлийг үндэслэн арсланг христос шашинтны итгэл үнэмшлийн бүхнийг дийлэх билэгдэл гэж үздэг тул Францад олонхи сүмийн нүүрэн талыг арслангийн дүрсээр чимж, Италид 13-14-р зууны барималчид арслангийн баримлыг сүмийн индрийн хажууд байрлуулдаг байжээ. Энэ талаараа дундад зууны үеийн бүтээлүүд сюрреалист уран зургийн “эцэг” нь байсан гэж болохоор.         
Зураач дундад зууны үеийн уламжлалт билэгдлээс гадна өнөө үед ойлгоход бэрх, өөр өвөрмөц билэгдлүүд шинээр хэрэглэдэг уран бүтээлч байж. Тэгэхдээ зарим билэгдлийг нийтээр хүлээн зөвшөөрсөн агуулгаас тэс өөр, эстрэг утгаар хэрэглэж байсныг чухам энэ бүтээлээс нь харж болдог. Тийм ч учраас түүнийг “аймшгийн хүндэт профессор”, “гутрангуй хий мөрөөдөгч” гэж дургүйцдэг байсан ч орчин үеийн сюрреалистууд түүнийг оюуны эцгээ, зөгнөгчөө хэмээн дээдэлдэг билээ.
Дурлалт хос эл хуль газар  уулзан учирч байна. Дээхэн талд нь нэгэн залуу том ууль шувуу тэвэрч. Нөгөө нэг залуу усан сангийн голд усан дотор тоглгойгоо уруу харуулан зогсож, алцайсан 2 хөлийнх нь хооронд шувууд үүрээ засчээ. Түүнээс холгүйхэн ягаан, хоосон алимнаас сэтгэлт бүсгүйтэйгээ хамт цухуйж байгаа залуу эргэн тойронд нь усанд хүзүүгээрээ татуулан зогсож байгаа хүмүүсийг  усан үзмийн цочирдмоор хонгорцогоор дайлж байх аж. Энэ бол түүний хамгийн алдартай “Хорвоогийн аз жаргалын цэцэрлэг” хэмээх бүтээл.
Хорвоогийн аз жаргалын цэцэрлэг
Босх амьдралынхаа турш хэд хэдэн гурамсан зураг зурснаас хамгийн алдартай нь энэ бүтээл бөгөөд зургийн эх хувь нь өвлөгдөж ирсэнгүй. Бүхэлдээ Ертөнцийн үүсэл гарал, хүний амьдралын мөчлөг, нүгэл хилэнцийн тухай өгүүлсэн гэж үздэг зургийг Библийн сударт Адам, Ева хоёроос хүн төрөлхтөн үүссэн гэж үздэг тэрхүү номлолыг иш үндэс болгон зуржээ. Шашин, фантаз буюу хийсвэр үзлийг хослуулан хачин гоё, сонин битүүлэг ёгт утга санааг өгүүлсэн зургийг тэрээр 1503 онд зуржээ. Зураачийн ертөнцийг үзэх өвөрмөц үзэл бодол бүрэн дүүрэн илэрсэн эл зургийг 16-р зуунд II Филипп хааны цуглуулгад байхад нь “Хорвоогийн олон дүр төрх”, 17-р зуунд “Нэрэлхүү зан ба алдар гавьяа” хэмээн янз янзаар нэрийдэж ирсэн түүхтэй. Гурамсан зургийн зүүн талд Диваажин, баруун талд Там, төв хэсэгт хорвоогийн амьдралын дүр төрхийг дүрсэлжээ. Таашаалын цэцэрлэгийн зүүн хэсэгт “Еваг бүтээсэн нь” үйл явдлыг дүрсэлсэн бөгөөд энэ хэсэг бүхэлдээ гэрэл гэгээтэй, солонго туяа татсан Диваажин байх бөгөөд ургамал амьтан дүүрэн Диваажинд Адам сэргэж, газраас өндийн Бурханы зааж байгаа зүгт Еваг гайхан ширтэнэ. Адам анх удаагаа эмэгтэй хүн рүү гайхан харж байгаа нь эр хүний нүгэл хийх анхны алхам, Адамын хавирганаас гаргаж авсан Ева нь эмэгтэй төдийгүй эрэгтэй хүнийг уруу татах хэрэгсэл гэж нэр урлаг судлаач Тольнай онцлон тэмдэглэсэн нь бий.

