
УИХ дахь МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн нийлж фракц байгуулах бодолтой байгаа аж. Тэдний нэг нь Д.Тэрбишдагва. Албан ёсоор бичиг хийгээд гар хөлийн үсэг зурж, нийтэд зарлаагүй ч гэсэн энэ талаар яригдаж байгаа нь тодорхой болсон. Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар намын эв нэгдлийг анхаарах, Оюутолгойн гэрээг сайжруулах, онц их хурал зарлуулах зэрэг хэд хэдэн шаардлага тавьсан бичиг Намын даргадаа болон Ерөнхий сайдад хүргүүлж байсан удаатай. Гэвч доривтой шийдэлд хүрээгүй учраас энэ талаар дахин хариу нэхэх бодолтой байгаагаа ч хэлж байсан. Магадгүй фракц байгуулах гэж байгаа нь үүнтэй холбоотой байж болох юм. Тусдаа эв нэгдлийг байгуулахын тулд юм л даа.Түүнээс гадна Д.Тэрбишдагва гишүүний энэ үйлдэл нь Н.Энхбаяртай ч холбоотой байх хардлага төрүүлж буй. Учир нь тэрээр Н.Энхбаяр даргын талаар нааштай ханддаг цөөхөн хэдэн гишүүдийн нэг. Дээрх шаардлагадаа ч “Н.Энхбаярыг буланд шахах биш намынхаа эв нэгдлийг бодоод ойлголцооч” гэсэн санал тавьж байсан. МАХН гуравдагч хүчин болсон гэдгийг ч тэр хүлээн зөвшөөрдөг. “Сөрөг хүчнээ урьж өвөртөө оруулаад хамтарч засгаа бариад болоод байсан юм чинь нэгэн зорилгын төлөө зүтгэж явсан хүмүүс ойлголцож болмоор. Тэгээд ч Н.Энхбаяр тэтгэвэртээ гарах болоогүй 50 дөнгөж гарч байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 70 гарчихаад явж л байна шүү дээ. Ингэж боорлуулж байхад нь би бодит байдлыг хэлчихье. Тэглээ гээд намайг Энхбаярын хүн гэнэ үү, эсэргүү гэнэ үү хамаагүй. Энэ хүн Монголд хэрэгтэй. Төрийн гурван өндөрлөгийн албан тушаалыг хашиж сайн муугаар бишгүй хэлүүлж хат суусан хүн.” хэмээн нэгэнтээ ам алдсан.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна