Цаг үе бүхэн өөр өөрийн баатруудтай байдаг. Харин Леонардо Да Винчийн хувьд ямар нэг үечлэлд хамаарагдахгүй, бүх цаг үеийн №1 суутан гэж хүлээн зөвшөөрөгддөг. Манай гаригийн хүн бүр түүний домогт “Мона Лиза”-г танина, “Нууцат үдэш”-ийг нь ядахдаа л гадарлана. Тэр зөвхөн зураач төдийгүй зохион бүтээгч, зөгнөгч, хөгжимчин, хөгжмийн зохиолч, уран барилгач, инженер, химич, физикч, хэл шинжээч, загвар зохион бүтээгч бүр дуучин, сэлэмчин гээд нэг хүнд ахадам гэж хэлэхэд ч багадмаар оюуны том зүтгэлтэн байв. 300 жилийн дараа бүтээгдэх далан, 500 жилийн дараа зохиогдох нисэх онгоцыг төсөөлж байсан нь Да Винчийг харь гаригийн хүн гэсэн таамаглалд хүртэл хүргээд авсан.
Уг гарлын тухайд Итали, тэр дундаа дундад зууны үеийн зугаа цэнгэл, хайр дурлалын хот гэгдэж байсан Флоренцид төрсөн түүний эцэг нь хотын нэр нөлөө бүхий газрын эзэн, хуульч, харин эх нь баян эрийн цаг зуурын зугаа болсон эгэл жирийн тариачин эмэгтэй. Хар багаасаа төрсөн эхээсээ амьдаар хагацаж хэд хэдэн хойд эхийн гар харсан ч тэр хөндлөнгийн хэн нэгний хайр халамж шаардахгүйгээр бие даан өссөн юм. Зөвхөн оюуны төдийгүй биеийн хөгжлийн тухайд үеийнхнээсээ хол илүү байсан тэрээр хувь хүний тухайд сэтгэлийн хөөрөл, хөдөлгөөнгүй, хэтрүүлж хэлэхэд цэвдэг хүйтэн гэмээр нэгэн байсан гэдэг. Хайрлаж дурлах, үзэн ядах эсвэл баярлаж, уурлах зэрэг хүнд байдаг мэдрэмжүүд түүнд тун ховор байсныг онцлохгүй өнгөрч чадсангүй. Уг нь энэ суутны талаар хэдэн зуун дамнан хэлж, бичиж ирсэн учраас зөвхөн “Нууцат үдшийн зоог” бүтээлийг нь онцолъё гэж байсан боловч үнэхээр сонирхолтой зүйлсийг нь бичихээс төвдсөнгүй.
Түүнтэй холбоотой бас нэг сонирхолтой баримт бол Да Винчи далдыг харах чадвартай байв. 1494 онд бичиж эхэлсэн “Зөгнөл” бүтээлд нь өнөөгийн бодит байдал болсон олон зүйлийг зөгнөсөн байдаг нь хачирхам. “Хүмүүс хөдөлж явах ч хөдөлгөөнгүй зогсоод дэргэдээ байхгүй хүмүүстэй ярьж, ярихгүй байгаа хүмүүсийг тод сонсох болно”, “Хүмүүс байрнаасаа огт хөдлөлгүйгээр агшин зуурт дэлхийн өнцөг булан бүрт таран одоцгоох болно” гэсэн нь утсан харилцаа холбоо, телевизийг хагас мянганы өмнө зөгнөн хэлсэн байх жишээтэй. Тэр үнэхээр харь гаригаас манай ертөнцөд тусгай даалгавартай ирсэн түр зуурын зочин, бурханы бэлэг байсан гэлтэй.
Одоо үед шашингүйн үзлийнхнийг ад зэтгэртэй холбон тайлбарладаг. Шашингүйн үзлийнхний уг гарвалыг хайвал байгальд шүтсэн шашны урсгал юм. Орчин үед Сатаны билэгдэл, чөтгөрийн тэмдэг хэмээн тайлбарладаг таван хошуу угтаа байгальд шүтсэн шашны урсгалынхны билэгдэл. Энэ урсгал ертөнцийг бүхэлд нь 2 хэсэгт хуваадаг. Эр ба эм тал. Арга билэг гэсэн үг. Арга билэг тэнцвэржсэн үед дэлхий ертөнцөд амар амгалан ноёлж тэнцвэр алдагдахад эмх замбараагүй байдал үүсдэг гэж итгэдэг. Энэ санаа Да Винчийн “Харьцаа” буюу Vitrurian Man хэмээх бүтээлд тод тусгалаа олсон бөгөөд энэ бүтээл “Да Винчийн код” зохиолын нэг гол баатар юм.