Төлөв төвшин, ямар ч нүгэлгүй эрэгтэй хүн болон нүглийн үрийг биедээ тээсэн /Библийн сударт ингэж гардаг/ эмэгтэй хүн хоорондын зөрчлийг тэднийг тойрон байгаа байгальд дүрсэлжээ. Хачин битүүлэг шаргал хадан дээрх өгөрсөн дал модыг цэцэглэж байгаа дал модтой сөөлжүүлэн байрлуулсан байна. Арслан буга зооглож буй бодон гахай хачин амьтныг элдэн хөөж байгаа нь амьтадын тайвуун амьдралд бараан сүүдэр тусгаж байна. Эд бүгдийн дээр Амьдралын эх сурвалж болох ургамал, тэнгисийн гантиган хадны эрлийз буюу жижигхэн арлын хар-хөх хад асган дээр байрлуулсан гот хэлбэрийн байгууламж цухуйж, зовлонгийн зөнч болох ууль шувуу багширалдан нисэлдэж байна.
Гурамсан зургийн төв хэсэгт том талбай дээр асар олон нүцгэн хүмүүс эзэгнэн буй “Хорвоогийн аз жаргалын цэцэрлэг” байх аж. Тэдгээр хүмүүсийн дунд эв хавгүй, хэлбэр дүрс , шувуу, загас, эрвээхэй, замаг, үлэмж хэмжээтэй жимс, цэцэгс байна. Энэ зураг янз бүрийн таашаал, янз бүрийн амьтад унаж яваа олон тооны хүмүүс, далавчтай загас хөлөглөн, далавч ашиглаж тэнгэрт сүлжилдэн нисэж яваа хүмүүс гэсэн 3 зохиомжтой юм. Байгалийн ийм дэлгэц дээр хосууд дотносон янаглахаас илүү жаргалтай зүйл үгүй мэт сэтгэгдэл төрнө. Хүмүүсийн амтархан идэж басхүү чимгэлэл зүүлт хийсэн интоор, гүзээлзгэнэ, усан үзэм тэргүүтэн нь тэнгэрлэг дурлалаас ангид нүглийн янаглалыг билэгддэг. Дурлалт хос дотор нь нуугдаж буй алим нь хэлбэрийн хувьд эмэгтэй хүний мээмийг санагдуулна. Тэгвэл шувуу нь тачаал завхарлын илэрхийлэл, загас нь барьж дийлдэшгүй тэмүүллийн билэгдэл, дун нь эмэгтэй хүний эхлэл ажээ.
Зургийн доод хэсэгт залуу эр том гүзээлзгэнэ тэвэрч байгаа учир гэвэл өрнөд европын урлагт гүзээлзгэнийг цэвэр ичимтгий зангийн илэрхийлэл гэж үзэхэд утга санаа илэрхий болно. Усан сан дотор байгаа интоор /сэрлийн билэг тэмдэг/ жимсийг урт хоншоороороо хатган авч байгаа хотон шувуу нь хачин жигтэй цэцгийн цоморлиг дотор сууж байгаа хүмүүсийг даажигнана. Хотон шувуу ойр дотны хүмүүсээ хайрлах хайрыг билэгддэг билээ. Товчхондоо Иероним Босх эл бүтээлдээ сэтгэл, оюун санааг гижигдэгч сэрлийн таашаал, хязгааргүй мөрөөдлийн ертөнцийг бүтээжээ. Зуун наст цэцэг хүний нүцгэн биед шигдэн, шүр хүний биеийг ороож, дун дурлалт хосыг олзлогсод болгон хувиргаж байна.
Тачаалын нуур дотроос сугаран гарч байгаа, шаргал хана нь талст мэт гялалзах гаж хурьцлын цамхаг дотор энхэрүүддээ хууртагдаж араараа тавиулсан эрчүүд эврүүдийн дунд унтаж байна. Дотор нь нууц амрагууд янаглаж буй саарал өнгөтэй шилэн огторгуйн дээр хавирган сар, ягаан гантиган эвэр хэлбэртэй титэм байна. Нүгэл үйлдсэн гурван хүнийг халхалж буй огторгуй, шилэн хонх нь аз жаргал, шил хоёр мөнхий бус гэдэг голландын үгийг санагдуулмой. Товчхондоо энэ хэсэгт жинхэнэ хайр сэтгэлээр буй зөвхөн ужид цэнгэлийн тул мансууран жаргаж буй эр, эм хүмүүсийг дүрслэхдээ эргэн тойрон дахь билэгдэл дүрснүүд, жишээ нь тун ч эмзэг, үлээхэд л хагачирхмаар бөмбөлөг, интоор жимс тэргүүтэн нь бүгд хуурамч сэтгэл, түүний нүгэл хилэнц ямар болохыг илтгэсэн мэт. Зургийн дараагийн анги нь Там билээ.    
