НОЙРСОЖ БУЙ САЙХАН ВЕНЕРА

“Гранд сонгодог” булан дэлхийн шилдэг уран зургийн дээжсээс цувралаар хүргэж байгаа. Тэгэхдээ он цагийн дарааллаар хүргэж байгаа учраас энэ удаад мөн л дурлал хайрын бурхан Венерагийн бас нэг хувилбар зураг сонгогдлоо. Мэдээж урлаг, гоо сайхны эх орон Италийн Сэргэн мандалтын үед энэ бүтээл хамрагдах бөгөөд хувийн намтар түүх нь тун ч бүдэг бадаг Жоржоне хэмээх суут зураачийн туурвил юм. Ер нь хүн төрөлхтний оюун ухаан сэргэн мандсан тэртээ 15, 16-р зууны үед шашин, билэгдлийн чанартай баатрууд олон байсан нь цаг үеийн тусгал гэлтэй. Тухайлбал ялалтын бурхан Ника, худалдааны бурхан Гермэс, дайны бурхан Зевс харин дурлал хайрынх нь Венера гэх мэтээр бүгд билэгдсэн бурхадтай. Тиймдээ ч энэ үеийн урлагт Венера чухал байр суурь эзэлдэг. Жоржонегийн энэ бүтээлийн тухайд нүцгэн эмэгтэйг бараг анх удаагаа зоригтой дүрсэлсэн Венера сэдэвт бүтээл гэдгээрээ онцлог учраас дээжлэн сонголоо.   

Жинхэнэ нэр нь Жоржо Барбарелли да Кастельфранког нэгэн цагт амьдарч байсан урлаг таашаагчид, судлаачид суут гэдгийг нь баталдаг болохоос үнэндээ ренессансын үеийн уран бүтээлчдээс хамгийн бага судлагдсан намтартай хамгийн нууцлаг, ер бусын зураач гэгддэг. Ямартаа л энэхүү “Нойрсож буй сайхан Венера”-г 17-р зуунд Сассофероато хэмээх зураач бүтээсэн түүнээс нь Тициан хуулбарласан гэж үзэж байсан удаатай.


 

    XVI-р зууны эхэн үед дурлал, гоо сайхны бурхан Венера эм бурханыг уран зурагт дүрслэх явдал Италийн урлагт төдийлөн түгээмэл биш байв. Сэдэв нь хэдийгээр иргэний шинж чанартай ч шашны сэдэвтэй зууралдсаар, эмэгтэй хүнийг нүцгэн зурах нь ховор байлаа. Харин 15-р зууны сүүлчээр Сандро Боттичелли “Сайхан Венера мэндэлсэн нь” бүтээлдээ бараг үе мөчгүй мэт танхил галбиртай, өтгөн алтан шаргал үстэй Венераг дүрслэхдээ эртний домгийг хүмүүний тачаангуй хайр дурлалтай тун ч чадамгай эвлэг хослуулж, ингэснээрээ эмэгтэй хүний биеийг нүцгэнээр гаргахаас эмээдэг дундад зуун дуусгавар болж байгааг тунхаглаж чадсан юм. Бүтээлийг язгууртан Марчеллогийн гэр бүлд зориулан бүтээсэн бөгөөд бүсгүй гоо сайхны талаар тухайн үедээ л огт өөр төсөөллийг дэвшүүлэн цэвэр ариун, тэнгэрлэг сайхнаар дүрсэлсэнийг бид харж байна.

 


    Байгалийн дэлгэц дээр нүцгэн эмэгтэйг дүрсэлсэн явдал элбэг ч нойрсож байгаа байдлаар хэн ч урьд өмнө нь зурж байсангүй. Сайн сайхныг бясалгаж, тэнгэрлэг эхлэлтэй уусан нийлж байгааг бие бялдарын болон оюун санааны амралт гэж үздэг “нойрны онол”-ыг 16-р зууны хүмүүнлэг үзэлтнүүд, шинэ платончууд нээж хөгжүүлж байсан байдаг. Зурагт эм бурхан ертөнцийн эр, эм бүх хүний нэгэн адил чармай нүцгэн гоолиг сайхан биеэ ил гарган задгай тэнгэрийн дор, үзэмж цогцолсон байгалийн дунд бие сэтгэлаа амраан амгалан нойрсож буй нь цаагуураа хүн гэдэг байгаль эхийн бүтээл, нүцгэн ирээд тэр хэвээр буцдаг гэдгийг илтгэх мэт.

    Дүрслэх талаасаа төгс хэлбэр, цэвэр цэмцгэр шугам, бүсгүй ялдам биеийг бийр сэлтээр зурахдаа гараа хүргэж илээд авмаар энхрий, зөөлөн бүтээсэн нь Жоржонегоос өмнө Италийн дүрслэх урлагт хэн ч бүтээж байгаагүй гэж үздэг ажээ. Налуу дэнжийн тууш шугам алсад үргэлжилж, жаргаж буй нарны туяа тэнгэрт тогтуун байгаа үүлийг алтархаг өнгөөр будаж нарны зөөлөн шаргал гэрэл Венерагийн алтархаг шаргал үсэнд шингэж өтгөрөх мэт харагдана. Энэ бол уран нарийн мэдрэмжтэй, онгод авьяастайн дээр эмэгтэй хүний талаар өөр, дэвшилтэт үзэлтэй, тэдэнд хүндэтгэлтэй сэтгэлээр ханддаг хүнээс гарах дүрслэл юм.       
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • нууц
    их хэрэг болло баярлалаа
    2012 оны 05 сарын 07 | Хариулах
  • дээгий
    сайхан юмаа та нар сайн байна шүү улам сайхан зургуудыг тайлбарлаарай
    2012 оны 04 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025