“Нууцат Үдэш” ба
Да Винчийн код
Энэ бол Леонардо Да Винчийн “Жоконда”-гаас дутахгүйгээр барахгүй агуулга, ур хийц, даацын тухайд хол илүү бүтээл гэхэд хилсдэхгүй. Милан хотын хөл хөдөлгөөн багатай нарийн гудамжинд орших зоогийн танхимд энэхүү алдарт ханын зургийг суут сартваахи сэтгэл, оюунаа чилээн чамгүй хугацаа заран бүтээсэн юм. Түүхэн хугацааны явцад багагүй элж, хоргодсон энэ бүтээл төрөх түүхэн болон хувийн олон шалтаг, шалтгаан байсан.
Милан хотын захирагч Людовико Моро гүн завхай явдлаараа зартай, журамт залуу гэргий Беатричиг араар нь тавьдаг ч ухаангүй хайртай нэгэн байв. Гэтэл эхнэр нь гэнэт өөд болж, харуусаж цөхөрсөн гүн хүүхдүүдээ ч харахыг хүсэлгүй 15 хоног ганцаараа байсны эцэст зовлон гашуудлаа Да Винчитэй хуваалцлаа. Энэ эмгэнэлийн нөлөөгөөр “Нууц үдшийн зоог” бүтээгдсэн гэж үздэг.
Бүтээлийн сэдэв нь “Библи”, тодруулах юм бол Есүсийн 12 найдан. Христос дагалдагч нартаа хандаж “Би та нарт хандаж ганц үнэнийг хэлье, та нарын нэг нь надаас урвана” гэж өгүүлдэг хэсгийг зориуд авсан гэдэг. Хүмүүс хоорондын харилцааны хамгийн эгзэгтэй агшин, эмгэнэлийг илэрэхийлж буй энэ үг найдангуудын зүрхийг зүсэж зарим нь мэл гайхаж нөгөө нь дургүйцэж гурав дахь нь харамсана. Өөрийгөө золиослоход ямагт бэлхэн залуу Филипп Христ рүү бөхийж, Иаков мэл гайхаж гараа алдална. Урвагчийг шийтгэхээр Петр хутгаа шүүрнэ. Иуда баруун гараараа ёрын мөнгө бүхий түрийвчээ базна. Энэ бүтээл дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд анх удаа хүмүүсийн сэтгэл санааны байдлыг гайхам тод сайхан дүрсэлсэн гэгддэг билээ. Ханын зургийг харахад үнэхээр бодитой юм шиг, ширээний бүтээлгийн хуниас хүртэл жинхэнэ юм шиг харагддагт энэ бүтээлийн уран бүтээл талын үнэ цэнэ оршино.
Өөр нэг үнэ цэнэ нь энэ бүтээлийн цаадах ёгт битүү утга санаа юм. Дэлхийн бестселлэр Дэн Брауны “Да Винчийн код” романд энэ тухай маш тод томруун өгүүлсэн байдаг билээ. Дээрх тайлбар бол нийтлэг, албан ёсны тайлбар бол одоо хүргэх нь сүүлд гаргаж тавьсан хувилбар юм.
Европын маш нууц бүлэглэлийн нэг болох Сионий Прайори нь 1099 онд байгуулагдсан бодит түүхэн бүлэглэл юм. 1975 онд Францын Үндэсний төв номын сангаас Дес Доссиерсийн нууц хэмээх нэртэй баримтыг олоход тэнд Сионий Прайори бүлэглэлийн гишүүдийн дотор Исаак Ньютон, Сандра Ботичелли, Виктор Хюго, Леонардо Да Винчи зэрэг алдартнуудын нэрс бичигдсэн байжээ.
Номонд бичигдсэн уран зураг, уран барилга, түүхэн баримт болон нууцын зэрэглэлийн талаархи тайлбарууд бүгд үнэн бөгөөд алдаа мадаггүй болно хэмээн номын эхэнд албан ёсоор дурдсан байдаг.
