“Би баян болсон ч гэсэн би насан туршдаа ядуу хүн шиг амьдрах болно”.

Микеланжело.

Үргэлж хувцас, гуталтайгаа унтдаг байсан Италийн энэ өвөрмөц хосгүй авьяастан магадгүй дээрх үгнээсээ болж амьд ахуйдаа тэгтлээ алдаршаагүй биз.
“Тэр хэцүү аштай, бүдүүлэгдүү зан авиртай, итгэмээргүй хөөрхийлөлтэй ядуу зүдүү амьдрал туулсан, үр хойч, залгамжлагчаа үлдээх эрхээ хасуулсан уран бүтээлч юм. Магадгүй тэр оюун ухаангүй сэтгэлээрээ амьдардаг амьтанлаг хүн байсан гэмээр…”. Микеланжелогийн намтарч Paolo Giovio.
Хүн гэгч амьтанд заяасан атаач зан, эрх ямба, нэр алдарт дурлах зангүй “амьтанлаг” ааштай, бодь нэгэн байсан учраас 89 насалсан энэ суут сартваахи бурханы хүн төрөлхтөнд илгээсэн бэлэг байж, гайхалтай хосгүй бүтээлүүдээ үлдээсэн биз ээ.     
Ренессанс буюу Сэргэн мандалтын үе хүн төрөлхтний хувьд тэр дундаа урлагийн салбарт бурханаас элч тэнгэрээ харамгүй илгээсэн гэмээр он цагууд байв. Хүний биед л төрсөн болохоос оюун ухаан, сэтгэлгээ, авьяас чадварын хувьд нэг хүнд баймгүй оюуны 3 гигант чухам энэ үед төрсөн нь суут Леонардо Да Винчи, Рафаель, Микеланжело. Энэ гурван суутны бас нэг ижилсдэг тал нь гурвуулаа Христийн шашин, Библийн судар дахь үзэл баримтлалыг урлагаар дамжуулан магтан дуулж, алдаршуулсанаараа урлагийн талбар дахь Христийн сэдвийг юу ч үлдээлгүй урлагт илэрхийлсэн агуу гурван уран бүтээлчид гэгддэг. “Гранд сонгодог” булан өмнө нь Леонарда Да Винчийг хосгүй бүтээлтэй нь танд танилцуулсан. Харин энэ удаад хосгүй Микеланжелог онцолж байна.




Түүнд Микеланжелотой төстэй зүйл олон. Итали гаралтай, ренессансын оргил үеийн урлагийн түүхийг бичсэн, зураач, уран барималчаас гадна архитектурч, яруу найрагч, инженер. 1475 оны 3-р сарын 6-нд төрж 89 наслахдаа Микеланжело өөр хэнд ч ноогдоогүй хөшөө юугаа уран бүтээлээрээ бичиж үлдээсэн юм. Өөр ямар ч суутнаас илүү урт насалж, гайхамшигтай амьдрал туулсан тэрээр амьд сэрүүн ахуйдаа намтар түүхээ албан ёсоор хэвлүүлсэн барууны анхны уран бүтээлч болсон юм.
Флоренцийн жижигхэн банкны эзэн, хожмоо орон нутгийн шүүгчээр ажиллах болсон Микеланжелогийн эцэг нь бяцхан хүүгээ нэртэй багшид шавь оруулсанаар чанартай боловсрол эзэмших үүд хаалга нь нээгджээ. Түүх, шашин, гүн ухаан, тооцоолох ухаан гээд хүмүүнлэгийн шинжлэх ухаанд гүн нэвтэрсэн Микеланжело энэ хандлагаараа уран бүтээлүүддээ хандаж, гагцхүү төгс, гайхамшигтай бүхнийг бүтээж байлаа. Бүх цаг үеийн бүх төгс юмны дээд хэмжүүр, эр биеийн идеал гэгддэг “Давид”-аас авахуулаад олон гайхалтай бүтээлүүдээс нь Сикстиний сүмийн таазны зургийг дээжлэн танд хүргэхээр шийдлээ.
СИКСТИНИЙ СҮМИЙН ТААЗНЫ ЗУРАГ
30 настайдаа Микеланжело аль хэдийнэ алдаршчихсан байлаа. Магадгүй хамгийн алдартай 2 баримал болох “David”, “Pieta”-гаа бүтээчихсэн байх үе. 1505 онд түүний өрсөлдөгчид болох уран барималч Донато Браманте, Рафаэль нар хосгүй авьяастанд атаархаж Сикстиний сүмийн таазны зураг зурах ажлыг Микеланжелод даатгахыг тухайн үед дөнгөж сэнтийдээ залраад байсан II Юлий хамба ламд санал болгож ятгаж дөнгөлөө. Атаархуу өрсөлдөгчид нь түүнийг ханын зураг бүтээж дийлэхгүй хэмээн бодож алдар нэрийг нь гутааж, замаасаа бүрмөсөн зайлуулна хэмээн тооцоолсон хэрэг. Браманте өрсөлдөгчөө хорлох санаатай шат хийж өгөөгүйн улмаас бараг тааз шүргэм тавцан хийж түүн дээр дээшээ харж хэвтэн 5 жилийг үдэхдээ Микеланжело хүн рүү эгцлэн харж чадахгүйд хүртлээ бие, сэтгэл, оюуныхаа хүчийг шавхаж бүтээсэн юм. Тиймдээ ч өнөөг хүртэл хүн төрөлхтний түүхэн дэхь давтагдашгүй уран нарийн хийцтэй, хосгүй үнэтэй бүтээл гэгдсээр байгаа билээ.    

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025