Зургийн баруун хэсэгт байгаа Там нь шөнийн харанхуйг нэвтлэх гэрлийн цацраа, хачин жигтэй асар том хөгжмийн зэмсгүүдэд тамлагдаж буй нүгэлтнүүд бүхий харанхуй баргар түгшүүртэй орчин ажээ. Тамын төвд тайлбарлагч болох цав цагаан царайтай нимгэн уруулаараа зэвүүцэм инээмсэглэсэн, модны хоосон гол шиг хөлөөрөө хоёр усан хөлөг дээр тулсан чөтгөр байх аж. Чөтгөрийн бие нь өндөгний хагалсан хальс бөгөөд толгойдоо өмссөн бүрх малгайны хөвөө дээр нүглийн хорон бодол санаатай шуламнууд зугаалан бүжнэ. Тамын эзний эргэн тойронд нүгэлтнүүдийг шийтгэж байна. Нэг нүгэлтнийг босоо ятга хөгжмийн нарийхан утсаар нэвт хатган цовдолжээ. Хажууд нь өөр нэг нүгэлтний өгзөг дээр сийлсэн нотоор тамын найрал хөгжмийг удирдан тоглуулж буй час улаан биетэй шулам байна.
Өндөр зөөлөн сандал дээр идэмхий, ховдог хүмүүсийг шийтгэж байгаа шулам ихэмсэг заларчээ. Шувууных шиг жижигхэн толгойдоо тогоо угласан шулам хөлөө шар айраг дүүрэн домбо дотор дүрчихсэн, нүгэлтнүүдийг залгин шийтгэнэ. Хорвоо дэлхий Там болон хувирсан үед Там нь нүглийн 3 дахь үеийг төлөөлж байна. Урьд нь нүгэлд үйлчилж байсан эд зүйлс одоо шийтгэлийн зэвсэг болон хувирчээ. Нүглийн эдгээр эд зүйлс нь зүүдэнд харагдаж байгаа янаглалын билэгдлийн өвөрмөц утгыг давхар илэрхийлнэ. Тухайлбал энэ зураг дээр хэмжээгээр хүнээс том дүрсэлсэн туулай нь христосын шашинд оюун ухаан мөнх байх билэгдэл байдаг. Энэ зурагт эвэр тоглох зуураа нүгэлтний толгойг талын түүдэг гал руу дарж байна. Туулайны том дэлдэн чих нь зовлонг билэгдэнэ. Нэгэн лам модонд том түлхүүр бэхэлж байгаа нь ариун санваартнууд гэрлэж болохгүй гэсэн утгыг агуулжээ.
Таашаалын цэцэрлэгийн баатруудын үйлдэл нь манай үеийн дийлэнх хүмүүст ойлгомжгүй ч тухайн цаг үеийнхээ хүмүүст маш гүнзгий утга учир бүхий билэгдлийн учиртай байжээ. Нэг дүрд амьд болон үхсэн хүний амьтны шинжийг зүй бусаар шингэсэн нь айдас төрүүлэх боловч бас шохоорхол татан зугаацуулна.              
Товчхондоо энэ зураг хүний ертөнцийн амьдрал, мөчлөгийг дүрсэлсэн гүн ухааны утга агуулгатай, билэгдлийн дүр дүрслэл дүүрэн бүтээл юм. Гурамсан зургийн хавтсыг хаахад бөмбөрцөг хэлбэрийн саарал дэвсгэртэй дүрс харагддаг нь Бурхан бидний амьдарч буй цэнхэр гаригийг бүтээж байсан домгийг санагдуулна. Хүн ертөнцөд мэндлээд, газар дэлхий дээр амьдрахдаа хэрхэн нүгэл үйлдэж, түүнийхээ үрийг гуравдагч амьдрал болох хойд насандаа эдэлдэгийг ч харж болохоор. Энэ бүхнийг дүрслэхдээ шашны утга санааг фантази, уран сэтгэмжтэй хослуулсан нь бүтээлийг гайхалтай үнэ цэнэтэй болгожээ.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025