Прайорийн гол үзэл баримтлал бол эртний Христийн сүмийн хүчирхэг, нөлөө бүхий эрчүүд эмэгтэй хүний нэр хүндийг уландаа гишгэж, эрэгтэй хүнийг тахин шүтэх үзлийг дэлхий даяар нэвтрүүлж “хууран мэхлэлт” хийсэн гэдэгт итгэдэг. Энэ ертөнцийн үүсэл гарлын эх үндэс болсон эмэгтэй хүн, Дарь эхийг шүтдэг байсан үе “хууран мэхлэгчдийн” үрээр дуусгавар болж бүх зүйл орвонгоороо эргэж эх дэлхий эрчүүдийн ертөнц болж эцгийн эрхэт ёс 2000 гаруй жил ноёлжээ. Үүнийг Сионий Прайори бүлгийнхэн буюу Леонардо Да Винчи тэргүүтэн амьдралын зохистой харьцаа алдагдаж байна хэмээн тайлбарлаад үүний илрэл нь хүйтэн зэвсгийн дайн, эмх замбараагүй нийгэм, эх дэлхийгээ үл хайрлах үзэл зэргээр илрэн гарч байна гэж үздэг.
Леонардо Да Винчи энэ бүлэглэлийн гишүүн төдийгүй нэг үеийнх нь тэргүүн байсан байна. Тийм ч учраас “Мона Лиза”-гаас авахуулаад “Харьцаа”, “Нууц үдшийн зоог” зэрэг бүтээлүүддээ ертөнцийн эхлэл болсон бүсгүй хүнийг тахин шүтэх ёстой гэх үзлийг далд ёгт утгаар илэрхийлдэг байжээ. Тухайлбал “Нууц үдшийн зоог” бүтээлд дүрслэгдсэн 12 найдан бүгд эрэгтэй хүн гэж харагддаг боловч нарийн харвал Есүсийн дэргэд сууж буй нь эмэгтэй хүн, бүр тодруулбал түүний гэргий Мэри Магдалин, хутга шүүрч буй нь хожмоо Есүсийн сүмийг босгосон Гэгээн Петр юм. Угтаа бол Есүсийн хойч үеийг залгамжилж, сүмийг барих зааврыг Есүс Петрт биш Мэри Магдалинд өгсөн гэж үздэг.
Түүхэнд биеэ үнэлэгч мэтээр дүрслэгддэг Мэри Магдалин үнэн хэрэгтээ Есүсийн хайртай эмэгтэй, дотны дагалдагч байсан төдийгүй язгууртан гаралтай бүсгүй байж.
Есүсийг цовдлогдох үед Магдалин бие давхар байсан бөгөөд хэвлий дэхь хүүхдээ аварч гарахын тулд бүсгүй Ариун газар буюу Иерусалимыг орхиж авга ах Иосифын тусламжтайгаар Франц руу дүрвэж тэндээ еврей айлд амьдрах болжээ. Сионий Прайори бүлэглэл чухамдаа Мэри Магдалиныг Есүсийн удам угсааг залгуулагч гэдгийг нотлох гэж одоог хүртэл Дарь эх, Ариун Грейл, Сарнай, Тэнгэр ээж хэмээн бишрэн шүтсээр иржээ.
Өрнийн соёл, түүхэнд Бурханы аяга, Есүсийн цус бүхий аяга гэх утгаар ойлгогдож ирсэн Ариун Грейл буюу Sang Real нь язгууртны удмын цус гэсэн утгатай үг бөгөөд Ариун Грейлийн үнэн түүхийг Леонардо Да Винчи “Нууцат үдэш” бүтээлдээ зурж үлдээсэн гэдэг. Зурганд дүрслэгдсэн ганц аяга буюу Грейл нь эмэгтэй хүний билэгдэл дүрс буюу дээшээ харсан гурвалжин V хэлбэрийн дүрс. Энэ аяга нь шингэн агуулах сав гэсэн утгатайгаар бидний толгойд буудаг ч хамгийн чухал нь эмэгтэй хүний умайг илтгэдэг. Энэ дүрс бол эм хүйс, эмэгтэйлэг чанар, үр тогтолт гэсэн ойлголтыг дотроо агуулдаг төдийгүй нарийн ярьвал Аруин Грейлийн аяга гэж түүхэн эх сурвалжид үлдсэн энэ дүрс эмэгтэй хүн тэр дундаа Мэри Магдалиныг илэрхийлдэг байна.
Зургийг нягталж харвал Есүс Магдалин 2 толины тусгал мэт өнгө солбиулж хувцсаа өмссөн байдаг. Есүс улаан өмсгөл, хөх нөмрөгтэй, Магдалин хөх өмсгөл, улаан нөмрөгтэй байгаа нь арга билгийг илтгэнэ. Илүү гүнзгий харвал тэр хоёрын сууж буй зайд эмэгтэй хүний билэгдэл дүрс буюу V үсэг харагдах бөгөөд тэр зайг ойртуулж хосуудын байрыг солих юм бол бие биеэ түшиж суусан байдалтай болдог.
Юутай ч энэ бол итгэхгүй байхын аргагүй адал явдал, гайхалтай нарийн логик бүхий гүн гүнзгий утга агуулгатай баримт факт, бүтээл юм. Нэг талаас үлгэр мэт боловч нөгөө талаас ийм үлгэрийг цаг үе өөрөө бүтээхээс бус хэдий өндөр түвшнийх ч гэлээ хүний оюун ухаан лав хэлхэж чадамгүй санагдана.
Энэ мэтээр “Да Винчийн код” зохиолд Фи тоо, төгс тоо, Фибоначийн дараалал, байгалийн алтан харьцаа гээд үнэхээр итгэж, бишрэхгүй байхын аргагүй өрнийн шавхагдашгүй сэтгэлгээний билэгдэл, ёгт утга санаа гээд нууц гайхам зүйлс эхнээс төгсгөл хүртлээ хөвөрдөг билээ. Үүнд итгэх нэг нь байхад илүүдсэн фантази, хэт феминист суртал ухуулга гэж үзэх нэгэн ч бий. Юутай ч Леонардо Да Винчи, “Нууцат үдэш”, Дэн Браун, “Да Винчийн код” бүгдээрээ уудалж, уншиж баршгүй, биширч ханашгүй гайхамшигт сэтгэлгээ юм.
Энэ бол эрэгтэй хүнийг билэгдэсэн дүрс. Өөрөөр хэлбэл эр бэлэг эрхтэнг билэгдэж байгаа юм. Энэ дүрс сумны зэвийг билэгддэг бөгөөд эрэгтэй хүний дайчин түрэмгий байдлыг илтгэдэг. Одоо ч зарим хүчний байгууллагууд энэ дүрсийг ашиглан тушаал зэргээ тодорхойлдог. “Олон бэлэг эрхтнийг мөрөндөө зүүсэн бол өндөр тушаалтай гэсэн үг”.
энэ бол эмэгтэй хүйсийн билэгдэл. Эмэгтэй хүний умай, эм хүйс, эмэгтэйлэг чанар, үр тогтоолт гэсэн ойлголтыг агуулдаг.
Леонардо Да Винчи зургуудаа далдлах арга барилаар зурдаг байсан бөгөөд бүгд ёгт утга санаа агуулдаг. Хүний биеийн бүтцийн харьцааг түүнээс илүү ойлгосон хүн үгүй гэгддэг. Хүний ясны бүтцийг судлахын тулд цогцос задалж эцэст нь бие махбодь бол нарийн тогтолцооноос бүтсэн тэр тусмаа Фи тоо агуулсан гэдгийг хүн төрөлхтөнд нээн харуулсан гэгддэг.
Урлагийн ертөнц дэхь нэр хүнд нь нууц инээмсэглэлд нь оршдог “Мона Лиза”-гаа суут зураач байнга биедээ авч явдаг байсан төдийгүй өөрийн авьяас чадварыг дээд зэргээр шингэсэн бүтээл гэж ярьдаг байж. “Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илэрхийлсэн энэ зүйлийг биенээсээ салгаж үнэхээр чадахгүй байна” хэмээн ярьдаг байжээ.
Ямартаа ч энэ бүхнээс харахад энэ гариг дээр хоорондоо уялдаа холбоо, утга учиргүй нэг ч зүйл байдаггүй, бүх зүйл билэгдлийн язгуур чанартай байдгийг олж харж болохоор. Нөгөөтэйгүүр сонгодог бүтээл гэдэг үзэгдэж харагдах байдлын гоо сайхнаас гадна агуулга, илэрхийлэмжийн гүн, далд сэтгэлгээний ертөнц байж гэмээнэ мянга мянган жил өнгөрөх тусам үнэ цэнэ нь тодордог болохыг батлах мэт.
Сэтгэгдэл байхгүй байна